sonin.mn

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны тавдугаар сарын 19 /AP/. Аргентины зүүн нутгийн Буэнос-Айрес мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер буужээ. 

Албаны хүмүүсийн мэдээлснээр, ням гараг гэхэд тус бүс нутагт нэг хавтгай дөрвөлжин метр талбайд 400 мм хур тунадас орсон нь сарын дундаж хэмжээ болох 45 мм-ээс хэд дахин их байна. Цаг уурчдын таамаглаж байгаагаар аадар бороо үргэлжлэн орж, хар салхи шуурах төлөвтэй байна. 




Үерийн бүсээс 7500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай бүс нутгийн эрх баригчид мэдээлжээ. Аврах ажиллагаанд 300 орчим гал сөнөөгч, иргэний хамгаалалт болон цагдаагийн албан хаагчид оролцож байна. 




Байгалийн гамшгийн улмаас Кампана, Сарате зэрэг хотууд хамгийн их хохирол амсжээ. Мөн Буэнос-Айрес хотын захын зарим дүүрэг, авто замууд болон газар тариалангийн талбайнууд усанд автсан байна. Кампана хотод хэд хэдэн гэр бүл шөнийг усанд автсан байшингийнхаа дээвэр дээр өнгөрөөжээ. Нийслэлийг хөдөө орон нутагтай холбодог замуудын нэг дээр 44 хүнтэй автобус 10 гаруй цаг саатсан талаар AP агентлаг мэдээлжээ.




Буэнос-Айрес мужийн өмнөд хэсэгт орших Баия-Бланка хотод гуравдугаар сарын эхээр болсон үерийн улмаас 18 хүн амиа алдаж, 1400 гаруй хүн нүүлгэн шилжүүлж байв. Тухайн үед нэг өдрийн дотор 300 орчим мм хур тунадас орсон байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг