sonin.mn

Украин дахь Оросын цэргийн “СВО” тусгай ажиллагаа 3.8 дахь жилдээ (1321 өдөр шөнө) үргэлжилж байгаатай холбогдуулан Путины эхлүүлсэн дайн ба тэр дайны толгойлогч Путины талаар украины ба барууны улс төрчид, мөн оросууд өөрсдөө хэрхэн дүгнэж үнэлсэн тухай хөрвүүлж буулгая. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огтоос тусгагдаагүй болно.


Хамгийн эхэнд Оросын улс төрч, Төрийн Думын депутат Сергей Мироновын “@mironov_ru” жиргээнээс сонирхоё. “СВО” гэдгийнх нь сүүлчийн шат, эцсийн гарц байж мэдэх далд дохио юу? “Манай армид маршал цолыг эргэж сэргээх шаардлагатай байна. Тэгээнд анхны маршал нь манай Дээд ерөнхий команлагч Владимир Путин болог. Тэр ялалтын маршал болох нь ойлгомжтой. Яагаад гэвэл манай арми урагш давшиж, Оросын унаган газар нутгийг Эх оронд нь эргүүлэн авчирч байна.


Бид дайснаа ялна! Өөрөөр байх тавилангүй!” гэж бичсэнээ цаашаа хадуураад “2022 онд Новороссияг Орост нь буцааж авсан нь Оросын ертөнц сэргэх эхлэлийг илтгэсэн. ДНР, ЛНР, Херсон, Запорож мужууд ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон нь ямар их баяр вэ? Хүмүүс түүхэн Эх орондоо эргэж ирсэн төдийгүй, тэд хамгаалалт, дэмжлэг авсан!” гэжээ.


Миронов Путинээ Аугаа их Эх орны дайны ялалтын маршал Сталин, Жуков нар шиг болгох нээ. Харин тэр маршалынх нь хийсэн бүтээсэн зүйл энэ хөх хүснэгтэд байна. Дөрөв дэх жилдээ байлдаж буй Оросын ялгуусан армийн хохирлын мэдээ. Өнөөдрийн байдлаар. Чөлөөлсөн гээд байгаа Новороссиягаа бүрэн эзлэн авч чадалгүй гацаж зогсоод байлдаж байна.


Оросын цөмийн дайны маньякууд АНУ, Европыг бүх хүн амтай нь устгана гэсэн ээлжит хийрхэлээ цэнхэр дэлгэцээр таслахгүй явуулсаар байна. Цаасан бар биш гэдгээ нотлох гэж “Бид бол баавгай” гэж байн байн хашгичана. Харьцуулалт гаргаад ирэхлээр бүр ч боож үхнэ. НАТО аль ч утгаар Оросоос илүүрхэж чадна гэдгийг огтоос сонсох хүсэлгүй. Гэсэн мөртлөө тэг ингэ гэж армиасаа зүсэн бүрийн ялалт шаардана.

 

Нэг орос эмэгтэй бичлэгээ жиргээнд оруулж ингэж ярьж байна:–Мэдээж, манай аугаа стратегич Путинд “амжилт” олон бий. Гэхдээ миний бодлоор хамгийн онцгой гэж үзэх нь: 

 

  1. Бодит байдлын эсрэг хуягласан суртал нэвтрүүлэг тарааж чаддаг.
  2. НАТО-тай хуурай газраар хилээ 1500 гаруй километрээр хиллэдэг болгосон.
  3. Тэтгэвэрийн насыг нэмсэн ч тэтгэвэрт нь мөнгө олдохгүй болсон.
  4. Харин дайн хийхэд нь мөнгө байна. Энэ л парадокс.
  5. Путин Оросыг террорист улс болгож чадсан ба одоо бүх соёлт ертөнц Путиныг үзэн ядаж байна гээд Путиндээ “дархлагдсан алуурчин” гэж хоч нэр өгчээ.

 

Оросуудын эрхэлдэг “Russia-Common Sense and Legitimate Authority” сайтад ингэж бичжээ. “Бид НАТО-тай хуурай газраар хиллэхгүйн тулд Украин руу довтолж байлдаж байна гэж Путин нотлодог. Гэтэл Швед, Финланд хоёр НАТО-д элсээд Оросын баруун хойд хэсэгт 1380 км-ээр шууд НАТО-тай газраар хиллэдэг болгочихсон. Орос энэ дайныг эхлүүлэхдээ Украиныг зэвсэггүй бүс болгоно гэсэн. Гэтэл Украин нь одоогоор ганц жилд 5 сая дрон үйлдвэрлэж, ганц сард нэг сая ширхэг их бууны сум үйлдвэрлэдэг боллоо. Бүр тив алгасагч баллистик пуужин үйлдвэрлэж байна. Европын хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч нь Украин болж хувирлаа. Украины зэвсгийн үйлдвэрлэл Оросынхоос давчихлаа. Одоо Украин нь ил зарлахгүйгээр нууцаар яг Израиль шиг цөмийн зэвсэгтэй болчихсон байж магадгүй. Путин дайн эхлүүлэхдээ “Бид Оросын эдийн засгийг улам хүчирхэгжүүлнэ” гэсэн. Гэтэл Оросын бүх орлого зогсож, бүх нийгэм-эдийн засаг нь 100% Хятадын хараат колони нь болчихсон байна. Оросууд бензинээ хүртэл Хятадаас авдаг дээрээ туллаа. Оросын дайны бүх зорилго 100% дампуурсан, одоо энэ дайнаа зогсоохгүй бол мөхөх нь 100% бүрэн тодорхой байна. Дайнаа зогсоосон ч Путин үхнэ, зогсоохгүй байлаа ч Путин үхнэ, ямар ч гарцгүй ангалд уначихлаа. Дарангуйлагч дэглэмийн сул тал ердөө л энэ шүү дээ” гэжээ. Дээд ерөнхий команлагч Владимир Путинээ Ялалтын маршал болгож баярлуулах гэсэн Мироновын бялдуучлалд оросууд нь өөрсдөө ийм хариу өгөөд эхэлжээ.


НАТО-гийн ЕНБД Марк Рютте: –Украин дахь дайн мөд хэлэлцээ хийснээр дуусна. Гэхдээ ямарваа энх тайвны хэлэлцээр байгуулж, гал зогсоолоо ч гэсэн Украин эх орон нь хамгаалагдах болно гэдгийг Ерөнхийлөгч Зеленский мэдэж авбал зохино гэжээ.


Польшийн Ерөнхий сайд Дональд Туск: –Дайн явагдаж байна. Өнөөдөр хамгийн гол зорилго бол “Дайн болж байна” гэдгийг бүх хүнд ойлгуулж ухааруулах явдал юм. Энэ бол бидний, манай дайн. Хэрэв бид энэ дайнд ялагдах аваас уршиг дагавар нь зөвхөн бидний үеийг хөндөх бус бидний дараагийн үеийг ч хөндөх болно. Польшид ч, бүх Европт ч, АНУ-д ч, дэлхий ертөнцөд ч бидний дараагийн үеийг хөндөх болно. Бид ялагдахгүй. Украин энэ дайнд ялна. Бид Украины тусгаар тогтнолыг хамгаалж, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ ирээдүйг баталгаажуулна. Би үүнд хатуу итгэдэг. Энэ талаар бод, ярь, мөн үйлдэл хий гэж уриалан дууджээ.


Украины фронт эргэж, АНУ-ын Засаг захиргаа үнэнд гүйцэгдэж буй тухай америкийн хэвлэлүүд олонтаа бичих болжээ. Дэд ерөнхийлөгч Вэнс “Оросууд алж талах мөртлөө өөрсдөө ойгүй их хохирол амсаж байна. Практик дээр ганц ч үр дүн алга” гэсэн бол Украин хариуцсан тусгай эрч бэлтгэл генерал Кейт Келлог Fox News-ийн эфирээр ингэж ярив:

 

  • Энэ дайн Трампын үед биш, 2014 онд Обамагийн үед эхэлсэн, дараа нь 2022 онд Байдены үед жинхэнээсээ дэгдсэн. Трамп бол зөвхөн тэднээс өвлөж авсан. Тэгээд ч дайныг дуусгах гэж бололцоотой бүхнийг хийж байна. Манай тагнуул ба Төрийн департаментын сүүлийн үеийн мэдээнүүд юу хэлж байнав гэвэл, Орос ялахгүй юм байна. Хэрэв тэд ялж байгаа юм бол өдийд тэд Киевт, Одесст, Днеприйн цаана гарчихсан байх байлаа.
  • Эсрэгээрээ НАТО-г Орос бэхжүүлчихлээ. Финландаар дамжаад НАТО-тай хилээ ОХУ хоёр дахин тэлээд авлаа, Швед нь технологийн потенциалаа өсгөөд авлаа. Украины хувьд Оросыг харин ч хайр найргүй цохих боломж байна. Тэгж цохилт өгөх зэвсэг нь байна.
  • Гол нь Киевээс хэзээ ч америкийн цэргүүд ирээсэй гээгүй, зөвхөн зэвсэглийн систем, түүнийг ашиглах эрх л хүссэн. Ерөнхийлөгч маань Орост ариун дагшин бүс зоон гэж байхгүй гэчихлээ. Юу гэвэл Оросын нутгийн гүн рүү цохилт хийж болно гэсэн үг. Тэгээд ч Зеленский Трампаас алсын тусгалтай “Томагавк” пуужин хүссэн. Шийдвэр хараахан гараагүй ч хүсэлтийг хүлээн авсан, нотлосон, түүнийг Вэнс нотлож байна.
  • Энэ бол Дэлхийн II дайнаас хойш Европт дэгдсэн хамгийн том дайн бөгөөд хохирол нь хэдэн зуун мянга, сая. Алдаанаас дайн шатлан өргөжиж мэднэ. Польшид дрон, Эстонд онгоц. Энэ бол зөвхөн Европ биш шүү. Дайныг Хятад, Хойд Солонгос улам дэвэргэж байна. Энэ бол глобал мөргөлдөөн гэдгийг бид ойлгох ёстой!

 

“The Financial Times”-д бичжээ: –Оросууд олон зуун мянган хүнээ алдаад стратегийн ач холбогдолгүй хэдэн тосгон л эзэлсэн. Одоо хүний болон санхүүгийн нөөц нь барагдаж байна. Эдийн засаг нь ч бүрэн дампуурахад тун ойрхон ирсэн. Стратегийн хувьд Украин дайнд ялж байна гэжээ. Ноцтой дүгнэлт, оросуудад бол сануулга. Украинчуудаас социологийн судалгаа Оросын байгууллага авсан тухай мэдээлэл жиргээнд явж байна. Ялагдаж өгөхгүй байгааг нь тандаж мэдье гэсэн бололтой. Зохион байгуулагчдыг нууцалжээ. Тэнд бичсэнээр Украин улсаа хэн дэмждэг вэ гэвэл боловсролтой мөртлөө орлого сайтай байх тусмаа дэмждэг. Харин ядуу, боловсролгүй байх тусмаа Путин болон оросуудад талтай ханддаг гэжээ. Молдов улсад Кремлийн геополитикийн төсөл бүрэн дампуурсан. Парламентын сонгуулийн үеэр бэлэн мөнгөтэй, тэсрэх бодистой оросуудыг үйл олноор нь баривчилсан бичлэг тасрахгүй явж байна. Мөн Днестр мөрний нөгөө эрэгт оросуудын байгуулсан тоглоомын улсын хоногийн тоо дуусах дөхөж байгаа тухай байнга мэдээлнэ.


Монголд хамаарах нэн чухал мэдээлэл Оросоос тасрахгүй байна. Оросын нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын бараг 40% нь дрондуулж сөнөөлгөсөөр бүрэн зогсчээ. Одоо Орос өөрөө Хятадаас, Беларусиас бензин импортлогч боллоо. Казахстанаас бензин гуйх яриа хэлэлцээ эхлүүлэх гэж байна. Мөн Өмнөд Солонгос, Сингапураас шатахуун авах, шатахууны татварыг тэглэх, импортлогчдод төсвөөс нэмэлтээр зээл олгох зэрэг арга хэмжээ аваад эхэллээ. Украины нисгэгчгүй онгоц, дронууд Оросын газрын тосны үйлдвэрүүдэд удаа дараа цохилт өгч, нефть боловсруулах хүчин чадлын бараг талыг зогсооход хүргэх бололтой. Энэ бол Оросын түүхэнд анхны том хэмжээний сүйрэл болно.


Сүүлийн хоёрхон сарын дотор Украины нисгэгчгүй онгоцууд 20 гаруй томоохон нефть боловсруулах үйлдвэрийг жагсаалаас гаргажээ. Үр дүнд нь одоо Орост нэг машинд 12 литрээс илүү бензин олгохгүй байх хатуу хязгаарлалт тогтоожээ.

 

Үүнтэй холбоотой нэгэн эвгүй мэдээ. Z-суртал нэвтрүүлэгч алдарт Максим Калашников бичлэгээ жиргээнд оруулахдаа, одоогийн Оросоо 1917 оны хувьсгалын өмнөх Оростойгоо зэрэгцүүлж адилтгажээ. 1917 онд нийслэлд талх байхгүй болсноор хувьсгал дэгдсэн бол одоо тэр талхны орыг оросууд бензиний хомсдолоор орлуулаад авлаа гэжээ. Путин тэргүүтэй Оросын эрх баригчид дайн хүссэн, тэдний хүссэн дайн Орост эргэж ирсэн нь бензиний хомсдол болж байна. Шатахууны түгээлт зогсож манай дэлгүүрүүдийн лангуу хоосорч эдийн засаг нурж эхэллээ. Бид сандралдан Хятадаас шатахуун худалдан авч байна. Тэгснээрээ Орос эх орон маань өөрөө “Умард Хятад” болчихлоо. Хятадад очоод үз. Битүү манай оросууд. Аль хэдийнээ хятадаар ус цас ярьдаг шар төрхтэй хятадууд болчихжээ. Оросын нийгэм-эдийн засаг, улстөр, бүх юм Хятадаас бүрэн хамааралтай байна. Энэ Путин үхвэл Оросыг маань маргаашаас нь энэ Си Жиньпин захирч эхлэнэ. Энэ дайн бол Оросын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн том алдаа, стратегийн шившиг, бүрэн ялагдал. Зөвхөн Путиныг баярлуулах гэж, сайн мэдээ дуулгах гэж байлдаад бид байж байгаа нь энэ хэмээн орос блогер youtube.com-ын сэтгэгдэлд бичсэн байх юм!


Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь