sonin.mn

Баяр наадам дөхөж байхад базаахгүй юм дуулгаж байгаадаа юуны түрүүнд хүлцэл өчье. Наадам дуусаж, амьдрал үргэлжилнэ. Тиймийн учир төрд юу болж, нийгэм хэрхэн хувьсаад, бид яаж амьдраад байгаагаа бүгдээрээ ухаж эргэцүүлэх учиртай л болов уу. Тийм санаагаар дуулгаж буй.


Хуучин цагт МАН-ын цагаан байранд юу болж байгааг хэн ч мэддэггүй байлаа. Тэднийг: Дарга нь шийддэг бусад нь гар өргөдөг тийм систем гэдэг байв. Уул нь нам гэдэг эрх мэдлийн төлөөх нэгдэл. Тиймийн учир байр суурь нь нэг бол тийм байх ёстой л юм. Гэвчиг МАН өнөөдөр хуучны МАН биш болжээ. МАН-ын цагаан байрнаас Монголыг бодсон тулхтай шийдвэр гарахаа больсон байна. Дандаа бие биеэ ухсан хов жив, хоорондынх нь сандал ширээний тэмцэл гардаг болсон.



Маш хүнд нь МАН-д болж буй явдлын тусгал нь шууд төрийн хэрэг болдог зүй тогтол бий болчихлоо. Энэ сайн уу, муу юу. Нам ингэж шийдсэн гээд л төрийн шийдвэр гарч байдаг.



Улбаалаад үзэхнээ: Улс төрийн намын санхүү мөнгийн асуудлыг ярихаасаа өмнө тэдгээрийн төрд үзүүлэх нөлөөг бууруулах нь зөв юм шиг. Нам зөвхөн сонгуулийн үүрэг л хүлээдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол эрх барьсан нам нь УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүхээс том Монголын төрийн том жижиг бүх асуудлыг шийддэг бүтэц болж хувирч байна. Харин тэр нам сонгуульд ялсан ч төрд нөлөө багатай болчихвол тийшээ мөнгөө бариад гүйдэг тэнэгүүд багасна. Адаглаад ийм үр дүн шууд үзүүлнэ. Тэр цагт: Улс төрийн намын санхүүжилт авлига дагуулаад хэцүү байна яах вэ гэдэг шийдэл гарцгүй болсон зовлон багасна.


Тиймгүйгээс: Сүүлийн үед төрийн дээр МАН гарчихлаа л гэх болж. Энэ ч ул болсон яриа л даа. Гэхдээ анх ийм ойлголт бий болж байхад одоог бодвол хардлага төдий зүйл байж. Харин өнөөдөр жинхэнэ ёсоор Монголд төр биш эрх баригч нам асуудлыг шийдэж байна.


Нэгт: МАН-ынхан МАН-ынхнаа хулхидаж намрын улс төрийн хэрүүлийн суурийг тавьсан. Уул нь Үндсэн хуульд: Засгийн эрх ард түмний мэдэлд байна, Ард түмэн төр засгийн бүрэн эрх барих эрхээ төлөөллийн хүмүүсээр дамжуулан хэрэгжүүлнэ гэсэн суурь зарчмууд байдаг.


2024 оны 6 сарын 28-нд УИХ-ын сонгууль болж МАН-д 68, АН ба бусад нам, эвслүүдэд 58 суудал өгсөн. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч УИХ-д оруулахаар заасан.


Тиймийн учир УИХ-д олонхын суудал авсан МАН Засгийн газрыг дангаараа байгуулах Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийн шаардлага бий болсон.


Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын удирдлагууд АН, ХҮН-тай хамтарч Засгийн газрыг байгуулсан. Тэр нь 10 сар ажилласан. Өнгөрөгч 6 сарын эхээр МАН-ын Бага хурлаас: Намын дүрмийн 24.3-т УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж, 1.3-т МАН Үндсэн хууль бусад хуулийг чандлан сахиж хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана гэж заасан.



Энэ нь Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайдыг томилох тухай шийдвэр гаргахад мөн адил хамаарах бөгөөд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд зааснаас өөрөөр стандарт бус буюу хууль бус шийдвэр гаргаж намын дүрмийг зөрчсөн.



Сонгуульд ялж олонх болсон МАН сонгуульд цөөнх болсон АН болон бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулж, АН хэмээх явцуу бүлэглэлийн нөлөөнд автсан гэж байгаад огцруулсан. Оронд нь ЕТГ-ын дарга байсан Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар сонгосон. Тэгэхдээ: МАН дангаараа Засгийн газрыг байгуулах ёстой гэж шаардсан. Г.Занданшатар ч: Тэгнэ ээ гээд Ерөнхий сайд болсон. Харин амьдрал дээрамаа хэрэгжүүлж чадаагүй. Дахин хамтарсан. ХҮН, ИЗНН-тай хамтарсан. МАН-ынхан энэнд их л дургүйцэж ирэх намар болох их хурлаараа тэр их уур бухимдлыг гаргаж магадгүйгээр яриад байгаа. Тэрчлэн сая томилогдсон Ерөнхий сайд эхлээд бүрэлдэхүүн буюу сайд нарыг томилчихоод дараа нь УИХ-аар бүтцээ батлуулсан. Энүүгээрээ Үндсэн хуулиас зөрөөд л гүйчихсэн. Энийг одоо хэн ч ярихгүй байгаа. Хэрэвзээ яригдвал шууд Үндсэн хуулийн зөрчил гэдэг нь тогтоогдож Засгийн газар шууд тарна.


