sonin.mn

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий Сайд асан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Н.Алтаншагай, Х.Булгантуяа, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, М.Ганхүлэг, Д.Ганмаа, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир тэргүүтэй УИХ-ын хорь орчим гишүүнтэй Архангай аймгийн Цэнхэр суманд уулзсан талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн билээ. Энэ уулзалтын үеэр чухам яриа болов? хөдөө цугларч нууцхан шивнэлдсэн яриа хөөрөөнийх нь агуулга яг юу байв гэдэг тухай болсон явдлыг дэлгэж байна.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий Сайд асан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дээрх гишүүд цагийнх нь төлбөр хэдэн саяар үнэлэгддэг үнэтэй нисдэг тэрэг хөлөглөн өнгөрсөн Пүрэв гарагт Архангай аймгийн Цэнхэр суманд цугларчээ. Улмаар нийт дөрвөн хоног амралтын газарт гаднаас өөр амрагч оруулахгүйгээр тусгайлан хаан байж уулзжээ. Уулзалтад УИХ-ын 26 гишүүнээс гадна Булган аймгийн МАН-ын хороо, Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны удирдлагууд мөн оролцсон байна.


Булган аймгийн МАН-ын хорооны удирдлагууд энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий Сайд асан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт "Манай аймгийг УИХ дахь намын бүлгийн даргатай болгосонд баярлалаа.Цаашдаа та нарыгаа намын түвшинд тултал нь дэмжинэ" гэх зэргээр талархлаа илэрхийлсэн юм гэнэ.


Уулзалтын гол зохион байгуулагч, Монгол Улсын Ерөнхий Сайд асан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр УИХ-ын 26 гишүүнд хандан, "Бид хүчээ нэгтгэн, намын даргаа авч үлдэхгүй бол ах нар биднийг эрх мэдлийн тойргоос бүрмөсөн шахна. Та нар бол бүр УИХ-ын 2028 оны сонгуульд нэр дэвшиж чадах ч үгүй." гэжээ. Мөн УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ч.Номин нарыг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх асуудал босч мэднэ. Иймээс юуны өмнө энэ хоёр эмэгтэйгээ хамгаалж, авч үлдэх нь хамгийн чухал шүү гэх яриа ч өрнөсөн байна. 


Э.Болормаагийн хувьд гадаадын компаниас хууль бус хандив авсан нь нэгэнт тодорхой болсон. Харин Ч.Номин сайдаар ажиллахдаа "Go Mongolia" төслийн хүрээнд санхүүгийн зөрчил гаргасан байж болзошгүй асуудал нь шалгагдаж магадгүй болсон тул ийн ярьсан бололтой.


Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандан, "Миний найз үеэ төлөөлж, МАН-ын дарга болох хэрэгтэй. Энэ бол чиний эрх ашиг төдий бус үеийнхний чинь дуудлага, хамтын эрх ашиг шүү. Эсвэл бүр болохгүй бол Х.Нямбаатарыг МАН-ын дарга болгоё" гэж ятгах, шахахын завсар өгүүлжээ.Энэ үеэр түүний саналыг хамгийн их дэмжиж, бусдадаа ухуулан ятгаж байсан хүн нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа байсан гэнэ. Х.Булгантуяагийн хувьд Б.Батцэцэгийн оронд Гадаад Харилцааны Сайд болох хүсэлтэй байсан ч бүтээгүйдээ одоо ч уурласан хэвээр байгаа тул Л.Оюун-Эрдэнийн талд "тоглохоор" шийдсэн бололтой.


Харин Л.Оюун-Эрдэнийн энэ яриа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг тун эвгүй байдалд оруулсан бололтой, тэрээр УИХ-ын гишүүдтэй аль болох энгийн ахуйн шинжтэй яриа өрнүүлж, түүний саналд ямар нэг хариу огт өгөөгүй байна. 


Д.Амарбаясгалангийн хувьд элдэв хуйвалдаанаас хол байж, намынхаа эв нэгдлийг сахина гэдгээ уг уулзалтаас өмнө намынхаа лидерүүдтэй ярилцсан байсан аж.


Ийнхүү Ерөнхий Сайдаас огцорсон Л.Оюун-Эрдэнэ улс төрийн байр сууриа авч үлдэхийн тулд, намынхаа зарим лидерүүд, УИХ-ын гишүүдээс дэмжлэг авахын тулд "Үеийнхэн" гэдэг өнцгийг барьж авсан бололтой. Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө л мууд, ард иргэдийн дунд нэр хүнд нь навс унасан учраас л огцорсон.



Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ огцорлоо гээд түүний үеийнхний улс төрийн оролцоо хумигдаагүй. Бараг түүнээс залуу сайд нар Засгийн Газарт ажиллаж ч байгаа.


Харамсалтай нь бодит байдлаас тасарч, вакумд орсон Л.Оюун-Эрдэнэ зөвхөн цөөн хүний эрх ашгийн төлөө "Үе хоорондын тэмцэл" гээч юмыг Монгол Ардын Нам дотор дэгдээхийг санаархаж буй бололтой.


Б.Ганбат