sonin.mn

ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 5 /Tokyo Weekender/. Цусны бүлгээс үл хамааран бүх хүнд сэлбэхэд тохиромжтой, өрөөний температурт хоёр жил хүртэл хадгалах боломжтой хиймэл цусыг Японы эрдэмтэд гарган авчээ. 


Энэхүү хиймэл цус нь цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолын асуудлыг шийдвэрлэж, цус сэлбэхийн өмнө хийх бэлтгэлийн хугацааг богиносгож, мөн яаралтай тусламжийг илүү үр дүнтэй болгоно хэмээн эрдэмтэд онцолсон байна.


Хиймэл цусыг хугацаа нь дууссан донорын цуснаас ялгаж авсан гемоглобиноос гарган авдаг. Үүний дараа тогтвортой, вирусгүй хиймэл улаан эсүүдийг үүсгэхийн тулд гемоглобиныг хамгаалалтын бүрхүүл дотор хийдэг ажээ. Эдгээр хиймэл эс нь цусны бүлэггүй тул бүлэг тодорхойлох шинжилгээ хийх шаардлагагүй байна. 


Эрдэмтэд уг хиймэл цусны анхны туршилтыг 2022 онд эхлүүлжээ. Судалгаанд эрүүл сайн дурын оролцогчид оролцсон байна.


Төслийг удирдаж буй профессор Хироми Сакайгийн мэдээлснээр, багийнхан судалгааны явцыг хурдасгах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хэрэв шинэ төрлийн хиймэл цус нь аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдвал 2030 он гэхэд хэрэглэж эхлэх төлөвтэй байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг