sonin.mn

ДУБАЙ, 2025 оны долоодугаар сарын 7 /TASS/. Арабын Нэгдсэн Эмират Улсад /АНЭУ/ 10 жил оршин суух эрх буюу “алтан виз”-ийг "Toncoin" криптовалютыг эзэмшигчид авах боломжтой хөтөлбөр эхлүүлсэн гэх мэдээллийг тус улсын Иргэний харьяалал, гааль, боомтын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага үгүйсгэжээ.


Уг криптовалютыг эзэмшигчид гурван жилийн хугацаанд стэйкинг хэтэвчиндээ 100 мянгаас доошгүй ам.долларын хөрөнгө оруулж, 35 мянган ам.долларын хураамж төлснөөр "алтан виз" авах боломжтой гэж TON Foundation компани долоодугаар сарын 6-нд мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа "Toncoin"-ы ханш 12 хувиар өсөж, 3 ам.доллароос давсан боловч хэсэг хугацааны дараа 2.9 ам.доллар болж буурсан байна. 


АНЭУ-ын Үнэт цаас, виртуал хөрөнгийн зохицуулалтын газар мөн уг криптовалютад хөрөнгө оруулагчид "алтан виз" авах боломжтой гэх мэдээллийг үгүйсгэжээ. “Алтан виз”-ийг үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, судлаачид, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд, хүмүүнлэгийн төслүүдэд оролцогчид болон амжилттай суралцаж буй оюутнууд авах боломжтой харин криптовалютын хөрөнгө оруулагчид авах эрхгүй гэдгийг тус байгууллага мэдэгдсэн байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг