
Хүний амьдрал, нийгмийн амьдрал бүхэл бүтнээрээ л танин мэдэх үйл ажиллагаа юм. Эхлэлийг нь бид мэдэхгүй эртнээс тийм байжээ. Эдүгээ мөн л тийм байна. Төгсгөлийг нь мэдэх боломжгүй ирээдүйд ч мөн тийм байх болно.
Танин мэдэхийн тулд тун олон арга хэрэглэж иржээ. Тэднээс нэн эртний нэгэн арга бол хэмжих. Хэмжиж болох бүхнийг л хэмжсээр өнөөдрийг хүрчээ. Уртыг, өргөнийг, хүнд хөнгөнийг, олон цөөнийг, өндөр намыг, талбайг, эзэлхүүнийг, удаан түргэнийг, цаг хугацааг гэх мэтээр бүхнийг, бүгдийг хэмжиж байжээ. Тэг тэгсээр хэмжиж үл болох зүйлүүдтэй ч учирчээ.
Хязгааргүй их, хязгааргүй бага гэдэг нэр, ойлголт ч үүсчээ. Үнэн ба худлыг ч хэмжих гэж оролдсон нь буй, нүгэл болон буяныг ч хэмжих гэж оролдсон нь буй. “Буяны оройд хүрэхлээр бурхан болдог, нүглийн ёроолд хүрэхлээр чөтгөр болдог” гэх хэмжээ ч мөн байжээ...
Хүн төрөлхтөн өнгөрсөн түүхээ тодорхой нэгэн оноос нааш нь, бас цааш нь хэмжих аргыг олжээ. Нийтийн тооллоос нааш нь нэг, хоёр гэж, мөн цааш нь нэг, хоёр гэж тоолохоор тохиролцоод, одоо гэхэд л 2024 жил болжээ. Хойш нь, цааш нь тоолсоор нийтийн тооллоос өмнөх I зуунд, II зуунд, бүр 6000 жилийн үесэд гэхчилэн тоолж бичиж иржээ.
Талбайг хоёр, эзлэхүүнийг гурав, үйл хөдлөлийг гурван хэмжээсээр, цаг хугацааг хоёр чигт, огторгуйн зайг гэрлийн хурдаар гэхчилэн хэмжиж болох бүхнийг одоо хэмжиж байна. Аливааг хэмждэг нэр, нэгж ч тоогоо алджээ. Объектив бодит байдлыг хэмжиж ханаад бүр субъектив бодит байдалруу ч оржээ. Хайрлах дурлах хэмжээ, жигших үзэн ядах хэмжээг ч таарах, тохирох үгээр нь, мөн илрэх хэлбэрүүдээр нь хэмжиж дүрслэн бичдэг болжээ.
Хувь хүний биеийн хүч, мэдлэг, мэргэжлийг ч элдвээр үнэлдэг, хэмждэг, зэрэг, дэс олгодог, байгуулсан гавъяаг олон, медаль, бүр мөнгөөр ч үнэлдэг, хэмждэг болов.
Мэдлэгийн үнэнийг практикаар, мэдээллийн зөвийг туршилтаар үнэлдэг, шалгадаг, үйлдсэн гэмт хэргийн ялыг жилээр тооцож оноодог, мөн цаазлах хороох ял ч буй болжээ...
Хүн төрөлхтөн орчин тойрондоо байгаа хатуу, шингэн, хийн биетүүдийг бүхий л хэлбэр, илрэлээр нь хэрэглэж амьдардаг. Хэрэглэхийн тулд тэр бүхнийг бүх шинжээр нь, бүх илрэл, хэлбэрээр нь таньсан байх шаардлагатай. Ус гэхэд л уур, манан, үүл, цас, мөс, халуун уур, өтгөн манан, борооны үүл, мөндөр, мөсөн далай гэхчилэн танигдсан, хэмжигдсэн байдаг.
Хатуу, шингэн, хийн биетийн физик хөдөлгөөнийг таньж, хэмжиж чаддаг болсноор хүний мэдлэг нь хүч болж хувирчээ.
ХХ, XXI зууны мэдлэг, боловсролтой иргэд зөвхөн, ганцхүү шинжлэх ухаанаар тогтоогдсон үнэн мэдлэг, зөв мэдээлэлд тулгуурлан ажиллаж амьдрах болов.
Тэд мухар сүсгээс бүрэн ангижирчээ. Чухам энэнийхээ ачаар эм, тариаг цагт нь хэрэглэж, вакцинжуулалтанд бүрэн хамрагдаж, урьдчилан сэргийлэх үзлэгт орж, 80-100 наслах чадавхтай болцгоогоод байна. 2024 оны статистикаар монгол төрхтэй хүмүүс (шар арьстан) 83.5 жил, европ төрхтэй хүмүүс (цагаан арьстан) 76.4 жил, негр төрхтэй хүмүүс (хар арьстан) 70.8 жил дунджаар наслах болжээ. Энэ бол том ололт юм.
Эрүүл амьдрах, урт наслах боломжийг таних, ашиглах чадавх нь шинжлэх ухааны холбогдох салбаруудын мэдлэгт л түшиглэж буй болдог. Наад зах нь л хүмүүс биеийн жингээ зохих хэмжээнд нь барьж сурах хэрэгтэй. Таргалалт, хэт таргалалт нь цөсний хүүдийн, улаан хоолойн, хөхний, бөөрний, бүдүүн гэдэсний умайн хүзүүний, элэгний, бамбай булчирхайн, ходоодны, нойр булчирхайны, шулуун гэдэсний, төмсөгний... хорт хавдрын суурь шалтгаан болдог нь тогтоогдоод байна. Ингэхлээр илүүдэл жин бол өвчин юм.
