sonin.mn

1990-ээд он бол Монголын ард түмний хувьд гүн хямрал, огцом өөрчлөлтийн үе байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд шилжих энэ хүнд цаг үед Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж, бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэсэн. Ард иргэдийн амьжиргаа туйлдаж, хүүхдийн хоол хүнс хүртэл олдохоо больсон хүнд хэцүү тэр үед Япон Улс Монголын ардчилсан шилжилтийг тууштай дэмжсэн хамгийн ойрын түнш, найрсаг нөхөр байсан юм.


“Нэг халбага хуурай сүү” амьдрал аварсан нь


1990-ээд оны дунд үеэр Монгол Улсад хүүхдийн хүнс хомсдож, нялх хүүхдүүдийн дунд өлсгөлөн, тэжээлийн дутагдлын эрсдэл эрс нэмэгдэж байсан. Тэр үед Япон Улсаас “хуурай сүүний тусламж” ирсэн нь Монголын олон айл өрхийн амьжиргаанд гэрэл асаасан явдал байлаа.



Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжаар дамжуулан Монголд хэдэн сая иенийн үнэтэй сүүн тэжээл, хүүхдийн хуурай сүүг бэлэглэсэн нь нялх хүүхдүүдийн амийг аварсан, ээжүүдийн сэтгэлийн тайтгарлыг авчирсан түүхэн үйл явдал байсан юм.



Ээжүүд “нэг халбага хуурай сүү ч хүүхдийн амийг авардаг байлаа” хэмээн өнөөдрийг хүртэл дурсдаг.


Японы бэлэглэсэн автобусууд нийтийн тээвэрт хөл залгуулав


Нийтийн тээвэр хомс, техник хэрэгсэл хуучирсан тэр үед Япон Улсаас нийслэл Улаанбаатар хотод зориулан хэдэн зуун автобус хандивлаж, нийтийн тээврийн үндсэн ачааллыг үүрэх нөхцөлийг бүрдүүлж байв.

1990-ээд оны сүүлчээр Япон Улсаас “Исузу”, "Ниссан", “Хино”, “Мицубиши” зэрэг фирмийн ашиглах боломжтой автобусуудыг Монгол Улсад хандивласан нь нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, ажилчид, сурагчдын өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн бодит тусламж байлаа.

Тэдгээр автобусууд хотын гудамжаар олон жил хөдөлгөөнд оролцсон бөгөөд олон мянган нийслэлчүүд “японы цэнхэр автобусаар л сургууль, ажилдаа байлаа” гэж одоог хүртэл дурсдаг.


Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)


Японы Засгийн газраас 1990 оноос хойш Монгол Улсад 1.3 тэрбум ам.доллар орчим хөгжлийн албан ёсны тусламж (ODA) үзүүлсэн нь Монголд тусламж үзүүлсэн орнуудын дундаас хамгийн том нь болж үлдсэн юм.

Тусламж нь зөвхөн хөрөнгө санхүү бус, инженер, эмч, мэргэжилтэн, багш, хот төлөвлөлт, зам тээврийн салбарын мэргэжлийн сургалт, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн дэмжлэг зэргийг хамарсан нь тэдний тусламжийн гүн гүнзгий, урт хугацааны агуулгыг илтгэнэ.


Өнөөгийн Монголчууд мартах ёсгүй үнэн


Өнөөдөр Монгол Улс бараа таваарын илүүдэлтэй шахуу болсон болсон ч,1990-ээд итгэл найдваргүй, өлсгөлөн, хямрал дүүрэн он жилүүдийг бид санах ёстой.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэсэн Монголчуудын үг бий.



Тэгвэл үнэхээр л "тэвдэж явахад тэвнээр" тусалсан Японы тусыг бид мартах учиргүй.



Энэ нь зөвхөн өнгөрсөн цагийн түүх биш, харин өнөөдрийн хоёр улсын бат найрамдлын үндэс юм. Хүнд үед гар сунгасан нөхдийн үнэт тусыг хэзээ ч үл мартах нь жинхэнэ ёс суртахуун билээ.


М.Чойжал