sonin.mn

Үндсэн хуулийн Цэцэд МҮЭХ-ны өмчийг хууль бусаар худалдан авч өмчилж байгаад эргүүлэн өгөх болсондоо бухимдаж байгаа хүн хандсан гэдгийг УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нэрийг нь хэлээгүй ч нуухгүй байна. МҮЭХ-ны төв байрны 600 метр кв талбай бүхий "Б" корпусыг Манука ХХК хууль бусаар эзэмшин ашиглаж байгааг МҮЭХ-ны Санхүү аж ахуйн газраас дөрвөн жил шүүхээр явсны эцэст "Манука ХХК нь уг барилгыг хууль бусаар худалдан авч өнөө хүртэл өмчилж байна.

 

Уг барилга нь МҮЭХ-ны өөрийн өмч мөн" гэдгийг шат шатны шүүхээс тогтоожээ. Түүнчлэн 2008 оноос хойш "Манука" ХХК-иас МҮЭХ-д учруулсан хохирол болох 700.800.000 төгрөгийг төл гэсэн шийдвэрийг ч гаргажээ. Энэхүү нэхэмжлэлд МҮЭХ-г төлөөлж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа "Шинэ эрин" Хууль зүйн товчооны захирал Ж.Энхчулуунаас тодруулга авлаа.


-2010 оны наймдугаар сард МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар Чингэлтэй дүүргийн шүүхэд "МҮЭХ-ны төв ордны 600 метр кв талбай бүхий "Б" корпусын барилгыг "Манука" ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлж, түрээсийн төлбөрийн үнэ 530'463'963 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү" гэж нэхэмжилсэн юм.

 

Үл хөдлөх хөрөнгийн гэрээг таван жилийн хугацааатай байгуулсан. 2007 оны 12 дугаар сарын 31-нээр уг гэрээний хугацаа дууссан ба 2007 оны наймдугаар сарын 30-ны өдрийн МҮЭХ ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор метр кв талбайн түрээсийн төлбөрийн үнийг 25 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

 

Энэ үнийн өөрчлөлтийг Манукад МҮЭХ мэдэгдсэн ч "Бид ийм өндөр түрээс төлөхгүй. Анхны гэрээ ёсоор метр кв-ыг нь 4000 төгрөгөөр тооцож түрээслэнэ" гээд түрээсийн гэрээг ч байгуулаагүй, байрыг маань ч чөлөөлж өгөөгүй. Иймэрхүү байдлаар олон нийтийн байгууллагын үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар өмчлөн ашиглаж 2008 оноос өнөөдрийг хүртэл таван жилийн туршид ямар ч төлбөр тооцоо хийлгүй ашиглаж орлого олсоор байгаа.

 

Угтаа бол МҮЭХ-ны өмч энэ барилгыг барьцаалж Зоос банкнаас зээл авч засвар өргөтгөлийн ажлыг хийж өөрөөр нь төлүүлсэн гэсэн үг. Үүнийг нотлох хангалттай баримт байдаг. /Үзүүлэв/ Энэ зээлийн хөрөнгийг байгууллагын санхүүгийн баримт, тайланд огт тусгаагүй юм билээ.



-Өргөтгөл засвар хийхэд зарцуулсан хөрөнгийг түрээсийн төлбөрт тооцохоор тохирсон заалт гэрээнд бий юу?

-Гэрээний 4,4-т зааснаар түрээсийн барилга, байгууламжийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, өргөтгөл хийхдээ МҮЭХ-ноос албан ёсны зөвшөөрөл авна гэсэн байдаг бөгөөд ийм зөвшөөрлийг Манука ҮЭ-ээс аваагүй. Тиймээс салгаж авах боломжгүй засварыг санхүүгийн    баримт, тайланг үндэслэн тогтоох боломжтой байдаг. Гэтэл Манука ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн анхан шатны санхүүгийн баримтад энэ барилгад оруулсан хөрөнгө оруулалттай холбоотой баримт байхгүй.



-Түрээсийн төлбөрөө төлөөгүй болохоор энэ байрнаас Манукаг rap гэж байгаа юм уу?

-Үгүй ээ. Энэ барилгыг Манука ХХК өөрийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээг гаргуулсан байдаг. Энэ нь хууль бус гэдгийг Захиргааны хэргийн шат шатны шүүхээс тогтоож уг корпусын барилгыг МҮЭХ-ны өмч мөн гэж тогтоосон учраас Манукагийн хууль бус өмчлөлөөс байраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.



-Түрээсийн гэрээгээр Үл хөдлөх хөрөнгийг эзэмшигчийн гэрчилгээ авчихдаг хэрэг үү?

-2005 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн    МҮЭХЕЗ-ийн тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоолоор Үл хөдлөх хөрөнгийг худалдах шийдвэр гаргасан юм билээ. Тэгтэл мөн сарын 16-ны МҮЭХЕЗ-ийн тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоороо 10 дугаар тогтоолоо хүчингүй болгосон байдаг юм. Харин энэ хооронд "Манука" ХХК үл хөдлөх хөрөнгийг худалдах тогтоолыг хүчингүй болгосон тогтоол гарсан өдөр өмчлөлийн гэрчилгээ авсан байдаг.

 

Худалдаж авсан гэх боловч МҮЭХ-ны дансанд нэг ч мөнгө ороогүй. Иймээс бид Манука ХХК-ийн нэр дээр гарсан өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Шат шатны шүүх МҮЭХ-ны "Б" корпусын барилга нь Манука ХХК-ийнх биш МҮЭХ-ны өмч мөн гэдгийг тогтоож өглөө. МҮЭХ өөрийн өмчийн барилгаа Манукагаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлээ Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан.

 

Тус шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар шийдвэрээрээ Манука ХХК МҮЭХ-ны байрыг чөлөөлөх, нэхэмжилсэн 700.800.000 төгрөгийг төл гэсэн шийдвэр гаргасан. Харин хариуцагч тал буюу Манука ХХК Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн "Б" корпусын барилгыг чөлөөлөх заалтыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн магадлал гаргалаа.



-МҮЭХ үл хөдлөх хөрөнгөө худалдахаар тэргүүлэгчдийн тогтоол гаргаад 14 хоноод түүнийгээ хүчингүй болгож байхыг бодоход "Б" корпусыг хууль бусаар эзэмших боломжийг ҮЭ-ийнхэн олгосон юм биш үү?

-Үл хөдлөх хөрөнгийг тэргүүлэгчдийн тогтоолоор биш Ерөнхий зөвлөл, их хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх ёстой дүрмээ зөрчиж ийм шийдвэр гаргаж боломж олгосон юм билээ.



-Тэгвэл МҮЭХ-ны тухайн үед шийдвэр гаргасан тэргүүлэгчид хариуцлага хүлээх үү?

-Хэнд ямар хариуцлага хүлээлгэхээ ҮЭ өөрийн дүрэм холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх байлгүй дээ. Миний хувьд Манука ХХК-иас МҮЭХ-ны өмчийг чөлөөлүүлэхээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Одоогоор хариуцагч талаас дээд шүүхэд хандаж хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдээлэл бидэнд ирээгүй байна.


Д. Тэгш

Эх сурвалж: “Хөдөлмөр”