
ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 6 /BBC/. Японы эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ даргаар Такаичи Санаэ сонгогдсоноор бизнесийг дэмжигч улстөрч тэрбээр дараагийн ерөнхий сайд болох төлөвтэй болсны дараа Японы хувьцаануудын ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Тодруулбал, Nikkei 225 жишиг индекс өнөө өглөө дөрөв гаруй хувиар өссөнөөр түүхэндээ анх удаа 47 мянгаас дээшилсэн байна. Т.Санаэ нь төсвийн зардлыг нэмэгдүүлэх, зээлийн өртгийг бууруулахыг дэмждэг гэдгээрээ алдартай ажээ. Тэрбээр мөн Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер болон түүний чөлөөт зах зээлийн бодлогыг дэмжигч нэгэн юм.
Хөрөнгө оруулагчид түүнийг ЛАН-ын даргын сонгуульд ялсныг таатай хүлээн авсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, технологи, хүнд үйлдвэрийн компаниудын хувьцааны ханш өссөн байна. Харин хувьцаануудын ханш өсөж байхад иений евротой харьцах хамгийн доод түвшинд хүрчээ. Мөн ам.доллартай харьцах ханш нь 1.5 гаруй хувиар буурсан байна.
Хэрэв Т.Санаэ энэ сарын сүүлээр Шигэрү Ишибагийн халааг авах нь батлагдвал тэрбээр Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болно. Тэрбээр эдийн засгийн өсөлт саарч байгаагаас гадна өрхүүдэд тулгарч буй зардал нэмэгдэх, цалингийн өсөлт удаашралтай байгаа зэрэг асуудлуудыг зохицуулах шаардлагатай болох юм.
Т.Санаэ мөн АНУ-Японы харилцаанд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Ш.Ишибагийн Засгийн газар болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хооронд байгуулсан тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ёстой.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0