Хоёрт: МАН-ын удирдах байгууллагын шийдвэр УИХ дээр юунд ч торохгүй батлагддаг боллоо. Үндсэндээ МАН-ын шийдвэр эцсийнх болдог зүй тогтол бий болсон. 6 сарын эхээр Засгийн газрыг огцруулсныг улс төрийн экспертүүд: Төрийн эргэлт гэж дүгнэж буй. Гэтэл энэ бүгд зөвхөн МАН-ын л шийдвэр байсан. МАН-ын удирдах зөвлөл, бага хурал нь Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайдыг томилуулах шийдвэрийг гаргаж УИХ зөвхөн ёсчилдог төдий үүрэгтэйгээр уг шийдвэрийг баталгаажуулсан. Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид ч: Хэн Ерөнхий сайд болох вэ, Ерөнхий сайд ямар нам, эвсэлтэй хамтрах вэ, Ерөнхий сайд хэн хэнийг сайд болгох вэ зэрэг асуултдаа УИХ, Засгийн газрын эх сурвалжуудаас хариулт эрсэнгүй. Ерөнхий сайдаас өөрөөс нь ч асуух нөхцөлгүй тийм улс төр яваад өнгөрлөө. Тэрний оронд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан маань МАН-ын цагаан байрны үүдэнд хэдэн цагаар хүлээн зогсож байж анхан шатны мэдээлэлтэй болж байв. Хэрэвзээ МАН-ын хурлуудын шийдвэр УИХ дээр дэнслэгдээд батлагддаг, эсхүл унадаг байсан бол тэгж МАН-ын байрыг сахихгүй.


Гуравт: МАН-ынхны доторх хов жив Монголын төрд шууд нялзаж тэрүүгээр нь холион бантан тарьдаг болов. Тус намынхан үндсэндээ хэд хэдэн том бүлэгт хуваагдсан. Гэхдээ жирийн гишүүд нь бус дээгүүрээ. УИХ-д 2, нам дээрээ бас тэгж хуваагдсан гэж яригдаж байгаа. УИХ-д 2017 оны 32:33 гэдэг шиг хуваагдал бий болжээ. Бүлгийн дарга нь сайд болоод оронд нь хэнийг тавих вэ гэдэг дээр далдуур маргаж байгаад Ж.Бат-Эрдэнийг сонгосон. “Эм Си Эс” угшилтэй Л.Энх-Амгалан чардайтал мотордоод баралгүй унажээ. Бүлгийн дарга нь сонгогдсон ч бүлгийн хагарал улам тодорхой болоод үлдэв. Одоо Боловсролын сайдыг нь ганхуулаад Засгийн газар, Г.Занданшатарт хаа нэгтээгээс шантааж хийгээд л байгаа даг. Угаасаа хөөсөн дээр бүтсэн Засгийн газар энэ мэтээс ч хийсчихэж магадгүй л юм.



МАН дээгүүрээ шинэ хуучин гэдэг хуваагдалд орсон. Генсек Я.Содбаатар нам дээрээ хүчээ зузаатгах бодлого барьж байгаа гэх. Энэ зөв. Нэгэнт л генсек болсон хойно тэгэх нь тодорхой. Гэвчиг Я.Содбаатар жаахан буруу аргаар будилаан тарих байдлаар хүчээ зузаалах гээд байна гэх шүүмжлэл намынхнаас нь гарах болжээ.



Угийн улс төрийн хурц ширүүн хөдөлгөөн хийдэггүй тэрээр нам дээрээ аанай л энэ маневраараа зугуухан хөдлөх болсон байна. Тэгэхдээ нэгийг нь нөгөөд нь муулж яриад байна гэсэн цуу таржээ. Саяхан тус намын орон нутгийн удирдлагууд цуглаж л дээ. Тэр үеэр нь генсек Я.Содбаатар өөртэйгээ үзэл бодол нийлдэггүй өөр нэг нарийн бичгийн даргыг баахан муулсан юм байх. Тэр хов нь муулуулсан нарийн бичгийн даргын чихэнд хүрчээ. Одоо тэр 2-ын дундах цаг уур маш таагүй байгаа юм байна. МАН-ынхан бас: Я.Содбаатар намын генсек биш ЕТГ-ын даргын ажлаа хийгээд байна гэж шүүмжлээд эхэлж. С.Ганбаатарын хэлсэн: Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийг Содбаатар үйлдвэр гэдэг болж гэсэн нь хүртэл МАН-ынхан дунд тараад унаж. Тэрчлэн бас нэг гайхмаар юм нь хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид энэ мэт мэдээллийг гаргаж тавихаас зайлсхийдэг болсон байна. Хэвлэлийнхэн: Үйлсээ Өнөрөө шиг болов оо гэсэн гээд ам дамжуулан бие биедээ анхааруулдаг болж.


Энэ юмнуудыг ингээд сонсохоор хэрэгтэй хэрэггүй хов жив мэт байгаа биз. Гэвчиг энэ нь төрөөр дамжаад биежиж баталгааждаг. Дүн нь явсаар байгаад мань дээрээ л лай ланчиг болж буудаг. Ерөөсөө л эд нарын хов жив, ширээ сандлын булаалдаанаас үсэрсэн шавар шавхай нь манийхаа амьдралыг холиогоод болохыг байсан. Маниус яг л галзуу хулгана дээр суусан юм шиг амьдраад байх болсон шүү.



Ө.Билэг