sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аварга баг лхагва/2020.10.28/  гарагт Спортын төв ордонд тодорлоо.
Цар тахлын улмаас олон сар завсарласан 26 жилийн түүхтэй “Дээд лиг” эргэн үргэлжилж шилдгүүдээ ийнхүү шалгаруулсан юм.
Аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолтын өмнө хүрэл медалийн эздийг тодруулах тоглолт болсон юм. Өнгөрсөн жилийн хүрэл медалийн эзэд Ш.Сэдбазар дасгалжуулагчийн Хан-Уул Хангарьд багийн эсрэг анхны улирлаа өнгөрүүлж буй О.Баярцогт дасгалжуулагчийн 23 Storms баг тоглов. Тоглолтын эхнээс л Хан-Уул Хангарьд баг ээлж дараалан гурван онооны шидэлтүүдээ амжилттай гүйцэтгэж, онооны зөрүү үүсгэсэн. Энэ өдөр Хангарьд багаас Т.Билгүүн 32 оноо авч багийн нөхдөө тэргүүлсэн. Мөн түүнд А.Ган-Эрдэнэ хэмээх энэ жил 18 настай залуу тоглогч 23 оноо авч тус хүргэжээ.
 
 
Мөн лигийн шилдэг шидэгчдийн нэг С.Золжаргал 18 оноо, Б.Билгүүн 15 оноо тус бүр авч багаа хүрэл медаль хүртэхэд чухал үүргийг гүйцэтгэв. Харин аварга авах зорилготой бүрэлдсэн, хүчирхэг бүрэлдэхүүнтэй 23 Storms баг тоглолтын эхнээс л багаараа алдаа гаргаж байв. Гэсэн хэдий ч Г.Баттөр гайхалтай тоглолтоо үзүүлсээр 35 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн. Түүнд А.Тамир, Т.Их-Уул, Д.Мөнхтүвшин, Д.Дөлгөөнмөрөн нар тус бүр 10-аас дээш оноо авч дэм болов.
Тоглолт дөрвөн үеийн турш ойрхон онооны зөрүүтэй, өрсөлдөөнтэй явагдаж байсан бөгөөд дөрөвдүгээр үед А.Ган-Эрдэнэ багтаа хэрэгтэй оноонуудыг авчирч байлаа. Тоглолтын тэнцүүлж, хожих боломж 23 Storms багт байсан боловч тэд ашиглаж чадалгүй Хан-Уул Хангарьд  багт 94:101-ээр хожигдов. Ийнхүү Хан-Уул Хангарьд баг хоёр улирал дараалан хүрэл медалийн эзэд болж байна.
 
 
 
Энэ шийдвэрлэх тоглолтод SBL Хасын Хүлэгүүд баг оноогоор тэргүүлж, Алдар Танан Гарьд араас нь нэхсэн бөгөөд дөрөвдүгээр үеийн эхлэл хүртэл SBL Хасын Хүлэгүүд баг тэргүүлсэн ч шийдвэрлэх үед О.Эрдэнэцогт, П.Болортулга нарын зүтгэлээр SBL Хасын Хүлэгүүд багийг 77:81 Алдар Танан Гарьд баг хожиж, хоёр жил дараалан ялсан амжилтаар “Дээд лиг”-ийн аварга боллоо.
 
 
 
Багийн ахлагч Б.Билгүүн болон Т.Мэндбаяр нар багаа сэргээж, оноогоо ахиулж байлаа. Лигийн шилдэг мэргэн буучдын нэг З.Доржсүрэн энэ цувралын турш муу шидэж байсан юм. Харин түүний хийх ёстой шидэлтүүдийг Э.Ариунболд амжилттай гүйцэтгэж байв. Тоглолтын төгсгөлд Алдар Танан Гарьд багийн хамгаалалт бүрэн утгаараа ажиллаж, өрсөлдөгч нь довтолгоогоо гүйцэтгэж чадалгүй бөмбөг алдалт гаргасаар байлаа. Ч.Ижилболд дасгалжуулагчийн залуус сайн тоглож байв. Тоглолтын төгсгөлд Алдар Танан Гарьд багийн хамгаалалт бүрэн утгаараа ажиллаж, өрсөлдөгч нь довтолгоогоо гүйцэтгэж чадалгүй бөмбөг алдаж байв.
 
 
Г.Билгүүн, М.Тэлмэн, Б.Мөнхболд, А.Тэмүүжин, П.Болортулга, О.Ууганбаяр, Б.Болдбаатар, О.Эрдэнэцогт нарын Монголын сагсан бөмбөгийн шилдэг тоглогчид гайхалтай баг болснаа хоёр жил дараалан нотлов. Мөн SBL Хасын Хүлэгүүд багийн хувьд ч шигшээ цувралд шалгарсан нь гайхалтай юм. Багийн ахлагч Б.Билгүүний хувьд мөр, бугуйндаа гэмтэлтэй ч талбайд хамгийн их минутыг өнгөрүүлж байв.
 
 
SBL Хасын Хүлэгүүд баг "Дээд лиг"-ийн таван түрүүтэй бол Алдар Танан Гарьд баг хошой аварга боллоо. Алдар Танан Гарьд баг аварга багийн мөнгөн шагналыг багийн гишүүн Нямбаярын хүндээр өвдсөн аавын эмчилгээний зардалд хандивлахаар болсон байна.
2019-2020 оны “Дээд лиг”-ийн шилдгүүд: "Оны шилдэг дасгалжуулагч"-аар SBL Хасын Хүлэгүүд багийн тоглогч Д.Пүрэвдорж шалгарсан. Харин “Шилдэг амжилт нь ахисан тоглогч”-оор Багануур Тулнууд багийн тоглогч Г.Насанжаргал 22 оноо, 5.8 самбараас бөмбөг авалт, 4.4 ашигтай дамжуулалт, 2.8 бөмбөг таслалт дунджилсан үзүүлэлтээрээ тодорсон.
“Шилдэг зургаадахь тоглогч”-оор Алдар Танан Гарьд багийн тоглогч Б.Мөнхболд улиралд 8.7 оноо, 2.2 самбараас бөмбөг авалт, плей-оффт 9.7 оноо, дөрвөн самбар дунджилсан үзүүлэлтээр шалгарсан.
 
 
 
 
 
“Шилдэг хамгаалан тоглогч”-оор Эрдэнэтийн Уурхайчид багийн тоглогч О.Очирбат 15.3 оноо, 14.9 самбараас бөмбөг авалт, 1.8 бөмбөг таслалт, 1.6 хаалт дунджилсан үзүүлэлтээр тэргүүлэв.
 
 
 
“Оны шилдэг залуу тоглогч”-оор 23 Storms багийн тоглогч А.Энхбаясгалан улиралд 11.4 оноо, зургаан самбараас бөмбөг авалт, плей-оффт 9.4 оноо, 4.4 самбараас бөмбөг авалт дунджилсэн үзүүлэлтээр тодорсон.
“Лигийн тэргүүн тоглогч”-оор Алдар Танан Гарьд багийн тоглогч А.Тэмүүжин улиралд 11.1 оноо, 4.9 самбараас бөмбөг авалт, плей-оффт 14.6 оноо, 6 самбараас бөмбөг авалт дунджилсан үзүүлэлтээр шалгарсан.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг