sonin.mn

 

Уурхайн шороонд хүн дарагдаж амиа алдлаа, барилга дээрээс унаад үхэж, намын харьяаллаар ажлаасаа халагджээ, АТГ дуудагдаж, шүүхийн шийдвэр гарсан ч хэрэгжихгүй байна гэсэн олон жишээг бид сонсож байгаа. Энэ бүхний цаана хувь хүн хохирч байгаа нь хэнд ч илт.
 
 
Шүүхийн шийдвэр гарч хохирлыг барагдуулж байна, удирдлагыг нь торголоо гэдэг ч угтаа бол энэ нь татвар төлөгчдийн л мөнгө, ард түмний талхны мөнгө. Ажилтнаа намын харъяаллаар ажлаас халах явдал 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш "тахал" болоод байгаа гэхэд хэн ч "үгүй байлгүй дээ" гэхгүй.
 
 
Улс орон ард түмний сайн, сайхны төлөө ажиллах амлалтыг ард түмэнд өгч тэднийг төрд төлөөлөх эрх авсан түшээд хамаатан садан, найз, нөхөд, намынхаа гишүүдийг дээгүүрхэн албан тушаалд томилохдоо ажлаа хийж байгаа ажилтанг зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгье, эрүүл мэндийн шалтгаантай, өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдая гэж өргөдлөө өг, өгөхгүй бол АТГ өгч шалгуулна шүү гэх зэргээр дарамтладаг тухай УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бичсэн нийтлэл цахим хуудсуудад гарчээ.
 
 
Тэрээр ийм нэг жишээг тодорхой дурдсан байх юм. "Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Ус цаг уурын хүрээлэнгийн захирал Д.Аззаяаг ажлаас нь таван удаа халсан байдаг. Таван өөр үндэслэлээр шүү.
 
 
Эхний удаа ажлаас халангуут нь Д.Аззаяа Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан ялалт байгуулсан ч С.Энхтүвшин давж заалдсан байдаг юм билээ. Иргэн Д.Аззаяа гурван шатны шүүх дээр ялалт байгуулаад шүүхийн шийдвэрээр ажилдаа ороод ирэнгүүт дахиад халчихдаг.
 
 
Нийтдээ Д.Аззаяа 15 удаа шүүх дээр ялалт байгуулж дөрвөн жил шүүхийн өмнө зогсож байна. Шүүхийн шийдвэрийн дагуу өглөө нь ажилдаа оронгуут үдээс хойш халчихдаг байх юм. Халах шийдвэрээ хүүхдийн нь бие тааруу, үхэл зовлонтой үед нь гаргана" гэжээ.
 
 
Ажитанг ажил олгогч ажлаас үндэслэлгүй халсан нь шүүхээр тогтоогдсон бол ажилгүй байсан үенийнх нь цалинг нөхөн өгөх үүрэгтэй. Тэгэхээр Энхтүвшин дарга хууль бус шийдвэр гаргаж Д.Аззаяа захирлыг ажлаас нь халсан нь төсвийн хөрөнгийг үргүй зарах нөхцөлийг бүрдүүлж байна.
 
 
Өөрөөр хэлбэл, Аззаяад авч байсан цалинг нь өгнө, ажиллаж байгаа хүндээ албан тушаалын цалинг нь өгнө. Нэг хүнд цалин өгөх ёстой байтал хоёр хүнд, тэр тусмаа ажил хийгээгүй хүнд олгож байгаа нь яах аргагүй үргүй л зардал.
 
 
Газрын дарга Хөдөлмөрийн тухай хууль мэдэхгүйгээсээ зөрчсөн бол мэдлэг чадваргүйд тооцогдож төрийн албанд тэнцэмгүйсэн. Энэ мэтээр байж боломгүй үйлдлийг эрх мэдэлтнүүд л гаргаад байх юм.
 
 
Уншигч таны бодлоор энэ мэтийн дэггүй дарга нарт ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ. Та бүхэн khudulmursonin@yahoo. com хаягаар саналаа ирүүлээрэй.
 
 
А.Энхтэгш
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин