Бидэнд гарцаагүй заяагдмал өгөгдөл байдаг шиг билээ. Дэлхийн хэмжээний амжилт гаргасан Японы жүдогийн том тамирчид “Гурван наснаасаа эхлэн уйгагүй бэлтгэл хийсний минь үр дүн гарлаа” гээд ярьдаг бол манайхан “Тээр жил Спортын төв ордны хажуугаар явж байгаад” гэж ирээд амыг нь ангайлгадаг юм. 
 
Яг ийм явдал Лхагватогоогын Энхрийлэн гэх охинд тохиолдсон байдаг. Спортын ордны дугуйланд явья гэж эмээгээсээ хэдэн жил гуйж. Эмэгтэй хүүхдэд тохирохгүй спорт гээд цааргалаад байж л дээ. Харин дөрвөн жилийн өмнөх нэг өдөр Спортын ордны дэргэдүүр өнгөрөхдөө ятгаж чадсан юм билээ. 
 
Ингээд жүдо бөхийн дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлагад дөрвөн жил хичээллээд байна. Хичээллэсэн хугацаандаа нэлээд амжилт гаргажээ. Одоо дөнгөж 16 настай тэрээр 2013 онд БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авчирчихаад байгаа. 
 
Улсын чанартай аварга шалгаруулах тэмцээнүүдийг бол үнэхээр түүжээ. Одоо медалийнх нь бүсний хүндээс үүнийг мэдэж болно. Зөвхөн жүдо бөхөөр ч бус өнгөрсөн онд болсон сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд алтан медаль, 2015 оны жиү жицү бөхийн барилдааны -56 кг-д алтан медаль авчихсан байна. 
 
Хичээллэж эхэлсэн жилээ л улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд түүнээс хойш дөрвөн жилийн дотор арав гаруй тэмцээнд түрүүлж, үзүүрлэсэн байх юм. Жиндээ хатуу самар. Монгол Улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн бол дэлхийн аваргатай эн дүйнэ. Энэ цөөхөн атлаа чанартай ард түмэн бараг бүгдээрээ бөхчүүд. Тэдний манлайд зогсоно гэдэг тийм амархан хувь тавилан биш билээ.
 
Би бичвэрийнхээ эхэнд заяагдмал өгөгдөл гээд их амархан юм биччихсэн байгаа. Гэхдээ үүн дээр тэсвэр хатуужил, нөр их бэлтгэл сургуулилт, хөдөлмөр нэмэгдэж байж л амжилт ирдэг. Үүнээс өөр арга ч байхгүй. Л.Энхрийлэн өнөөдөр Чингэлтэй дүүргийн XIV хорооны Хайлаастын 18 дугаар гудамжинд эмээ Мөнхнасангийн хамт амьдардаг. Монгени цогцолбор сургуулийн 11 дүгээр анги. 
 
Хичээл сургуульдаа явах, эмээгээ асрах болоод энэ бүхний хажуугаар бэлтгэл хийж амжилт гаргаж яваа хүүхэд. Эмээ нь охиноороо бахархана. Редакцид ирээд ярихдаа тувт инээмсэглэх. Удахгүй ирэх наймдугаар сарын 5-9-ны хооронд Босни улсын Сараево хотод өсвөрийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 
 
Мөн аравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу даби хотод дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнтэй. Энэ хоёр тэмцээнд оролцох эрхээ Энхрийлэн авчихсан. Эмээдээ “Заавал амжилттай оролцоно” гэж ярьдаг гэнэ. Энэ хэрээр хөөрч яваа эмээ охиноо түрүүлчихвэл мөнх наслах биз ээ.
 
Эх сурвалж: