
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 13 /NHK/. Норвегийн Нобелийн хороо Япон улсад ирэх долоодугаар сард цөмийн зэвсгийг хураах сэдвээр үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай NHK телевиз мэдээлэв.
Өнгөрсөн онд тус хороо Хирошима, Нагасаки хотуудад хаясан атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг “Nihon Hidankyo” байгууллагад Нобелийн Энх тайвны шагнал олгосон юм.
Нобелийн хорооны албаны хүмүүс NHK-д мэдээлэхдээ “Nihon Hidankyo” шагнал хүртсэнийг тохиолдуулан Токиод долоодугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээ нь цөмийн зэвсгийг бууруулах, үл дэлгэрүүлэхэд чиглэнэ гэлээ.
Түүнчлэн тус хорооны дарга Йорген Фриднес Хирошима, Нагасаки хотод айлчлахаар төлөвлөж байгаа талаар албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Й.Фриднес өнгөрсөн оны 12 дугаар сард болсон шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох үйл хэрэг хэчнээн урт, хэцүү байхаас үл хамааран бид “Nihon Hidankyo”-гоос суралцах ёстой” гэдгийг онцолж байлаа. Мөн бид хэзээ ч бууж өгөх ёсгүй хэмээн нэмж хэлсэн байна. Өмнө нь Нобелийн хорооны дарга нар Японд айлчилж байгаагүй тул Й.Фриднес тус улсад айлчлал хийсэн анхны хүн болно. Японы хотууд атомын бөмбөгт өртсөнөөс хойш 80 жилийн хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан тус хороо цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг эрчимжүүлэхийг зорьж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
япон атомын станцын хаягдлаа далай руу хаяж байгааш дээ