sonin.mn

Дайн хүмүүсийг том жижиг гэлгүй бүгдийг нь эргүүлэгтээ хамардаг аймшигт үзэгдэл юм. Энэ удаад дайны үеийн Зөвлөлтийн хүүхдүүдийн тухай товч баримт мэдээ хүргэж байна. Эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн батлан хамгаалах үйлдвэрийн ажилчдын 15% нь 18 хүртэлх насны хүүхдүүд байжээ.


Дайны жилүүдэд 20 сая гаруй хүүхэд улс орны хөдөө аж ахуйн үндсэн ажиллах хүчийг бүрдүүлж байв. 1942 оны Бүх Холбоотын ургац хураах уралдаанд 5 сая сурагчид оролцсон байна.


Сталинград мужийн 14 настай сурагч Петя Серегин фронтод явсан ахынхаа оронд комбаинчин болж, 180 га хураах нормоо 420 га болгосон рекорд амжилт үзүүлжээ. Дайны жилүүдэд Зөвлөлтийн пионер сурагчид 585 сая хөдөлмөр өдрийн ажил гүйцэтгэжээ. Дайсанд эзлэгдсэн нутгуудад зөвлөлтийн сурагчид партизаны отрядод байлдаж, дайсны тухай мэдээлэл цуглуулах, зөвлөлтийн дайчдыг бүслэлтээс гаргах, немцийн зэвсгийн агуулахыг шатаах, дэлбэлэх, зам дээр мина тавих, зам заах зэргээр дайтаж байжээ.


Жи: 13 настай пионер Ваня Андреев давшиж явсан зөвлөлтийн ангиудад немцүүд отолт бэлтгэснийг мэдээд цасан дундуур дайсны галын доогуур мөлхөж, хэл хүргэснээс гадна зөвлөлтийн дайчдад зам зааж, дайсны ар талд гаргажээ. Үүний учир Ваня Андреевыг Улаан Тугийн одонгоор шагнажээ. Дайны турш Зөвлөлтийн 200 мянган хүүхэд гавъяа байгуулсны учир одон медалиар шагнуулжээ. Түүний дотор Леня Голиков, Марат Казей, Зина Портнова, Валя Котик нар ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнагджээ. Энэ 4 сурагч бүгдээрээ партизаны отрядын тагнуулч, хорлон сүйтгэгч нар байж баатарлагаар амь үрэгджээ. Нийтдээ фронтод “хорооны хүү” гэж нэрлэдэг зөвлөлтийн 16-аас доош насны 3500 хүүхэд байжээ. Учир нь хүүхэд эмэгтэйчүүдийг герман руу хоморголон аваачдаг фашист үйлдлээс зугтсан хүүхэд, эмэгтэйчүүдэд партизаны отрядод очихоос өөр зам байгаагүй аж.    


10 настай Люся Ремизова охин германы офицерүүдийн байранд цэвэрлэгч хийж байхдаа немцийн холбоочин их чухал баримт бичиг авчирсныг хараад түүнийг нь хулгайлж, фронтын шугам гатлан зөвлөлтийн цэргүүдэд хүргэж өгчээ.


“Ленинградыг хамгаалсны төлөө” медалиар 15.249 сурагч шагнагдсан аж. Калинин хотын тулалдаан ид үедээ ороход зөвлөлтийн цэргийн сум хэрэгсэл дуусчээ. Энэ үед сурагч Вася Каширин мөлхөн ирж, сум хэрэгслийн агуулах байгаа газрыг заан өгч, галын байрлал руу зөөхөд туслалцжээ. Дараа нь тэр найз Витя Егоровын хамт хот доторх дайсны байрлалыг тагнан дайсны галын цэгийн байрлалыг Зөвлөлтийн командлалд зааж өгчээ.


1942 онд Германы арми тусгай тушаал гаргаж: “Төмөр замын дагуу иргэний хүмүүс сэлгүүцэн явахыг бүхий л хэрэгслээр саатуулах. Ялангуяа Зөвлөлтийн пионерын гэх байнууллагын тэнэмэл хөвгүүдээс болгоомжлох” гэж онцлон дурджээ. Оболь голыг гатлан немцийн шахсан өвс ачсан галт тэрэгний олон цуваа өнгөрчээ. Нэг удаа уурын тэрэгний очноос болж цуваанд гал гарчээ. Галыг унтраахын тулд немцүүд өвсөө хаятал дор нь танкууд байжээ. Үүнийг ажсан хүүхдүүд Зөвлөлтийн командлалд мэдээ хүргэжээ. Маргааш нь Зөвлөлтийн нисэх хүчин ирж бөмбөгдсөнөөр танк ачсан фашистын 4 цувааг устгажээ. 14 настай Нина Азолина охин төмөр замын станцын ус шахах насосны хажуугийн нүүрсэн дунд мина тавьжээ. Маргааш нь мина дэлбэрч маш чухал станцын ажил 7 долоо хоног зогсжээ. 15 настай Вова Езовитов германы зондерфюрер Карл Борманы машинд удаан үйлчилгээтэй мина тавьснаар фашист яргачин дагалдах 3 офицерын хамт дэлбэрэлтэд өртөж үхчээ.



Судлаач Х.Д.Ганхуяг



Эх сурвалж: https://gankhuyag.com/




Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу