sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 9 /Reuters/. Орос, Украины хооронд 30 хоногийн хугацаанд урьдчилан болзолгүйгээр гал зогсоохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт уриалаад, хэрэв гал зогсоох саналыг хүндэтгэн үзэхгүй бол Вашингтон болон түүний түншүүд нэмэлт хориг арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ. 


Украины тал 30 хоногийн хугацаанд нэн даруй гал зогсоох тухай АНУ-ын саналыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол ОХУ дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой пүрэв гарагт тохиож байгаатай холбогдуулан гуравхан өдрийн хугацаанд гал зогсоох санал тавьсан юм.


Д.Трамп нийгмийн сүлжээний хаягтаа бичихдээ, хэрэв гал зогсоох саналыг хүндэтгэн үзэхгүй бол АНУ болон түүний түншүүд нэмэлт хориг арга хэмжээ авах болно гэсэн байна. “Хүлээн зөвшөөрөхүйц гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөнө гэдэгт найдаж байна, шууд хэлэлцээний халдашгүй байдлыг хангах хариуцлагыг хоёр улсын аль аль нь хүлээх болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, энэхүү гал зогсоох хэлэлцээр нь эцсийн дүндээ Энх тайвны хэлэлцээрт хүргэх ёстой. Энэ бүхнийг маш түргэн хийх боломжтой, хэрэв миний үүрэг оролцоо шаардлагатай бол би тухайн мөчид бэлэн байх болно гэлээ.


Д.Трамп Украины дайныг зогсоох хүсэлтэй байгаагаа мэдэгдсээр ирсний зэрэгцээ хэрэв Орос, Украины талууд ахиц гаргахгүй бол хэлэлцээрт зуучлахаа бид зогсооно гэж мэдэгдэж байв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт Д.Трамптай утсаар ярихдаа “Киев 30 хоногийн хугацаатай гал зогсооход энэ мөчөөс эхлэн бэлэн байна” гэж мэдэгджээ.


Украины Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, Орос ямар ч нөхцөл болзолгүйгээр гал зогсоохоос эхлээд дайныг зогсооход бэлэн гэдгээ харуулах ёстой гэдгийг онцолсон байна.


Пүрэв гарагт Украины Гадаад хэргийн сайд хэлэхдээ, өөрийнх нь зарласан гурав хоногийн гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа Оросын тал амлалтаа хэдэнтээ зөрчсөнийг дурдаад, уг санаачилгыг “инээдмийн жүжиг” хэмээн нэрлэсэн бол Киев байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна гэж Оросын тал мэдэгджээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг