sonin.mn

Украин дахь Оросын цэргийн “СВО” тусгай ажиллагаа 4 дэх жилийнхээ босгыг даваад 5 дахь сардаа (тасралтгүй 1230 өдөр шөнө) явж байна. Үүнтэй холбогдуулан Путины эхлүүлсэн дайн болгон энх тайвны үйлс байдаггүй гэдгийг ойлгуулах зорилгоор, мөн мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины Freeдом ТВ-ийн мэдээ, Орос-Азербайжаны зөрчлийн өнөөгийн сэдвээр оросын блогер Олес Филоненкогийн бичсэн, Андрей Дементьевийн хөтөлдөг “Russia-Common Sense and Legitimate Authority” жиргээ, мөн Путины өөрийнх нь мэдэгдэл, оросын заналхийлэл, оросын аналист Анатолий Несмияны ярьсан зэргээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Ингэхэд Кремлийн эрх баригчид тусгаар тогтносон, бүрэн эрхт Украин улсын эсрэг СВО явуулаад хэдэн жил болоход ямар үр дүнд хүрэв? Цэргийн шинжээчид Оросын хорлон сүйтгэх ажиллагааг ихэд үнэлж тоодог байснаа больсон, Оросын хүчирхэг дайчин гэгдэх имиж дэлхий даяар унаж байгаа нь гол үр дүн хэмээн барууны хэвлэлүүд дүгнэж байна. НАТО-г цааш нь тэлүүлэх нь бүү хэл эхлээд Румын, Болгарыг, дараа нь Дорнод Европ, Балтийн орнуудыг НАТО-гоос буцааж гаргана гэсэн нь үүрд төгсгөл боллоо. НАТО өргөжсөн, дахин өргөжих магадлал өндөр байна. Ойрхи Дорнод, Төв Ази, Кавказ Оросоос бүр хүнийслээ. Орос тэнд байр сууриа алдах нь цаг хугацааны асуудал. Оросын эдийн засаг том гэмтэл авлаа. Оросын армийн нэр хүндийг шаварт хутгалаа. Ид хөдөлмөрлөх насын нэг сая оросын иргэн хүний нутагт ясаа тавилаа. Одоо Орос нь дэлхийн адаг шаар, ганцаардсан улс болж хувирлаа. 


Д.Медведев бахархалтайгаар ярьж харагдав. 2025 оны эхний хагас жилд Оросын армид 210 гаруй мянган гэрээт цэрэг, 18 мянган сайн дурынхан элссэн гэв. Дан зарлагын материал уу? Тэгвэл 2025 оны эхний хагас жилд украины нацистуудаас “чөлөөлсөн” гээд байгаа газар нутаг нь нийт Украины нутаг дэвсгэрийн 0.25% гэсэн тооцоог НАТО-д хийжээ. Үр дүн хаана байна? ОХУ-ын цэргийн албан хаагчдыг бууж өгч олзлогдохыг уриалдаг “Хочу жить” хүлээн авах төвд Буриадаас очсон Андрей Ковальчук гэх цэрэг ярьж байна:–Алс Дорнод, Улаан-Үдээс Владивосток хүртэлх ард түмнийг орос гэж Москвад тооцдоггүй. Бүр хүн гэж ч үздэггүй гэжээ. Хохирлын мэдээг харна уу. Нэг юм хэлээд байна!



Хамгийн сүүлд Азербайжан Оросыг ил цагаан доромжлон нулимлаа. Гэхдээ шалтгаан ба өдөөгч нь Орос өөрөө юм. Гэлээ гээд огт дайсангүйгээр цааш оршин тогтнохгүй, тэгж чадахгүй гэдэг дээрээ Кремлийнхэн хатуу зогссоор байна. Эргэн тойрон нөхөрсөг найрсаг болчихоор амтгүй, уйтгартай байдаг ба дайсантай баймааж нь хөгжинө гэдэг дээрээ Путин нь Сталины адил итгэл бишрэлтэй. Одоо хар л даа. Ганцхан Беларусиас бусад хөрш бүх улс орон нь шил дараалан Оросын дайсан болж хувирч байна. Путины түрэмгий бодлогыг сайшаахгүй л бол бүгд дайсан болох процесс Кавказын чанад дахь холбоотнууд дээр тулж ирлээ. Орос дахь азербайжанчуудын эрх ашгийг хамгаална гэдэгтээ тулж Оростой шууд сөргөлдлөө.


Сөргөлдөөн оросын суртал ухуулагчдад сайхан далим (цалинтай ажил) гаргаж өглөө. Тэд шинэ дайсантай болжээ. Хамгийн хачирхалтай нь тэд Украины эсрэг хэрэглэж байсан шиг хараалаа зэрэг зэрэг урсгав. “Бакуг 3 хоногийн дотор”, “Бид хөмсөг зангидан муухай харахад л бол оо”, “Бакуг пуужиндаж бөмбөгдөөд өгөөч” гэх мэт үг хэллэгээр Азербайжаныг заналхийлнэ. Ам хэлээрээ сүрийг үзүүлж омогшов. Азербайжантай 300 км хиллэдэг хэсгээрээ их цэргээ оруулж хиар цохих, гэрлийн хурдаас 7 дахин их хурдтай пуужингаараа галан мөндөр оруулж хуйхлах тухай жинхэнээсээ нүдээ гялалзуулан ам мэдэн бүлтэрцгээв. Азербайжаны гомо нацистууд, русофоби хэмээн хуруугаараа чичлэн заахаа ч мартсангүй. Нөгөөдүүл нь тоож байгаа юм алга. Оросгүйгээр болноо гэсэн ганцхан хариулт өглөө.


Азербайжаны ЕТГ ын дарга Э.Намазов:–Бид Туркийн цэргийн бааз нутагтаа байршуулна. Үүнд ОХУ саад хийж чадахгүй гэв. Азербайжан Оросын эсрэг бүр чангарлаа.


Үнэхээр Азербайжан Орост дайн зарлачихсан юм уу гэлтэй үзэгдэл өдөр бүр ТВ, сайтуудаар дүүрэн. “Оросуудыг ангуучлах” бүх нийтийн хийрхэл дэгдэв үү гэлтэй орон байр орц хонгилоор битүү баривчилгаа. Салам бороохойдоод, гавлаад ачиж харагдана.


Армен бүр дордлоо. Никола Пашинян Туркэд айлчилснаар Армен, Турк, Азербайжан гурав Зангезурын коридорын талаар нэгдсэн тохиролцоонд хүрсэн ба Орос нь стратегийн ач холбогдолтой энэ хонгилыг дахин хэзээ ч хянахгүй боллоо. Оросыг тоглоомоос хаслаа. Хариуд нь Москва өнгөрсөн 7 хоногт Пашиняны эсрэг төрийн эргэлт зохион байгуулах гээд бүтсэнгүй, түүндээ цашин сүм хийдийн элитийг ашиглах гээд хөгөө чирлээ. Арменаа алдчихсан Орос Азербайжанд даралт шахалт үзүүлэх гэснийг цаадуул нь няцаасан. Үр дүнд нь Өмнөд Кавказ хавьд Оросын эсрэг шинэ альянс бүрдэж эхэллээ. Хэрэв Орос нь түрэмгийллийн зам сонговол Турк нь Азербайжан, Армены талд тууштай хатуу зогсоно гэдгээ илээр зарлаж ойлгууллаа. Арменд яг одоо оросын ТВ-ийн сувгуудыг хааж байна. Оросын соёлын төв, орос сургууль, явж явж орос хэл хаагдах руугаа явахаар байна. Геополитикийн дүрэм зохиомж Оросын эсрэг эргэж одоо хусит, хойд солонгосчуудаас өөр холбоотон Орост үгүй боллоо хэмээн О.Филоненко тавлан бичжээ.


Ингэхэд Путин гуай сонсох, харах, ойлгох, мэдрэх, үнэнтэй эвлэрэх дургүйдээ л дэлбэрчих гэж тэвчин ядах ба Кремлийн суртал нэвтрүүлэг л түүний сэтгэлийг дэвтээж байх бололтой. Түүнийг агуу хүн гээд шүтээд байдаг хүмүүс Орост нь эрхбиш байна. Тэгэхдээ тэр бол өнгөрснөөрөө амьдардаг, байнга худлаа ярьсан, эргэж буцсан, албаар хүнд ойлгомжгүй яаж ч буцааж тайлбарлахаар, үгүйсгэсэн, бас яг өөртөө л зориулж хүссэн зүйлээ ярьдаг нь өдөр бүр харагдана. “Оросын цэрэг хөл тавьсан газар биднийх гэсэн ийм хуучин дүрэм бидэнд бий” гэж хэлсэн нь олон орос хүнийг баярлуулсан байх. Харин дэлхийг цочроосон.


Тэр ингэж харилцан ярилцсан.

- Танай арми цаашаа яваад байгаа. Эцсийн цэг хаана вэ? 

- Украины мужуудын тухай яриад байна уу? Тэдгээр чинь угаасаа манайх. Орос, украины ард түмнүүд чинь нэг ард түмэн. Тийм учраас бүх Украин тэр чигээрээ манайх! 


Путинтэй тохиролцоод дайнаа зогсоо гэж дарамталдаг Трамп мэтийн хүмүүст Путин гэдэг хүн зогсохгүй гэдэг нь ойлгомжтой бус уу? Тэр ялбал цаашаа ч санаархахаа зарлаж байна. Үүнийг Европын улс төрчид ойлгож байгаа нь харин аз юм.


Путин бас ингэж хэлсэн:–Орос юуг ч сүйтгээгүй, зүгээр л дэлхийн дэг тогтоож байна. Украинд болж буй эмгэнэлт явдал бол дэлхий дахины өөрчлөлттэй эвлэрэхэд бэлэн биш байгаа хүмүүсийн ажлын үр дүн!


Харин тэр дэлхийн дэг гэдэг нь Орост яаж тусав? Сүүлийн ганц жилийн дотор ОХУ Ойрхи Дорнодын улс төрийн газрын зурагнаас үндсэндээ арчигдаж алга боллоо. Геополитикийн мундаг том тоглогч байсан нь түүх боллоо. Үүнийгээ л буцааж авахын тулд “дэлхий дахины өөрчлөлт” хэмээн гонгинож гомдоллож байна.  


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк сэтгэл зовинон мэдэгджээ. Юу гэвэл Явган цэрэг эсэргүүцэх мина хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, бусдад дамжуулахыг хориглосон Оттавагийн конвенцоос Оростой шууд хиллэдэг Эстон, Финланд, Латви, Литва, Польш, Украин улсууд нэгэн зэрэг гарчээ. Орос ямагт өдөөн хатгадаг, гибрид дайн явуулдаг учраас цаадуул нь Оростой залгаа хилээ хавтгайд нь минажүүлэхээр шийдэв үү?


Оттавагийн конвенцоос гарсных нь хариуг ингэж өгнө хэмээн Төрийн Думын депутат Андрей Гурулев заналтайгаар зарлав. Удахгүй Путины арми Польш руу халдана, тэд хилээ минажүүлээд, хаалт хашлага бариад өчүүхэн ч нэмэргүй. Путин явуулж байгаа дайндаа ялна, зүгээр нэг украинчуудыг алаад байгаа юм биш, дараа нь польшуудыг, Балтийн орнуудын оршин суугчдыг...гэв.


Путины хайртай тавиул Лукашенко заналтайгаар ярьж байна:–Латви, Литва, Эстон, Польшоо, Та нар дэлхийн газрын зурагнаас арчигдахыг хүсээ ю? Та нарын сонголт чинь тэр!”. 


Мөд устаж алга болно гэсэн Гурулев, Лукашенко нарын амыг дагуулан оросын эксперт аналист А.Несмиян гунигтайгаар бичжээ. Путины бүх бодлого дампуурч байна. “Кремлийн ухаалаг бодлого” Оросыг 2000 км-ээр НАТО-тай хиллэдэг болголоо. Умардад НАТО-тай шинээр хиллэсэн бол одоо Каспийн тэнгисийн зүгээс шинэ аюул учирлаа. Путины үйл ажиллагаанаас болж Орос нь алхам алхмаар НАТО-гийн баазуудаар бүслэгдэж байна. Хамгийн сүүлчийнхээ бодит холбоотнуудыг алдаж байна. НАТО-гийн баазуудаар улс орноо бүслүүлэх нь “СВО”-гийн эцсийн зорилго байсан юм уу?–Несмиян. 


       Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь