
Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх баярын өдөр өчигдөр тохиолоо. Гэвч энэ өдөр багш нар баярлах бус төв талбайд суулт зарлаж байлаа. Уг суултаар багш нар Засгийн газрыг төсвөө эргүүлэн татаж, боловсролд хөрөнгө оруулахыг шаардаж байгаа аж. Энэ талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрах “Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсролын яамтай байгуулсан хамтын хэлэлцээрээ хэрэгжүүлэх, багш нарын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар маш олон хүсэлт ирсэн.
Энэ хүрээнд Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлэх ажлын хэсэг байгуулсан. Иймд бид хуулийн хүрээнд олгогдсон эрхийн дагуу тэмцэл хөдөлгөөнөө зохион байгуулж байна. Бид Боловсролын яамтай хамтарч ажиллах хүсэлт явуулсан.
Мөн улсын төсөвт саналаа хүргүүлж, багш нараас ирүүлсэн шаардлагыг хүргүүлсэн. Улмаар есдүгээр сарын 24-нд 10 мянган багш оролцсон жагсаал цуглаан зохион байгуулсан. Уг жагсаалын хүрээнд УИХ, Засгийн газарт аравдугаар сарын 3-ны дотор багш ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлж 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан. Гэвч энэ шаардлагын хариу ирээгүй учир багш нар баярынхаа энэ өдөр суулт хийж байна. Энэ удаагийн суултаар бид аравдугаар сарын 9-ны дотор Засгийн газрыг төсвөө эргүүлэн татаж, багш нарын цалинг нэмэгдүүлж, боловсролд хөрөнгө оруулахыг шаардаж байна” гэв.
“Хэдэн жил ажилласнаас үл хамааран бүх багш 1.4 сая төгрөгийн цалин авдаг”
Уг суултад нийслэлийн сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон 1000 орчим багш нэгдэж байгаа юм байна. Мөн энэ сарын 6-10-ны өдрүүдэд уг суултад ахмад болон залуу багш нарын төлөөлөл, сургуулийн удирдлагууд оролцож тэмцэл хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэдгээ тэд хэллээ. БГД-ийн “Сэтгэмж” сургуулийн багш Н.Батханд “Би монгол хэл, уран зохиолын багшаар 32 дахь жилдээ ажиллаж байна. Хэдэн жил ажилласнаас үл хамааран бүх багш 1.4 сая төгрөгийн үндсэн цалинтай.
Бид мэргэжлийн зэрэг, анги даалт, кабинетийн гэсэн гурван төрлийн нэмэгдэл цалин авдаг. Би энэ бүгдийг нийлүүлээд 2.6 орчим сая төгрөгийн цалин авдаг. Гэвч татвараа суутгаад л гар дээр 1.4 сая төгрөг л ирдэг. Олон жил ажилласан учраас л цалин хэдий амьдралд хүрэлцээгүй ч ажилласаар байна.
Мөн хүүхдүүдийн утасны хэрэглээг хязгаарла гэдэг хэрнээ янз бүрийн цахим сургалтын платформ оруулж ирж байна. Эдгээр нь учир дутагдалтай байдаг. Иймд багш нарыг хөгжүүлэх, цалинг амьдралд хүрэлцээтэй байлгах тал дээр анхаарахыг хүсч байна. Мөн боловсон хүчин, хүний нөөц дутагдалтай байгаа. Шинэ төгссөн залуучууд цалингаас болоод мэргэжлээрээ ажиллахгүй байх нь элбэг байна” гэв.
“Жилийн өмнө цэцэрлэгийн багшийн ажлаа орхиод БНСУ-д ажиллаж байгаад ирсэн”
Мөн Нийслэлийн 191 дүгээр цэцэрлэгийн багш В.Отгонбаяр “Би 2017 оноос хойш боловсролын салбарт ажиллаж эхэлсэн. Багш нарын цалин амьдралд үнэхээр хүрэлцэхгүй байна. Учир нь үндсэн цалингаасаа шимтгэл, татварт суутгуулаад гар дээрээ 1.2 сая орчим төгрөгийн цалин л авч байна. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш үнэтэй байгаа. Бидний авч байгаа цалинг бараа, бүтээгдэхүүний үнэтэй харьцуулаад харвал яагаад ч амьдралд хүрэлцэхгүй. Монголд багшлах багш байхгүй болсон юм биш. Маш чадварлаг, өндөр боловсролтой багш нар олон бий. Гэвч тэдгээр хүмүүс цалин бага учир мэргэжлээрээ ажиллахаас илүү гадагшаа явж хар ажил хийх, бусад салбарт ажиллах, хувиараа бизнес эрхлэх зэргийг сонгодог. Би ч гэсэн жилийн өмнө цэцэрлэгийн багшийн ажлаа орхиод БНСУ-д ажиллаж байгаад ирсэн. Тиймээс багш нарын цалинг амьдралд хүрэлцээтэй болгохыг хүсэж байна” гэв.
“Цэцэрлэгийн туслах багш нар тасралтгүй 10 цаг ажилладаг ч 1.2 сая төгрөгийн үндсэн цалин авдаг”
“Цалин нэмэхийг шаардаж байна”, “Багш нар хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна” хэмээн эсэргүүцлийн лоозон барьсан багш нарын цуваа Сүхбаатарын талбайд үргэлжилсээр байлаа.
Энэ үеэр БЗД-ийн 20 дугаар цэцэрлэгийн туслах багш С.Баяраа “Би 23 дахь жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн үндсэн багшийн цалин 1.5 сая, туслах багшийнх 1.2 сая төгрөг байдаг. Үүнээс гар дээрээ нэг сая хүрэхтэй үгүйтэй төгрөгийн цалинг л бид авдаг.
Өнөөгийн нийгэмд ийм хэмжээний цалингаар амьдрахад бэрх. Бид мэргэжилдээ дуртай учраас л ажилласаар ирсэн. Шинээр төгсөж байгаа залуу багш нар цалин хөлс бага, ажлын ачаалал ихтэйгээс шалтгаалан салбартаа ажиллах нь ховор болсон. Цэцэрлэгийн багш нар тасралтгүй 10 цаг ажилладаг. Иймээс багш мэргэжилтний хүний нөөц дутагдалтай байгаад байна. Тиймээс төр засгаас багш нарын нийгмийн асуудалд анхаарч, цалин хөлсийг нэмээд өгвөл ажиллах боловсон хүчин бол хангалттай байгаа гэж боддог” хэмээн суултад нэгдэж буй багш нар байр сууриа илэрхийлж, цалингийн доод хэмжээг 3.5 сая болгохыг шаардав.
Ч.БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл6
МАНыг өөрсдөө сонгож гаргачихаад одоо бас МАНынхаа эсрэг жагсана гэнээ өмхий хар малууд аа Хохь чинь ээ
Цалингаа нэмүүлье гэвэл уул уурхайг дэмж
Одоо тийм мөнгөөр яаж амьдраx вэ дээ, цалинг нь нэм !!!
МАН-аа л сонгоод байгаарай, амий чинь авах л бий вий дээ ! МАН-аа л сонгоод байгаарай, голыг чинь гогодо х л бмй вий дээ !
Эд нарт өгөх мөнгө байхгүй байгаа ! Хэрвээ байдгаа шавхаад танаад эд нарын мөнгийг нэмчихвэл улсын эдийн засаг сүйрнэ ! Инфляци нь улам галзуураад бусад хүмүүс нь амьдрахад их хэцүү болно ! Ажилгүй улны хүмүүс бол нэгэнт цайрчихсан юм чинь нэмэх хасах нь хөөрхий тэд нарт падгүй ! Багш нэртэй хэдэн шуналтай авгайчууд тэгэж л байдаг юм ! Тоосны хэрэггүй шүү бодон минь ээ !
Гудамжны цэвэрлэгёийн цалинг 3 сая 500 мянга болгож нэмж чадсан юм чинь багш нарын цалинг ч нэмэх хэрэгтэй Ялгавароан гадуурхалт байж болохгүй Бас тэтгэвэрийнхэнийг чаж амьдар гэж байгаа юм бэ Нүүрсний хулраычдаар хохирол төлүүлж нэмэх хэрэгтэй