Томуугийн вакциныг жилд нэг удаа, корийн вакциныг 10 жилд нэг удаа, пневмококийн вакциныг 65-аас дээш насанд давтан хийлгэх, гепатит А,В болон менингококкийн вакциныг хийлгэж байх нь урт наслахын чухал үндэс болов. Өөр ч олон вакцин буй билээ.
Архи уухгүй, тамхи татахгүй, давс, саахар, өөх тосны хэрэглээгээ аль болохоор багасгах, таргалахаас сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, явган алхах, орой 10.30-аас өглөө 5-6 цаг хүртэл унтаж дадах нь эрүүл байх, урт наслахын үндсэн шаардлага болоод байна.
Энэчлэн хүмүүс бид урт наслах, эрүүл байх боломжийг танин мэдэх, боломжоо нэмэх аргаа олох, энэ талаар үнэн мэдлэг, зөв мэдээлэлтэй байх, хувийн өндөр чадавхтай болох нь чухал юм. Өөрийн хэр хэмжээгээ ойлгож, өөрөөс чинь илүү их мэдлэг, мэдээлэлтэй хүний үгийг сонсож, зөвлөгөө авч байх нь ухаалаг хүний зөв хандлага мөн болно.
Хүн төрөлхтний түүх бол (онолын үүднээс) өнгөрсөн дахь объектив бодит байдлын хувьсал болон мөн субъектив бодит байдлын хувьслын, дээр нь нэмээд одоо дахь, цааш нь үргэлжлүүлээд ирээдүй дэх мөнхүү хоёр бодит байдлын хувьслын тусгал болж бичигдэх учиртай. Энд мөн л танин мэдэх арга, чадавх, таньсан үнэн мэдлэг, олсон зөв мэдээллүүд чухал болно. Түүхэн үнэнийг ойлгох, таних бидний арга, чадавх ХХ зуунд тун ч гологдохоор байсан нь үнэн юм. Түүхэн үнэнд хэр зэрэг нийцэж байгааг нь хэмжих, үнэлэх аваас (3+) гэсэн дүн л тавигдахаар байжээ. Энэ байдал XXI зуунд ч нэг их дээрдэхгүй л байна. Энэ нь юуны өмнө л түүхчдийн боловсрол, түүхийн философийн мэдлэг, түүхийн шинжлэх ухааны тусгай онолын мэдлэг, нийгмийн философийн мэдлэг, түүхийн сэтгэлгээний ур чадвартай нь холбоотой юм.
Түүх бол нийгмийн хувьсал, хөгжлийн статистик биш, харин диалектик болох учир энд эргэцүүлэл, бясалгал нэн чухал.
Наад, цаад, ил, далд, шууд, хөндлөнгийн учир, холбогдол, шалтгаалцлыг олон талаас нь, олон өнцгөөс, сонирхлуудын шүтэлцээнд нь дахин, давтан нягталж байж л үнэнд ойртох учиртай. Манай түүх бичлэгт элдэв төөрөгдөл их байна. Төөрөгдөл бол худал мэдлэг, буруу мэдээлэл, санаатай гуйвуулга, субъектив хандлага, буруу үнэлгээ юм. Аль нэгэн улстөрийн нам, аль нэгэн түүхэн бие хүний гүйцэтгэсэн үүргийг товойлгон магтах зорилгоор бодит үнэнээс холдох, худал, өрөөсгөл дүгнэлт хийх, аль нэгэн субъектын гавъяаг зохиомжлон дэвэргэх дутагдлууд гарсаар л байна. ХХ зууны түүх ч түүхэн үнэндээ олон талаар ойртож, нийцэж чадахгүй, байран дээрээ улиран үлдсээр л байна. Түүхчид ном, бүтээлдээ хийгдвээс зохих засвар, залруулгыг хийхгүй цагийн байдлыг харзнах нь ч их боллоо. Юм үнэнээрээ байх нь л сайхан, бас сургамжтай. Үнэнээс холдох нь юм бүхэнд л хор хорлолтой. Энэ үнэнийг монголчууд бид бүр арьс махан дээрээ, аймаг хотлоороо л мэдэрцгээсэн шүү дээ!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл10
7 хэмжиж 1 огтол. 0 он. дахиад 0 он. дахиад. дахин. дахин дахин.
долоон долоо дөчин ес 💀
бяслаг шахах
оориин таашаалаар амьдарч,элдэв цэцэрхсэн горим дагаж мордолгуй шиг амьдарсан дээрээ! хогшчууд дунд архи тамхи оох тос сахар хэтруулж хэрэглээд байдаг нь ховор.
Залуу авгайтай Трамп 100 наслах байх оо !
officer’s only
Uvgun dondog zovolgoo achhar bid amiraad bnakkk.Arhi uuna tamhi tatana ajjilaa hiine cham shig uvgun zugeer uh
Baabar ene 2 uheechee
Sejigiin uvgun uheechee
Tecumseh's Curse текумсе-н хараал. алтан цэцгийн хараал 🎞 гэдэг шиг улаан цутгалын ‘х’. 🌻🥀 💊 жүгий ромо хоёр.