sonin.mn

Амьтны хувьд байгалиас олгогдсон насны нь тоо гүйцээд, хэмжээ нь яг болоод, аргагүйн эрхээр хорвоог орхисон (нас барсан) хүн бараг л байхгүй. Бүгд л ямар нэг шалтгаанаар, зуурдаар нас баржээ. Иймээс зуурдаар нас барагсдын хувь хэмжээг аль болохоор багасгах шаардлагатай. Энэ зорилгоор юу хийх, юунд анхаарах ёстой юм бэ?


Хүн гэдэг амьтны наслах боломж ер нь хэдэн жил юм бэ? гэх талаар онол, үзлийн маргаан буй. Гэхдээ байгалиас олгогдсон хэмжээ бол нийгмийн хүч, нөлөөгөөр засварлагдах ёстой. Хүний оюун ухаан, мэдлэг байхгүйг ч бүтээдэг, боломжгүйг ч болгодог. Ингэхлээр хүмүүс насаа ч уртасгах чадвартай. Сүүлийн 200 жилийн дотор гэхэд л хүний дэлхийн дундач насыг бараг л 2 дахин өсгөжээ. Энэ бол шинжлэх ухааны л ач гавъяа. Антибиотикууд, бусад чухал эмүүд, мөн вакцинууд энд хэргээ хийжээ. Гэхдээ насны дэлхийн дундач нь л өссөн болохоос биш, 100-аас дээш наслагчдын тоо ихэд өссөн бус, 130-150 насалсан хүн гарсан ч бус юм. 


Антибиотик, вакцин хоёр нь үрэвсэл, цар тахал гэсэн хоёр гол алуурчныг л устгажээ. Эм, вакциныг богино хугацаанд бүтээж хэрэглэх аваас хохирол бага байх боломжтой нь нотлогджээ. 


Хүний бие, эд эрхтэн, эрүүл мэнд “ид 25 настай үеийнх шигээ” хадгалагдаж чадах аваас өвчлөх, нас барах эрсдэл бараг л үгүй. Ковид-19-ийн үед ч энэ нь нотлогдлоо. Тэгэхлээр ийнхүү хадгалах боломж бий юү? Элэгдэлд оруулахгүй байх арга, ухааныг олох, тогтоох хэрэгтэй. Дархлаа нь ид 25 насны үеийнх шигээ байнгад байх ёстой. Эрт үхэл, зуурдын үхэлд хүргэдэг суурь шалтгаануудыг арилгах учиртай. Өөрөөр хэлбэл, эрт үхлийн суурь нөхцөл болдог, өвчин тусахын хөрсийг хүний бие, эрхтэнд бэлтгэж өгдөг бүхнийг таньж, тодруулж, үгүйсгэж байх нь нэн чухал. Энэ талаар орчин үеийн шинжлэх ухаанууд ямар жор, зөвлөмжийг буй болгоод байна вэ? тухайлж сонирхоод, цаад учрыг нь ойлгоод, үнэний хувь ихтэйг нь тодруулаад Та бүхэнд дараах зүйлсийг мэдээлж байна. Үүнд:


НЭГДҮГЭЭРТ; Хэн хүний (ер бүх амьтны) хоногийн амралт, нөхөн сэргээлт болох (түнэр харанхуйгаар анх үүдэгдсэн) нойрсолт. Орой 10 гучид хэвтээд 6-8 цаг унтах ёстой юм байна. Нойрны хамгийн чухал хэсэг нь 23-04 цаг юм. Яг энэ цагуудад л дархлааны эсүүд өсөж үрждэг, мэдрэлийн эсүүд сэргэж, өнгөрснийг тогтоож, маргаашийн ажилдаа бэлэн болдог гэнэ. Мэдрэлийн эсийн тоо 85 тэрбум орчим, нөхөн үрждэггүй, устаж цөөрөх хэрээр л уураг тархи хөгширдөг ажээ.


ХОЁРДУГААРТ; Хоол. Үр тариа, жимс ногоо, бүх төрлийн самар, буурцаг хүнд нас нэмдэг, харин махан бүтээгдэхүүн, архи, пиво, хийжүүлсэн ундаа, давс, сахар, торт, пицца мэт нь нас хороодог гэнэ.


ГУРАВДУГААРТ; Биеийн жин. Илүүдэл жин, хэт таргалалт нь бараг бүх төрлийн хорт хавдрын үүсэх таатай нөхцөл болдог ажээ.


ДӨРӨВДҮГЭЭРТ; Идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир. Идсэн хоолыг шингээх, булчингуудыг хэвийн байлгах, илүүдэл бүхнийг, хортой бүхнийг биеэс зайлуулахад тусалдаг ижилгүй хүчин зүйл юм. Булчин ажиллахгүй бол хоол өөх болж жин нэмэгддэг.


ТАВДУГААРТ; Цусны даралт хэвийн (120;80-аас бага) байх. Даралт ихсэх нь одоо цагт зуурдын үхлийн (инсульт, инфаркт) хамгийн том шалтгаан болжээ.


ЗУРГАДУГААРТ; Цусан дахь сахарын хэмжээ. Чихрийн шижин бол олон өвчний үүсэх нэг том шалтгаан, зуурдын үхлийн олон тохиолдол түүнтэй холбоотой.


ДОЛДУГААРТ; Цусан дахь холестерины хэмжээ. Зүрх, судасны элдэв гажиг, доголдлын, инсульт, инфарктын гол шалтгаан нь холестерин.


НАЙМДУГААРТ; Бүх нэр, төрлийн тамхи (утаат, электрон). Олон жил тамхи татсан хүн 90, 100 наслах нь бүү хэл олонхи нь 70 ч насалдаггүй. Ихэнх нь уушгины хорт хавдраар нас бардаг ажээ... Тамхи бол аажим үйлчилдэг хор юм!


XXI зуунд нэгэн том аюул, бүх насныхныг хамарсан түгээмэл том аюул таван тив, дөрвөн далайд буй боллоо, тархлаа. Энэ бол таргалалт. Тарган, хэт тарган хүн урт наслах ямар ч боломжгүй гэнэ. Наад зах нь л таргалалт нь 12 төрлийн хорт хавдрын үүсэх том хөрс, нөхцөл болдог. Улаан хоолойны, ходоодны, бүдүүн гэдэсний, элэгний, хөхний, цөсний, бөөрний, умайн хүзүүний, бамбай булчирхайн, өндгөвчийн, шулуун гэдэсний хорт хавдраар тарган хүмүүс өвчлөх магадлал хамгийн өндөр. 

Дээр дурдагдсан 8 нөхцөл, шалтгаан, суурь, хөрс Таны амьдралд хэвийн байгаа, сахигдаж байгаа бол Та зуурдын үхлээс 80 хувиар хамгаалагдаж, наад зах нь 80, 90 түүнээс ч урт наслах боломжтой юм байна. 

100-120 нас бол дээд хязгаар биш. Мэдрэлийн эсүүд нь устаж хорогдсоны улмаас хүн зөнөж эхэлдэг, амьдрах сонирхол, зүтгэлгүй болдог. Мэдрэлийн эсийн тоо, чадавхыг хэвээр нь шахам хадгалж байх аргыг олчих юм бол бусад эд, эрхтэнг хэвээр хадгалах, солих, шинэчлэх боломж одоо ч байгаа юм. Гавал доторх л ганц асуудал юм байна.



Хүний бие ба сэтгэлийг, үйл ажиллагааг удирдах төв нь болсон уураг тархийг элэгдэл, доройтолгүй, мөн эсүүдийн нь тоог цөөрүүлэхгүй байлгаж чадвал хүнийг наад зах нь 150 жил наслуулах боломж буй болох, олдох гэнэ. 



Бие эрүүл, сэтгэл санаа тайван, нийтэч, сэргэлэн цовоо, хөгжилтэй ааш авиртай хүний тархины үйл ажиллагаа 90-ээс дээш насанд нь ч хэвийн, зөнөгрөлөөс хол байж чаддаг. Мартамхай болох, архи тамхи мэтэд хялбар автах, тархи толгой амархан ядрах, стресст түргэн орох, анхаарлаа төвлөрүүлэх чадамж сулрах зэрэг нь мэдрэлийн эсүүдийн цөөрөлт, мөхөлтэй холбоотой. 


“Дэлхийн хэмжээнд хүн ам хүрдан өсөж байна. 2050 он гэхэд 6 хүний нэг нь 65 ба түүнээс дээш насныхан болно. Харин 2100 он гэхэд хүн ам 10,2 тэрбум хүрээд цаашдаа буурч эхэлнэ” гэсэн прогноз буй. Энэ үед хөдөлмөрийн чадвартайд тооцогдох нас мөн л өсөх болов уу. Хөдөлмөрийн бүтээмж байнгад өсөх болохоор хүн амын хөгшрөлттэй холбоотой бэрхшээл бараг л гарахгүй байх...

Биеийн жингээ зохих хэмжээнд нь барих, таргалсны дараа жин хасах гэж оролдох, хоол болон идэвхтэй хөдөлгөөний тусламжтайгаар жингээ хасахыг хичээх, өлсгөлөнг тэвчих мэт нь амар хялбар зүйл биш. Гэвч уугаад турдаг эм бэлдмэл гарчихжээ. Эмчийн хяналтын дор ууж турсан жишээ, баримт ч хаа сайгүй байдаг болчихлоо. Таргалалтыг одоо өвчин гэж үзэх, тооцох болов. 


Эрүүлийг хамгаалах яам, эмнэлэг, эмч нар хүнийг урт наслуулдаг биш, харин эмнэлэг, эрүүл ахуйн боловсрол л урт наслуулдаг ажээ. Өвчин, эмгэг, эрэндгийг эмчлэх, илааршуулах гэдэг бол нэг чухал асуудал, харин насыг уртасгах гэдэг бол арай өөр, бас нэг чухал асуудал юм. Энэ хоёрдох асуудлын судалгаа орхигдсоор ирлээ, нэн сулхан байна. Хүн төрөлхтөн энэ доголдлоо засах хэрэгтэй. 



Судлаач, профессор Д.Чулуунжав