Олон улсын жүдо бөхийн холбооноос цуврал тэмцээнээ Унгарын Будапешт хотноо болох “Их дуулга”-аар эхлүүлж байна. Энэ сарын 23-нд эхлэх тус тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Хорлоодой, Г.Алтанбагана, Г.Наранцэцэг, О.Цэцэнцэнгэл тэргүүтэй 26 залуу жүдоч дасгалжуулагч М.Бундмаа, Б.Батгэрэл нарын удирдлага дор оролцохоор тусгай үүргийн онгоцоор Будапештыг зорилоо. Үүнээс гадна манай жүдочдын бүрэлдэхүүнд монгол иргэншилтэй иран бөх Саид Моллаей барилдахаар мэдүүлэг өгсөн байна. Европт коронавирусийн цар тахал дахин идэвхэжсэн ч зохион байгуулагчид халдвараас урьдчилан сэргийлэх дээд зэргийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тухайлбал, зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал зэргийг бүрэн тусгаарлалтад байлгах бөгөөд тогтоосон дэглэмийг зөрчвөл “Их дуулга”-д оролцуулахгүй гэнэ. Гурав хоногийн дараа эхлэх тэмцээнд 76 орны 540 орчим жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд барилдана. Тэмцээнийг цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулах бөгөөд хүмүүсийг онлайнаар үзэхийг уриалжээ. Будапештын “Их дуулга” нь ирэх онд Токиод болох олимпын эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин