
ОРШИЛ
Украины дайн эхэлснээс хойш өдгөө 3 жил 2 сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ оны 1 дүгээр сард гарч ирсэн Д.Трампын шинэ засаг захиргаа энэ дайныг даруй зогсоохыг хүсэж байна гэж мэдэгдэж, дипломат ажиллагаа явуулж буй ч, амжилт олох шинж өнөө хэр илрээгүй байна. Бүтэн 3 жил гаруй хугацаанд асар их хүч, мөнгө зарцуулж, тасралтгүй үргэлжилсэн энэхүү орчин үеийн, дэлхийн хэмжээний том дайн дан ганц Дональд Трампын хүссэнээр нүд ирмэхийн зуур шийдэгдчихээр тийм ч амар хялбар үзэгдэл биш болж даамжирчээ.
Энэхүү нийтлэлээр мөнхүү дайны учир холбогдлыг стратегийн онолд түшиглэн тайлбарлах зорилго тавьлаа. Стратеги судлал хэмээх нь олон шинжлэх ухааны уулзвар бэлчир дээр орших, бие даасан, шинжлэх ухааны өвөрмөц нэгэн салбар юм.
Энэ шинжлэх ухааны хүрээнд дан ганц цэргийн шинжлэх ухааны судлагдахуунууд хамрагдахгүй, үндэсний аюулгүй байдал, төрийн стратеги, геополитикийн бодлого зэргийг хамруулан авч судална. Дэлхийн дэг журам өөрчлөгдөх шилжилтийн төлөвтөө ороод буй өнөө цаг үед их гүрнүүдийн сөргөлдөөнийг судалж ойлгоход энэ шинжлэх ухааны өнцгөөс асуудалд хандах нь чухал болж байна.
Украины дайн нь шинж чанарын хувьд их гүрнүүдийн хоорондох “төлөөллийн дайн” юм. Украины газар нутаг дээр АНУ ба ОХУ гэсэн хоёр их гүрэн дайтаж байна. АНУ нь Долоогийн бүлгийн орнуудыг татан оролцуулсан бол ОХУ сүүлийн нэг жилд өөрийн холбоотон БНАСАУ-тай хамтран тулалдаж байна.
Өнөөдөр өрнөж буй Украины дайн хамрах хүрээний хувьд дэлхийн хэмжээний том дайн гэдгийг бид юун түрүүн ойлгох хэрэгтэй. Дэлхийн хоёрдугаар дайны ЗХУ-ын нутаг дэвсгэрт болсон байлдаанд талуудын гаргасан нийт зардал өнөөгийн ханшаар тооцвол барагцаагаар 1 их наяд орчим ам.доллартай тэнцэх ажээ. Дайн ЗХУ-ын нутагт 3 жил орчим, Европын бусад орны нутагт нэг жил гаруй хугацаанд үргэлжилжээ. Уг дайнд Америк, ЗХУ нь холбоотон болж, нацист Германы эсрэг хамтран тэмцсэн юм.
АНУ-аас ЗХУ-д ленд-лийз хөтөлбөрийн хүрээнд өнөөгийн ханшаар бодоход 200 орчим тэрбум долларын зээл олгож байв. Тэгвэл өдгөө хүртэл Украины дайнд талуудын зарсан нийт зардал барагцаагаар 700 орчим тэрбум ам.доллар болоод байна.
АНУ албан ёсоор 200 орчим тэрбум, Д.Трампын мэдэгдсэнээр 300 гаруй тэрбум ам.долларын зэвсэг техникийг Украины талд нийлүүлжээ. Украины дайны зардлыг дэлхийн хоёрдугаар дайнтай харьцуулахад Зөвлөлт-Германы дайны зардлын 70 хувьтай тэнцэж байна. Зөвхөн эндээс л үзэхэд, энэ удаагийн Украины хямрал гэгч нь дэлхийн хэмжээний том дайн болжээ гэдэг нь ойлгомжтой байна.
ДАЙНЫ ШАЛТГААН – “ХЭН Ч ӨДӨӨН ХАТГААГҮЙ ДАЙН” БИШ
Украины дайн 2022 онд биш, 2014 оноос, магадгүй түүнээс ч өмнө эхэлжээ:
Өрнөдийн хэвлэл мэдээллээр Украины дайныг 2022 оны 2 дугаар сард эхэлсэн гэж мэдээлж буй ч, бодитоор зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цаг үе нь 2014 онд АНУ-ын шууд дэмжлэгтэйгээр өрнөсөн Майданы төрийн эргэлт юм. Энэхүү гэнэтийн үйл явдлаар Украины төрийн эрхэнд Өрнөдийн талыг баригч хүчин гарч ирж, Оросын стратегийн ашиг сонирхолыг шууд хөндөж дайсагнасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Гэвч, 2014 он яг ч энэ дайны жинхэнэ эхлэл биш байв. НАТО, АНУ-ын удирдагчид Украины хямралын үндэс суурийг бүр 1990-ээд оноос тавьж эхэлсэн юм. АНУ дэлхийг дангаар жанжилж байх тэр үед америкийн неоконсерватив фракцийн стратегичид НАТО-г Оросын хил рүү ойртуулан тэлэх операцийг удаа дараалан хэрэгжүүлсэн юм.
Тухайн үед реалист үзэл баримтлалтай стратегичид энэ үйлдлийг нь эрс шүүмжилж байв. Жорж Кеннан Америкийн энэ үйлдэл аюултай дайнд хүргэж болзошгүй, цөмийн зэвсэгт их гүрнүүд хоорондын шууд мөргөлдөөн болж хувирч болзошгүй.
Ялангуяа, АНУ-д өөрт нь ихээхэн эрсдэлтэй, аюултай гэдгийг анхааруулж байв. Жон Миершаймер зэрэг бусад томоохон төлөөлөгчид ч адилхан дүгнэлт хийж байв.Тиймээс, 2022 онд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаа нь гэв гэнэтийн түрэмгий халдлага биш байв. Өрнөдийн хэвлэлээр сурталчилж буй шиг “Хэн ч өдөөн хатгаагүй” дайн биш юм. 2014 онд АНУ-ын шууд оролцоотойгоор украины Януковичийн засгийн газрыг түлхэн унагах хүртэлх Өрнөдийн өдөөн хатгалгын хүрээг тодорхойлохдоо 1999 он, 2004 он, 2008 онуудад дараа дараалан үргэлжилсэн НАТО-ийн тэлэлт, Путиныг засгийн эрхэнд гарсан үеэс эхэлж эрчимжсэн “Өнгөт хувьсгал” гэж нэрлэгдсэн зохион байгуулалттай төрийн эргэлтийн үйл ажиллагаануудтай хамтад нь авч үзвэл зохино. Оросын хөрш улсуудад ээлж дараалан өрнөсөн Өнгөт хувьсгалаар дамжуулан Америкийн талыг баримтлагч улсуудын тоог нэмж, тэнд Америкийн цэргийн байгууламжуудыг байгуулж, тагнуулын систем, пуужингийн системүүдийг суурилуулж байсан нь Оросын хувьд оршин тогтнохуйд нь шууд заналхийлсэн аюул болж хувирсан юм.
АНУ 2014 оны шууд мөргөлдөөн эхлэх хүртэл Украины ардчиллыг дэмжих нэрийдлээр дор хаяж 5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь Оросын эсрэг үзэл санааг дэлгэрүүлэх, сонгуулийг будлиантуулах, америкийн тагнуулын төв агентлагийн шууд удирдлагаар явуулах элдэв операцид зориулагджээ.
2014 оны Украины төрийн эргэлтийн хариуг Оросын тал тэр даруйд нь барьж, Крымийн хойгийг Орост нэгтгэх операцийг шуурхай гүйцэтгэж чадсан юм. Чухам тэр мөчөөс эхлэн Украины Донецк, Луганск мужид хоёр талын мөргөлдөөн эхэлж, Украины нацистуудын орос хэлт хүн амын эсрэг чиглэсэн харгис ажиллагаа гаарчээ. Энэ бүхэн мөнөөхөн 5 тэрбум доллараар ардчиллыг дэмжин хөгжүүлсний шууд үр дүн байв. 2014, 2015 онд Минск 1, 2 гэж нэрлэгдэх хэлэлцээрүүд байгуулагдсан ч, барууны талын санаатай үйлдлээр аль нь ч хэрэгжсэнгүй. Хожим тэр нь, цаг хожиж, Украины талыг зэвсэгжүүлэх тактик байсан нь илэрч байв. 2016 оноос Д.Трампын засаг захиргаа гарч ирсэн ч, Оросыг өдөөн хатгах энэ ажиллагаа зогсоогүй юм. Харин ч, Украинд зэвсэг нийлүүлэх, цэргийн тусламж үзүүлэх ажиллагаа эрчимжиж байсан билээ. Үүгээр, Украины хямрал нь “Unprovoked War” буюу ”Хэн ч өдөөн хатгаагүй” дайн биш, Сэм авгын зориудаар төлөвлөж, зохиомжилж, санхүүжүүлж хэрэгжүүлсэн “Шинэ зууны дэлхийн дайн” мөн гэдгийн товч тайлбар болгоё.
Сэм авгын далд санаа юу байв?
Өнөөдөр ч гэсэн өрнөдийн хэвлэл мэдээллээр бүрэн эрхт тусгаар улсад “халдан түрэмгийлсэн” Оросыг буруутгасаар буй ч, Оросыг буланд шахаж, дайн руу өдөөн хатгаж оруулсан Сэм авгын санааны мухарт чухам ямар тооцоо байв аа? Энэ асуултад хариу эрэхийн тулд АНУ-ын геополитикийн стратеги ямар үндсэн шинжтэй болохыг онол, практикийн үүднээс шинжилж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, Оросын хүчийг сулруулах, улмаар болж өгвөл задлаад, хэд хэдэн улс болгоод хуваагаад залгичих санаархал байсан байж болно. Тиймэрхүү мэдээлэл ч барууны суртал нэвтрүүлгээр мэр сэр гарч байв. Гэвч, үнэн хэрэгтээ, Сэм авга түүнээс ч том “эрхэм зорилго” өвөрлөж байжээ гэж үзэх бүрэн үндэстэй. Тэр нь “Германы эдийн засгийг сульдаах, Европын холбооны ирээдүйн бие даасан байдлыг алдуулах” нь АНУ-ын хувьд илүү амин чухал зорилго байсан байж болно. Сүүлийн хэдэн арваны туршид Герман нь зүүн Европын орнуудаас ирэх өндөр боловсролтой цагаачдын урсгалаар хөдөлмөрийн зах зээлээ сэлбэж, Оросын хямд төсөр эрчим хүчний импортын ачаар эдийн засгаараа асар их хүчирхэгжиж ирсэн нь АНУ-ын хувьд “ирээдүйн магадлалт дайсан” болоод байв.
Герман-Оросын эдийн засгийн интеграци үүсэж бэхжих нь дэлхийг жанжлагч АНУ-ын геополитикийн стратегийн “улаан шугам”-ыг давсан үзэгдэл болно.
Өндөр технологийн салбарт дэлхийд тэргүүлж, Еврази, Хятадын экспортын зах зээлд давуу байр суурь эзэлж эхэлсэн Герман нь урт хугацаандаа, яах ч аргагүй, АНУ-ын хүчтэй өрсөлдөгч болж гарч ирэх нь илэрхий байв. АНУ Украины дайныг хийснээр өнөө цагийн хамгийн том өрсөлдөгч Хятадыг сулруулах зорилгыг бас давхар өвөрлөж байв. Дайны явцаас ажиглахад, Долоогийн бүлгийн улсуудыг нэгтгэж, Хятадын зах зээлээс “салгах” зорилго тавьсан нь илт мэдэгдэж байв.
Онолын зарим тайлбар
Дээр дурдсан үндэслэлүүдийг онол, практик аль аль талаас нь баталж болно. Сонгодог геополитикийн онолыг үндэслэгчдийн нэг хэмээн алдаршсан Н.Спикмэний “Энх тайвны геополитик”
[1]номд англо-саксоны геополитикийн стратегийн үндсэн зарчмуудыг тодорхойлсон буй. АНУ-ын гео-стратегийн хамгийн чухал зарчим бол “Еврази тивийг нэг буюу хэд хэдэн улсын жанжлалд оруулж болохгүй!” гэх зарчим юм. Энэ зарчмын тухайд америкийн нэрт стратегич З.Бзежинский бас тэмдэглэсэн буй. Тэрээр “Еврази тивд ямар нэг улс дангаар ноёрхож, улмаар АНУ-тай өрсөлдөхүйц болж хүчирхэгжихээс цаг ямагт сэргийлэх ёстой” гэж бичжээ.
[2]Их гүрнүүдийн гео-стратегийн үйлдлийн талаар Ж.Миершаймер бүтээлдээ нарийвчлан тайлбарласан буй. Тэрээр жанжлагч их гүрэн бусад бүс нутагт жанжлагч улс гаргаж ирэхгүйн тулд цаг ямагт анхаарал тавьж, түүнээс сэргийлэхдээ “яс хаях”, “цус ханах” гэх мэт стратегийн ажиллагааг авч хэрэгжүүлдэг болохыг онолын хувьд тодорхойлжээ. Тухайлбал, АНУ дэлхийн хоёрдугаар дайнаар Герман, Орос хоёрын дунд “яс хаяж” хүчийг нь барж, “цусыг нь ханасан” байх жишээтэй.
[3]Энэ мэт жишээ түүхнээ олон бий.
ДАЙНЫ ӨРНӨЛ – ГАРЧ БУЙ ҮР ДАГАВРУУД
Украины дайн эхэлсэн цагаас өдгөө хүртэл гарсан үр дүнг дараах 5 чиглэлээр дүгнэж болох юм:
1) Германы аж үйлдвэрийг нурааж чадав;
2) Долоогийн бүлгийн улсуудыг Орос, Хятадын эсрэг нэгтгэж чадав;
3) Хятадыг “хайрцаглах” бодлогын үр дүнд тус улсаас “салж дайжих” үйл явц эрчимжив;
4) Оросын хүчирхэгжилт -- Америкийн алдаатай тооцоолол;
5) Орос-Хятадын эвсэл үүсэхээс сэргийлж чадав;
6) Дайны хамгийн оргил үр дагавар – Өрнөдийн стратегийн ялагдал;
Эдгээрийг тус бүрд нь товч тайлбарлая.
Германыг аж үйлдвэргүйжүүлсэн нь
Энэ дайны хамгийн ил тод нэг үр дүн бол Германыг маш амжилттайгаар аж үйлдвэргүйжүүлсэн явдал даруй мөн. Дайнаас өмнөх Герман нь дэлхийн өндөр технологийн хөгжлийг манлайлагчдын нэг, хөрөнгө оруулалтыг соронзлон татагч, экспортын зах зээлд давамгай байр суурь эзлэгч, Европын эдийн засгийг чирэх гол хөдөлгүүр болсон хүчирхэг эдийн засаг байв. Энэ нь Оросын хямд эрчим хүчинд суурилсан загварын шууд үр дагавар байв.
- 2023 онд Германы эдийн засаг ердөө 0.3% өссөн нь Долоогийн бүлгийн улс дотор хамгийн муу үзүүлэлт болов.
- Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр 2 хувиар унаж байна.
- 2022 онд эрчим хүчний үнэ 3 дахин нэмэгдэж, 1 мегаватт цахилгааны үнэ 10 дахин өсөв.
- Инфляци 2022 онд 10%-д хүрсэн нь сүүлийн 70 жилийн шинэ амжилт болов.
- Герман улс АНУ-ын LNG хийг өндөр үнээр авахаас өөр сонголтгүй болов.
- БАСФ компани Герман дахь үйлдвэрээ хааж, Хятадад үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ.
- Фолксваген компани дотоодын хөрөнгө оруулалтаа багасгаж, үйлдвэрээ хааж, гадаад рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ.
- Сименс Энержи компани 2023 онд 4.5 тэрбум еврогийн алдагдалд орсноо зарлаж, орон тооны цомхтгол хийж эхлэв.
- Мянга мянгаар тоологдох жижиг дунд компаниуд хаалгаа барьжээ.
Ийнхүү Европын эдийн засгийн гол хөдөлгүүр болж байсан Герман улсын эдийн засаг хүүе гэхийн зуургүй нурж унахын зэрэгцээ АНУ-ын байгалийн хийнээс хамааралтай болж хувирав.
Долоогийн бүлгийн улсуудыг Орос, Хятадын эсрэг нэгтгэж чадав:
Энэ дайнаар Сэм авга Долоогийн бүлгийн улсуудыг нэгтгэж, тэдэнд тавих хяналтаа чангатгаж, улмаар Орос, Хятадын эсрэг хориг тавиулж чадав. Энэ бол стратегийн маш чухал амжилт юм. Дайн эхлэнгүүт Япон, Герман, Итали, Франц, Канад, Их Британи бүгд нэгэн дуугаар Оросын эсрэг хоригт нэгдэв.
Энэ чиглэлд дараах томоохон өөрчлөлтүүд гарчээ:
- Япон Оростойх өндөр дээд түвшний дипломат харилцааг бүрэн таслав. Визний үйлчилгээг зогсоов. Аюулгүй байдлын талаарх хамтын ажиллагааг бүрэн зогсоов.
- Франц, Германы зүгээс Оросын хэдэн арван дипломатыг улсаасаа хөөж гаргав.
- Долоогийн бүлгийн бүх гишүүд Оросын эсрэг газрын тос, байгалийн хий, алт, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбаруудад хатуу хориг тавьсан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бий болсон эдийн засгийн том хориг болов.
- Хятадын эсрэг хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, экспорт, хиймэл оюун, ховор металлын салбар зэрэгт хориг тавьж, тус улсаас салж дайжих үйл явцыг эрчимтэй явуулав.
Энэ нь Евразийн интеграцийн эсрэг орчин үеийн Өрнөдийн улсууд нэгдэж Хүйтэн дайны үеийнх шиг дэлхийн хуваагдлыг бий болгох гэсэн томоохон үйл явдал байлаа. Хэдийгээр, энэ нь төдийлөн урт наслахгүй байж болох ч, Хүйтэн дайны үеийн хуваагдлыг дахин сэргээх гэсэн асар өргөн хүрээтэй эдийн засаг, идеологиор хуваах гэсэн санаархал мөн байв.
Хятадыг “хайрцаглаж”, тус улсаас “салж дайжих” үйл явц эрчимжив:
Хэдийгээр, Украины дайнд Хятад улс цэргийн хувьд татагдан ороогүй ч, Хятадын эсрэг чиглэсэн АНУ-аар манлайлуулсан “эдийн засгийн салалт” буюу “economic decoupling” хэмээх үзэгдлийг эрчимжүүлж чадсан юм. Украины дайнаар “далимдуулж” Долоогийн бүлгийг нэгтгэж, хяналтаа чангаруулснаар тэд ч “дуулгавартайгаар” Сэм авгын үгэнд орж байв.
Эрсдлийг багасгах нэрийн дор АНУ-ын тэргүүлсэн бүлэглэл дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна:
- Хятадын өндөр нарийвчлалтай хагас дамжуулагч, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хянах зорилгоор CHIPS Act нэртэй хууль гаргаж, экспортын хяналтыг чангатгав.
- Хятадын хиймэл оюун, квант тооцооллын салбар луу чиглэсэн хөрөнгө оруулалтыг хязгаарлав.
- Хятадын үйл хөдлөлийг тогтоон барих зорилгоор Энэтхэг-Номхон далайн бүсэд QUAD, AUKUS зэрэг цэргийн эвсэл байгуулав.
Хятад улс Украины хямралын үеэр “стратегийн тодорхойгүй байр суурь” баримталсанаар шууд сөргөлдөөн үүсэхээс зайлсхийж чадсан хэдий ч, Украины дайнаар идэвхжсэн Өрнөдийн “хайрцаглах” стратегиас бултаж чадсангүй.
Оросын хүчирхэгжилт -- Америкийн алдаатай тооцоолол:
АНУ тэргүүтэй Өрнөд энэ дайнаар Оросыг ихээхэн хэмжээгээр сулруулж муутгаад авна гэж тооцоолж, түүнийгээ ч нуулгүй ил тод хэлж ярьж сурталчилж байв. Гэвч, энэ зорилго нь биелсэнгүй. Тэдний тооцоолол буруу байжээ. Орос зөвхөн эдийн засаг төдийгүй бусад олон талаараа хүчирхэгжиж чадсан нь энэ дайны хэн ч үгүйсгэж үл чадах бодит үр дүн болж байна.
- 2023 онд Оросын эдийн засаг 3.6%-иар, 2024 онд 4.3%-иар өсөж байхад (IMF), Германы эдийн засаг 2024 онд -0.2%-тай байв.
- Оросын цэргийн аж үйлдвэр эрчимтэй өргөжиж, танк, дрон, артиллерийн системийн үйлдвэрлэл 3 дахин нэмэгдэв.
- Орос Өрнөдийн хоригоос зайлсхийж, газрын тосны төрлийн бүтээгдэхүүнээ Ази руу чиглүүлж, Хятад, Энэтхэгийн зах зээлд амжилттай нийлүүлж ирэв.
- Москва БРИКС-ийг амжилттай манлайлж, доллараас зайслхийх хөдөлгөөнийг эрчимжүүлж, түүхий эдийн коммодити-суурьтай санхүүгийн механизмыг амжилттай бүтээж чадлаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хамгийн хоржоонтой нь, Украины дайны үр дүнд Германы эдийн засаг нуран унаж, уруудан доройтох зам руугаа орсон бол, Орос улс түүний орыг эзэлж “байгалийн нөөцөд суурилсан” хүчирхэг эдийн засаг болон гарч ирлээ. Орос улс “Дэлхийн өмнөд” бүс нутгийн улс түмнийг манлайлж, Евразийн их гүрэн хэмээх байр сууриа бэхжүүлж чаджээ.
Орос-Хятадын эвсэл үүсэхээс сэргийлж чадав:
АНУ-ын энэ дайнаар байгуулсан нэг том амжилт бол Орос-Хятадын эвсэл байгуулагдахаас сэргийлж чадсан явдал мөн. Хэрвээ Орос-Хятадын эвсэл байгуулагдсан бол тэр нь АНУ-ын хувьд сүйрлийн шинжтэй цохилт байх болно. АНУ стратегийн хувьд том ялагдал хүлээхэд хүрнэ. Хэрвээ тийм үзэгдэл гарвал АНУ Евразийн бүс нутгаас арга буюу дайжиж, өөрийн бүс нутаг дэлхийн бөмбөрцөгийн баруун хагас руугаа буцахаас өөр аргагүй болно. Мөнөөхөн З.Бжезинский “Хамгийн аюултай хувилбар бол Орос, Хятадын их эвсэл байгуулагдах явдал мөн. Тэднийг нэгтгэх зүйл үзэл санаа биш, Өрнөдтэй үүсгэх өшөө хорсол, уур хилэн байх магадлалтай” гэж анхааруулжээ.[4] Ж.Байденийг утга учиргүй дайн дэгдээгч, дайны хэнээтэн, ялах ямар ч магадлалгүй дайнд америкийн татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй цацаж байна гэх шүүмжлэл хүчтэй байсан ч, тэрээр АНУ-ын стратегийн хамгийн чухал зарчмыг хамгаалж, Евразийн хамгийн том хоёр их гүрнийг нэгтгэх зам руу түлхэж, сүйрлийн шинжтэй үр дүн авчраагүйд нь америкчууд түүнийг магтах ёстой биз ээ.
Дайны хамгийн оргил үр дагавар – Өрнөдийн стратегийн ялагдал:
Энэ дайны хамгийн том үр дүн бол Өрнөдийн хамтлагийн ЯЛАГДАЛ мөн. Өрнөд бүхэл бүтэн хамтлагаараа стратегийн хувьд ялагдчихаад байна. Хэдийгээр, дайн өнөөдөр албан ёсоор дуусаагүй байгаа ч, улстөр, цэргийн олон үзүүлэлтээр дүгнэхэд Өрнөд бүрэн хэмжээгээр ялагдчихаад байна. Энэ ялагдлаа албан ёсоор хүлээн зөвшөөрөх, эсвэл дайны талбарт эцсээ хүртэл тулалдаад бууж өгөхийн алийг сонгох нь ердөө цаг хугацааны асуудал болжээ.
- Украины арми хүний нөөцийн ноцтой хомсдолд оржээ. Өрнөдийн мөнгөөр хөлсний цэрэг ашиглаж байгаа гэх мэдээ ч бий.
- НАТО-ийн нийлүүлж буй зэвсэг техник дайны бүх цаг үеийн туршид Оросын талыг давамгайлж чадсангүй. Орос цаг ямагт галын хүчээр хэд дахин илүү байж ирэв.
- Энэ дайнд артиллерийн зэвсэг гол үүрэг гүйцэтгэж байна. Гэтэл Украин-Оросын артиллерийн галын хүчний хэмжээ хамгийн сайн үедээ 1х5, зарим үед 1х10 харьцаатай байж ирсэн тухай Америкийн RAND корпорацийн тайланд дурджээ. Эндээс 2 талын үрэгдсэн цэргүүдийн тоог ч таамаглаж болно.[5]
- Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавх ихээр доройтжээ. Оросын агаарын цохилтын хүч давамгай хэвээр байна.
- Барууны зэвсгийн агуулахууд хоосорч, шинээр зэвсэг нийлүүлэхэд үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй байна гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөв.
- Өрнөдийн нийгэмд Украины дайныг эсэргүүцэх уур амьсгал газар авч, дотоод асуудалдаа илүү анхаарал тавихыг шаардах боллоо.
- Өнөөгийн байдлаар Оросын зэвсэгт хүчин фронтын бүх шугамын дагууд давамгайлж байна.
- 2023 оны 6 дугаар сарын 4-нд эхлүүлсэн Украины сөрөх довтолгоо сүйрлийн шинжтэй ялагдал хүлээсэн нь дайнд Өрнөдийн ялагдлыг илэрхийлэх чухал эргэлтийн цэг болсон юм. Энэ үеэс хойш Өрнөдийн тал уруудах замдаа эргэлт буцалтгүй орж одсон тул зарим судлаачид энэхүү сөрөх довтолгоог Сталинградын тулаантай зүйрлэж байна.
ЦААШДЫН ТӨЛӨВ – НӨХЦӨЛ БАЙДАЛ ДААМЖРАХГҮЙ БАЙГАА?
Украины талаарх Дональд Трампын бодлого:
Дональд Трампын засаг захиргаа гарч ирснээр Украины хямралд томоохон өөрчлөлт гарч мэдэхээр боллоо. Трамп энэ дайныг дипломат арга замаар нэн даруй зогсоох хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж, тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа ч нөхцөл байдалд нааштай өөрчлөлт хараахан гараагүй байна. Юутай ч, Трампын засаг захиргааны хүчин чармайлтаар Орос ба Америкийн харилцаа хэвийн болох үйл ажиллагаа эхэлсэн нь сайшаалтай.
Трамп энэ дайныг Ж.Байдений өдөөсөн дайн, хэрэв өөрөө өмнөх 4 жилд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол энэ дайн гарахгүй байсан гэх мэтээр мэдэгдэж буй. Гэвч, энд анхаарвал зохих өнцгүүд бий.
Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд түүний засаг захиргаанаас Украиныг зэвсэгжүүлэх үйл ажиллагаа ихээхэн идэвхжиж байв. 2017 оны 12 дугаар сард АНУ-аас Украинд 210 ширхэг Жавелин нэрт танк эсэргүүцэх пуужин, 37 харвах төхөөрөмж илгээснийг, Украинд үхлийн цохилт өгөхүйц зэвсэг техник нийлүүлэхгүй гэх өмнөх зарчмаасаа АНУ ухарсан хэрэг боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байв. Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд CIA украины нутаг дэвсгэрт тагнуулын баазуудыг олноор байгуулж байсан тухай экспертүүд мэдээлж байна.[6]
Украины асуудлыг энхийн замаар шийдэхийг санал болгож буй Д.Трампын үйл ажиллагаа нь үндсэндээ АНУ энэ дайнд ялагдлаа хүлээн зөвшөөрсний илрэл гэж дүгнэж болно. Үүнээс цааш дайныг үргэлжлүүлэх нь АНУ-д өөрт нь ашиггүй.
Орост тавьсан хоригоос шалтгаалж АНУ ба өрнөдийн компаниуд 300 гаруй тэрбум долларын алдагдал хүлээсэн тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд мэдэгдэж байв. Хэрвээ өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам бүх юм Оросын талд ашигтайгаар эргэж, АНУ ба өрнөдийн байр суурь улам бүр муудах эрсдэлтэй. Орос улс өнөөдөр нэгэнт стратегийн давуу талыг гартаа оруулж авсан байдалтай байгаа нь бодит үнэн учраас яаран буулт хийхийг хүсэхгүй байна. Украин ба түүний спонсор өрнөдийн талынхан ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, Трампын санаачилгыг элдвээр эсэргүүцэж байгаа нь Өрнөдийн хамтлаг хагарч бутарсны илрэл юм. Энэ байдал Трампын АНУ-ын байр суурийг сулруулах эрсдэлтэй.
Д.Трамп бүх бурууг өмнөх Ж.Байдений засаг захиргаа руу чихэж буй нь дипломат заль мэхийн нэг төрөл гэж үзэж болох ч, ерөнхийдөө энэ цаг мөчид түүний дэвшүүлж буй санал санаачилга огтоос буруу биш.
Түүний засаг захиргаанд Украины дайныг сунжруулахыг хүсэгч мөнөөх неокон фракцынхан ч шургалж орж амжсан гэдгийг ажиглагчид хэлж байна. Нэрт стратегич Э.Луттвакийн боловсруулсан стратегийн онолд “стратегийн парадокс” гэх ойлголт бий. Энэ нь дайснаа дарахын тулд хамгийн хүчтэй цохилт өгөх стратеги бодож олоод хэрэгжүүлэхэд, үр дүнд нь дайсан этгээд нь өмнөхөөсөө улам хүчтэй болж орхих парадокс үзэгдлийн тухай ойлголт юм. Стратеги гэдэг нь өөртэй нь адилхан хэмжээний, магадгүй илүү хүчтэй “эсрэг тал” оршин байж, өөр лүү нь ав адилхан хүчтэй цохилт өгөх гээд хүч оюунаа шавхаж буй гэдгийг тооцоолох ёстой учраас ихээхэн нарийн төвөгтэй оюун ухааны үзэгдэл ажээ. Өнөөдрийн Орос улсын байдал тэрхүү парадоксын нэгэн тод жишээ болж байна. Англо-саксоноор толгойлуулсан Өрнөдийн хамтлаг Оросыг өдөөн хатгаж, дайн руу түлхэн оруулж, хүчийг нь шавхаж, “цусыг нь ханаж” тамирдуулах замаар Германыг Европтой нь, бас Хятадтай нь нэгэн зэрэг сульдуулж, өөрт ашигтай нөхцөл үүсгэхээр тооцоолж, Украины дайныг өдөөсөн авч, өнөөгийн Орос өмнөхөөсөө ч хүчирхэг болж буй нь жинхэнэ стратегийн парадоксын сонгодог жишээ болж байна. Гэхдээ, Америк нь, бас ч гэж, зарим нэг амжилт олсон гэдгийг дээр тэмдэглэв.
Энхийн хэлэлцээрийн мухардмал байдал – Трампын ацан шалаа
Дайныг хэлэлцээрийн замаар шийдэх гэсэн Д.Трампын идэвхтэй санаачилга улстөр, стратегийн цөөнгүй хязгаарлалттай тулгарч буйгаас үзэхэд ойрын хугацаанд хэлэлцээрийн замаар шийдэлд хүрэх төлөв мэдэгдэхгүй байна. Трамп дотоод, гадаад аль аль фронт дээр глобалист хүчин, америкийн улстөрийн нам дамнасан неокон фракцын эсэргүүцэлтэй тулгарч байна. Түүний засаг захиргаанд ч хатуу глобалист байр суурьтай, неоконууд шургалж амжсан гэж зарим ажиглагчид үзэж байна.
Өнөөг хүртэл Неокон-Зеленски гэсэн тэнхлэгээс Оросын эзлэн авсан газар нутгийг хүлээн зөвшөөрөх бүү хэл, 1991 оны хилийн шугамыг дахин сэргээх шаардлага тавьсан хэвээр байна.
Неокон фракц бол Оросыг үзэн ядах маягийн үзэл баримтлалтай, дайнд “дуртай” улстөрийн бүлэглэл юм. Зеленский ч тэдгээр фракцын дэмжлэгтэйгээр Трампын санаачилгыг эрс эсэргүүцэж байна. Нөгөө талаар, Оросын стратегийн байр суурь улам бүр бэхжиж, бараг бүх хөзөр тэдний гарт байгаа тохиолдолд Трампын санаачилга үр дүнд хүрэхгүй байх магадлалтай. Орос улс Өрнөдийн оролцоогүй орон зайд амьдрах тулгалтад аль хэдийнээ дасан зохицож, өөрсдийгөө “дэлхийн дийлэнх олонх”-ын төлөөлөл гэж тодорхойлох болсноос үзэхэд Трампын засаг захиргаанаас санал болгож буй хоригийг суллах, эдийн засгаар хамтарч харилцан ашигтай ажиллая гэх төдийд буулт хийх шаардлага байхгүй гэдэг нь дэндүү тодорхой юм. Хамгийн гол нь Зеленский ба түүний ар дахь глобалист хүчин дайныг зогсоох өчүүхэн ч хүсэлгүй байгаа нь Трампын хувьд асуудлыг улам ээдрээтэй болгож байна. ОХУ-ын стратегичид Трампын багийн саналд амархан итгэхгүй байх хангалттай үндэслэл бий.
“Оросын талын зүй ёсны шаардлага ба Глобалист хүчний Оросыг дорд үзэх уламжлал”, мөн “Оросын логик ба Трампын сайн санаа суурьтай бизнесийн наймаалцал маягийн сэтгэлгээ” аль алиных нь дунд асар том ялгаа оршсоор байна.
Тиймээс, Украины асуудал дайны талбарт шийдэгдэх магадлал өндөр. Тэр явцад талуудын зөрчил хурцдаж, асуудал улам даамжирч, шинээр дайны гал өргөжих, цөмийн дайнд тулах эрсдэл бий юү гэвэл байхгүй гэж хэн ч хэлж үл чадах нөхцөл байдал өнөөгийн дэлхий дээр нэгэнт бий болжээ.
ДҮГНЭЛТ – ОЛОН ТУЙЛТ ДЭГ ЖУРАМ БА МОНГОЛЫН “СОНГОЛТ”
Америк дэлхийг дангаар жанжилж асан тэр цаг ард түүх болон үлдэж, өнөөдөр дэлхий олон туйлт дэг журамд шилжих үйл явц ид дундаа өрнөж байна. Украины дайн тэрхүү үйл явцын тод жишээ болж байна. Зуу гаруй жилийн тэртээ, 1920, 1930-аад онд мөн л иймэрхүү байдлаар дэлхийн шинэ дэг журмын төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж байв.
Үр дүнд нь дэлхийн хоёрдугаар дайн болж, дайны талбарт талууд бүх хүчээ шавхан байлдсаны эцэст, нэг тал нь ялж, ялсан тал нь дэлхийн шинэ дэг журмыг зохиожээ. Өнөөдөр яг л тийм дүр төрх дахин бий болчихоод байна.
Монгол нь геополитикийн онолын хувьд, Орос-Монгол-Хятад гэсэн 3 элементээс бүрдэх жийргийн систем дотор орших жийрэг улс. Жийрэг улсын оршин тогтнох үндэс нь жийргийн систем дотор хүчний тэнцвэр үүсэж тогтох явдал. Монголд Гуравдагч хөршийн үүрэг оролцоо зөвхөн хязгаарлагдмал хүрээнд үйлчилнэ. Өнөөгийн Монголын жийргийн систем доторх хүчний тэнцвэр алдагдаж болзошгүй байдалтай байгаа нь манай улсын хувьд аюулгүй байдлын томоохон эрсдэл мөн. Монголын улстөр, эдийн засаг, нийгэмд Хятадын нөлөөлөл ихэссээр байна. Энэ байдал тодорхой нэг цэгээс давж гарвал Орос, Хятад хоёр их гүрний хооронд Монголыг тойрсон зөрчил үүсэж болзошгүй. Тэр байдлыг гуравдагч хөрш ч өөрийн зорилгод ашиглаж болзошгүй. Монголд “сонголт” байхгүй. Харин өгөгдсөн хувь тавилангаа сайтар ойлгож түүгээрээ зөв замнах ганц л зам бий. Дэлхий даяар үймээн самуунтай болж буй өнөө цаг үед Монгол Улс тэр мэт асуудлыг ухаарч ойлгох, шинжлэн дүгнэх чадвартай болж, их гүрнүүдийн стратегийн үйл хөдлөлийг сайтар ажиглаж дүн шинжилгээ хийж байх зайлшгүй шаардлагатай болж байна. Нэн түрүүнд асуудлыг ойлгох чадвартай болох нь чухал. Тиймээс, аюулгүй байдал судлалын мэргэжлийн байгууллагуудынхаа чадавхийг дээшлүүлэх тал дээр анхаарвал зохино. Өнөөгийн дэлхий бүхэлдээ дайны төлөвт байна. Украины дайнаас гадна шинэ дайны голомт ч үүсэж болзошгүй.
1990 оноос Монгол ардчиллын замаар замнаж явахдаа бүх юм сайн сайхан болно, ардчилсан дэлхийтэй хөл нийлүүлж, ардчилал, зах зээлийг дээд цэгт нь тултал хөгжүүлбэл аз жаргал, сайн сайхныг цогцлооно гэх үзэлд улсаараа хуугаараа автаж явсан цаг саяхан.
Бидний үзэл хандлага бүхий л хүрээнд либералжиж, түүнийг дагаад олон улс судлал, аюулгүй байдал судлалын мэргэжлийн салбар ч бүхэлдээ либерал маягийн онол, үзэл баримтлалыг дагаж хөгжүүлж ирсэн нь үнэн. Гэвч, өнөөдөр тэр үзэл онолуудаар дэлхий дээр болж буй үйл явдлыг шинжилж дүгнэх боломжгүй гэдгийг ухаарах цаг болжээ. Энэ өгүүллээр Украины хямралыг реализм, геополитикийн парадигмд суурилж шинжлэх зорилго тавьсан бөгөөд бичлэгийн хэлбэрийн хувьд аль болох өргөн хүрээний уншигчдад хүргэхийг бодолцож, бага зэрэг сэтгүүл зүйн найруулгаар бичихийг хичээв. Манай гол гол их дээд сургуулиудад реализм, геополитикийн парадигмыг судалж, зааж буй ч, яг энэ онолын парадигмаар судалгаа хийх, энэ чиглэлийн мэдлэгийг төрийн бодлогод ашиглах тал дээр учир дутагдалтай хэвээр байна. Зарим мэргэжлийн байгууллагыг толгойлж буй дарга тэргүүлэгч, эсвэл гол үүрэгтэй экспертүүд гэх хүмүүс “стратеги судлал, реализм, геополитикийн онолыг аюулгүй байдал судлалын онол мөн үү, биш үү?” гэх зэрэг “том” асуултыг дахин дахин тавьж эргэлзэх, үл итгэх байдлыг үзүүлэх зэргээр “дүрэмдэж”, дүр эсгэж буй нь өнөө цагийн шаардлагад хэрхэвч үл нийцэх, академик, мэргэжлийн байгууллагад эс зохих бусармаг гэмээр үзэгдэл юм. Энэ нь мөнөөхөн либерал үзэл онолд хэт автсаны хар гай даруй мөн байх.
Нөгөөтэйгүүр, аюулгүй байдлын мэргэжлийн байгууллагуудад мэргэжлийн бус, хаа хамаагүй этгээдүүд улстөрийн лоббигоор орогнож, орон тоо эзэлж, хөгжил дэвшлийн хаалт саад болох үзэгдэл хавтгайрсны гай ч бас мөн бололтой. Гэвч, зөвхөн бид ганцхан тиймэрхүү түвшинд байгаа ч юм биш ээ.
Стратеги судлалын энэхүү парадигм нь зөвхөн их гүрнүүдэд, нууц, далд байдлаар хөгжиж байснаас биш, манайх шиг жижиг улс байтугай, Япон, Герман мэтийн эдийн засгийн их гүрнүүдэд хүртэл сайтар хөгжөөгүй явж ирсэн түүхтэй. Тиймээс, дүр эсгэж, дүрэмдэх мэтийн болчимгүй зангаасаа салж, ичиж зоволгүй шинэ мэдлэгт бултаараа хүчийг хавсран суралцах нь эх Монгол Улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд нэмэртэй гэдгийг ухаарч, хамтран ажиллахыг уриалж байна.
[1] Spykman, N. (1943) The Geography of Peace
[2] Brzezinski, Z. (1997) The Grand Chessboard: American Primacy and Its Geostrategic Imperatives
[3] Mearsheimer, J. (2001) The Tragedy of Great Powers
[4] Brzezinski, Z. (1997) The Grand Chessboard: American Primacy and Its Geostrategic Imperatives
[5] Жишээ нь, Бахмут, Авдеевка чиглэлд Оросын тал өдөрт 50,000 хүртэлх их бууны сум хэрэглэж байхад, Украины талын галын хүч өдөрт 5,000–10,000-аас хэтрэхгүй байсан гэж The Economist-ийн 2023 оны 8 дугаар сарын дугаарт дурджээ.
[6] Larry Johnson Youtube Channel
Др. Ц.Буянцогтоо
Сэтгэгдэл38
Америкийн ерөнхийлөгчийн дараах өндөр албан тушаал болох ТНБД нь Ялалтын баярт оролцохоор Москва хотод хүрэлцэн иржээ.
Орос Хятад 2 нийлээд авлаа шүү. Шижинбээ бүх талаар Путинийг дэмжинэ гэсэн байна. Энэ бол муу мэдээ. Энэ 2 сүжрээд ирэхээрээ Монголд сайн юм болохгүй, яаж ч хуйвалдаж мэднэ
Хөлсний бичээч шүд Баярхүү өдөөн хатгасан, хагалан бутаргах хов живийн чанартай шалихгүй юм бичдэг бол Буянцогтоо гуай бодит байдлыг цаг хугацаатай харьцуулж аналитик уялдаа холбоотой нь бичсэн байна. Мэдлэг гэж ийм л хүчтэй!
ЭНЭ БИЧВЭРИЙГ АГУУ ИХ СИСТЕМИЙН АНАЛИТИКЧ ГАНХУЯГТАЙ АДИЛХАН СЭТГЭЖ "БИЧЖЭЭ" УГ НЬ АРАЙ ӨӨР ӨНЦӨГӨӨС "БИЧВЭЛ" ЗҮГЭЭР БАЙЖ. ХУВИЙН СОНИРХОЛОО ИХ ХАВЧУУЛАХ ЮМДАА. МОНГОЛД ХОЁРДАХЬ ИХ САРТВААХИ ТӨРЖДЭЭ. энэ хүнийг даруйхан тэр гоё нэртэй хүрээлэнгийн дарга болгоё.
Энэ үнэн бол тоамп дэлхийн 3 р дайнаас сэрэмжилж байгаа гэсэн үг укр ны фашистууд ялалтын баярын үед алан хядах аваас орос укриан болрн холбоотнууды нь дуусгана орешник пуужингуудын байг тодорхойлох тушаал путин өгсөн гэж мэдээлсэн
Энэ буянцогтоо гэдэг алан бомбоо бол Оросыг угаадсыг долоож явдаг оросын тагнуул алан бомбоо шд
Расист сэтгэцийн өвчтөн минь эмээ уу. Эсгий хийх газар нохой хэрэггүй. Судлаач аналиткуудын үнэлэлт дүгнэлт, мэдээ баримт ыг чам шиг Оросыг үзэн ядагч гамингийн сүнс ойлгохгүй.
Улайрсан солиорсон неофашист уяахуяа троллуудын сонгодог дүр байна энэ 66.181.180.176
Чиний бичилт, Буянцогтын бичээс хоёр тэнгэр газар шиг ялгаатай юмаа. Үгийн сонголт, хандлага гээд... .
Америкаас газрын тос авахгүй байхад суларч байгааг харцгаа. Америкийн хүч суларч усан онгоцоо хүртэл хийж чадахгүй болсон. Америк хятадаас 507 дахин цөөхөн усан онгоцыг арай хийж бүтээж байна. Украйн гэгч улс одоо байхгүй боллоо. Америк ийм чадалгүй улс болжээ.
Орос сөнөтүгэй
Орос сөнөвөл, Монгол гүүпэр улс байх шаардлагагүй болж Хятадын далбаа 6-н таван хошуутай болно.
Өмхий хужаагийн эрлийзүүд оросыг сөнөхийг хүлээж урд зүгт байгаа элэг нэгтнүүдийнхээ тэвэрт орох гээд байгаа нь трдорхой
Америкаас газрын тос авахгүй байхад суларч байгааг харцгаа. Америкийн хүч суларч усан онгоцоо хүртэл хийж чадахгүй болсон. Америк хятадаас 507 дахин цөөхөн усан онгоцыг арай хийж бүтээж байна. Украйн гэгч улс одоо байхгүй боллоо. Америк ийм чадалгүй улс болжээ.
Улс орны хувь заяа - стратегийн бодлого бол " алан бомбоо " гэнэ үү , хулгай бодохоос өөр зүйл гэдгийг хойч үе минь ойлгоосой . Монголоор минь ч тоглож дууслаа даа - одоо бурхан л өршөөг ...
Буянцогтоо маш зөв анализ хийжээ
Путин Укрианы нэг хотод цөмийн цохилт өгөөд агаарт хийсгэхэд л дэлхийн бүх стратeги нураад унана ! Одоо стратёги мистратeги гэж том том бүлтэрч байгаа ч нэг том мөөгөн үүл хараад л бүгд байхгүй болно ! Монголын стратeги бол Путинг л үхүүлэхгүй байх явдал юм ! Үхчихвэл Хятад улс цэргээ ар Монголд аль болох хурдан оруулах нь тодорхой !! Ингэхэд энэ стратeгич Буянцогтоо гэж хүн аль газрын дооктор вэ !
Маш тодорхой, үнэнийг бичжээ.
Негее алдартай хулмас долоогч буянцогтоо ямар нуршуу юм бичдэг юм бэ
Америкаас газрын тос авахгүй байхад суларч байгааг харцгаа. Америкийн хүч суларч усан онгоцоо хүртэл хийж чадахгүй болсон. Америк хятадаас 507 дахин цөөхөн усан онгоцыг арай хийж бүтээж байна. Украйн гэгч улс одоо байхгүй боллоо. Америк ийм чадалгүй улс болжээ.
Өө хөөрхий ояа юм бна. оросын эдийн засаг хүчирхэгжээгүй. энэтхэг, хятад газрын тос маш хямдаар асар их хэмжээгээр авч бсан тулдаа дайнаа явуулж бсан. газрын тосны үнэ унах, энэтхэг авахаа болиход л эхлүүлсэн дайнтайгаа эдийн засаг нь сүйрч унахад бэлэн. дайнд өрнөд ялагдаагүй. украйныг давшихгүй, хориглон тулалдах хэмжээнд барьж бсан нь Байдены алдаа болсон.гхдээ энэ ялагдал биш, орос өдөр бүр давшаад ч нэмж газар олохгүй бгааг яагаад нуув? хамгийн гол нь украйны ард түмэн оросын нөлөөнөөс салахыг хүссэнээс Майдены хувьсгал гарсныг дурдсангүй. Ер нь яагаад Украйн оросын нөлөөнд зангаагаар нь байх ёстой гэж? Ардчилал, хөгжлийн төлөө замаа өөрсдөө сонгосон
Америкаас газрын тос авахгүй байхад суларч байгааг харцгаа. Америкийн хүч суларч усан онгоцоо хүртэл хийж чадахгүй болсон. Америк хятадаас 507 дахин цөөхөн усан онгоцыг арай хийж бүтээж байна. Украйн гэгч улс одоо байхгүй боллоо. Америк ийм чадалгүй улс болжээ.
Буянцогтоо ер нь бол тун дажгүй бичсэн байнаа,,,,нийтлэлээс авах юм ч байна,,,хаях юм ч байнаа,,,,янукович медведьчук гэх мэт оросын тавиулууд украин улсыг оросын хараат болгох гэж самарсан юмшүүдээ,,,юун америк майдан 5 тэрбум доллар,,,шууд оросын пропагандаас орчуулсан байнаа,,,,одессийн 2014 оны хоёр сард болсон дом профсоюзийн гал түймэр бол шууд оросын тусгай алба украин дахь оросын тавиулуудын хорлон сүйтгэх ажилгаа байсан,,,энэ үед байсан,,,албан одессийн цагдаагийн дарга мөн онцгой байдлын газрын дарга нар одоо оросын холбооны улсад байнаа,,,энэ хоёр нөхөр галыг унтраах,,,үймээнийг дарах ямар ч тушаал өгөлгүй,,,байдлыг хурцатгасан юмаа,,,,баримт нь ил тод байнаа,,,
Хоосон мэдэмхийрээд бай
Америк сүйрч байгаа. Усан онгоцоо хийж чадахгүй хэмжээнд америк очсон. Яахав, хэдхэн жилийн дараа далайн худалдааг хянах чадвар америкт байх уу? Далайн худалдааг хянах чадваргүй болбол америк дууслаа. Юуныхан украйн ялах вэ дээ.
Маш зөв бичсэн байна талархая
Чиний мэдэхгүй эсвэл мэдсэн ч мартсан их гүрний дээрэнгүй үзэл, аллага таллага зөндөө бий. Орс хятдыг тойрсон бага үндэстнүүд бүгд өөр өөрсдийн гашуун түүхтэй, өс хонзонтой. Орс хятдын хошного долоож бид бүгдэд үйлдсэн нүгэл бүрийг мартсан бол энэ Монголоос холхон зайлсан нь дээр шүү хошного минь !!! Бид бүгдийн зовлон шаналал багадаагүй. Харин ч энэ 2 улс нэртнүүд задрах тусмаа бидний уйтгар гуниг бага ч атугай цайрах болно.
Америк сүйрч байгааг хар. Усан онгоцоо хийж чадахгүй сүйрч байна Америк. Америкийн төмөрлөгийн том үйлдвэр дампуурч байгааг хар.
Маш сайн нийтлэл бга. Баяр хүргэе
Маш сайн нийтлэл бга. Баяр хүргэе
өөрөө өөртөө бичээд байхын эргүү мал чинь
Санаа, зорилгыг яаж ингэж тухайлж чадаж байна , яаж ийм ихийг зангидаж дүгнэв. Ахин дахин уншиж баймаар, яахын аргагүй тулхтай бичээс бна. Унших дуртай шүү.
Гях,,гяхх,,,гяхх,,,ахин дахин уншаад байхдаа ч яахавдээ,,,,
өөрөө өөртөө бичээд байхын эргүү мал чинь
Монголын уламжлал болж евроазийн хойд хэсгийн нэгдсэн хүчийг илэрхийлэгч Оросын барьж буй бодлого гэдэг хүчирхэг цэргийн хүчийг урдаа тавихаас өөр замгүй. Америкийн нэг туйлт ертөнц төгссөн. Цаашид евроазийн хүчирхэг байдлаас америкийн хувь заяа шалтгаална.
Украйныг дэмжигч нараа. Та нар америк яаж ядуурсан байгааг хар. Усан онгоцны үйлдвэрлэл гэдэг далайн худалдаа, далайн хүчирхэг цэргийг илэрхийлдэг. Өнөөдөр дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа усан онгоцны 75% хятад дангаараа эзэлж байна. Хятадын төмрийн үйлдвэргүйгээр ийм амжилтанд хүрэхгүй. Хятадын төмрийн үйлдвэрийг Монгол хангаж байна. Америк нь хятадаас 507 дахин цөөн усан онгоц үйлдвэрлэж байна. Америк цэргийн усан онгоцоо хийж чадахгүй түвшинд очсон. Америкийн цэргийн усан онгоц живээд эхэлвэл далайн худалдаа юу болох вэ? Украйн гэж улсын хувь заяа дууссан.Украйн гэж улс Америкаас зэвсэг авах гээд чадахгүй түвшинд очно. Ийм бодит тоог харвал Украйн ялагдана.
Украйныг дэмжигч нараа. Та нар америк яаж ядуурсан байгааг хар. Усан онгоцны үйлдвэрлэл гэдэг далайн худалдаа, далайн хүчирхэг цэргийг илэрхийлдэг. Өнөөдөр дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа усан онгоцны 75% хятад дангаараа эзэлж байна. Хятадын төмрийн үйлдвэргүйгээр ийм амжилтанд хүрэхгүй. Хятадын төмрийн үйлдвэрийг Монгол хангаж байна. Америк нь хятадаас 507 дахин цөөн усан онгоц үйлдвэрлэж байна. Америк цэргийн усан онгоцоо хийж чадахгүй түвшинд очсон. Америкийн цэргийн усан онгоц живээд эхэлвэл далайн худалдаа юу болох вэ? Украйн гэж улсын хувь заяа дууссан.Украйн гэж улс Америкаас зэвсэг авах гээд чадахгүй түвшинд очно. Ийм бодит тоог харвал Украйн ялагдана. Хэдэн жилийн өмнө Америкийн ерөнхийлөгч "Монголчуудаа та нар наад тавантолгойнхоо коксжсон нүүрсийг хятадад хямдхан зарахаа зогсоож өгөөч" гэж хэлж байсан удаатай. Монголын таван толгойн нүүрсээр хятадын төмрийн үйлдвэрүүд маш их ашиг хийж байна. Монгол нүүрсээ зогсоовол хужаа усан онгоц үйлдвэрлэл зогсооно.
Стратёгийн тухай асуудлыг гурвалжилсан бодит хамааралтай авч үзсэн нь июмаш их таалагдаж бичвэр нь хэн хүнд ойлгомжтой саын уншиж ухаармаар үнэнд ойрхон дүгнэлт баримжаатай нэг талын суртал ухуулагт автаагүй ШУ-ны үндэслэл сайтай санагдлаа.