sonin.mn
“Их нүүдэл-2016” олон улсын шатрын тэмцээнийг Улаанбаатар хотноо энэ сарын 22-ноос ирэх сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулах талаар Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол туургатны шатрын холбооноос мэдээлэл хийв.
 
Энэхүү тэмцээн нь “А” буюу их мастеруудын тэмцээн, “Б” буюу нээлттэй тэмцээн гэсэн хоёр ангиллаар зохиогдож байгаа юм байна. Их мастеруудын ангилалд ОХУ-ын их мастер Александр Фоминых, Антон Шомоев, Узбекстан улсын их мастер Вахидов Таир, Казакстан улсын их мастер Хуснутидинов Рустам мөн Монгол Улсын их мастерууд өрсөлдөнө.
Нээлттэй тэмцээнд ОХУ-ын Буриад улсын олон улсын мастерууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шатарчид оролцоно. Энэхүү тэмцээнд дотоодын 1700-аас дээш чансаатай бүх насны шатарчид өрсөлдөж болох юм байна.
 
УИХ-ын гишүүн асан, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс “Энэхүү тэмцээн нь их мастерын чансаа нэмэх боломжтойгоороо бусад тэмцээнээс онцлог. Тэмцээнээр их мастеруудынхаа тоог нэмэх хүсэлтэй байна” гэлээ.
“А” ангиллын тэмцээн энэ сарын 22-28-нд, “Б” ангиллын тэмцээн мөн сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ны өдрүүдэд зохиогдох аж. Нээлттэй тэмцээний бүртгэлийг энэ сарын 26-28 өдрүүдэд хийнэ.
 
Г.Даваамаа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг