
ВАТИКАН, 2025 оны тавдугаар сарын 9 /CNN/. Кардинал Роберт Превост АНУ-д төрсөн анхны пап ламаар сонгогдсоноор дэлхий дахинаа түүнийг Пап XIV Лео хэмээн тунхаглалаа.
Тэрбээр пап ламын хувиар Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс олон арван мянган хүний өмнө анх удаа үг хэлэхдээ, энх тайвны үйл хэрэгт уриалж, талийгаач Пап лам Францист хүндэтгэл үзүүлсэн байна.
Чикаго хотод төрсөн, өдгөө 69 настай XIV Лео бол дэлхий даяар арвин туршлага хуримтлуулсан удирдагч юм. Замналынхаа ихэнх үеийг Өмнөд Америкт номлогчоор өнгөрүүлсэн тэрбээр АНУ болон Перугийн давхар иргэншилтэй бөгөөд Перуд сүмийн хамба ламын алба хашиж байжээ. Тэрбээр хамгийн сүүлд Ватиканы хамба ламын томилгоог хийдэг хүчирхэг албыг удирдаж байлаа. Түүнийг Пап Францисын хийсэн шинэчлэлүүдийг цаашид үргэлжлүүлнэ гэж найдаж байна.
Пап ламыг сонгосны дараа дэлхийн улс орнуудын удирдагчид XIV Леод баяр хүргэж, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах чиглэлд пап ламтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү түүхэн сонголтыг Америк орны хувьд нэр төрийн хэрэг хэмээн тодорхойлсон байна. “Талийгаач Пап лам түүнийг өндрөөр үнэлдэг байсан. Пап Францис ямар нэг зүйлийг олж харсан нь ойлгомжтой, тэр түүнийг чадварлаг удирдагч гэдгийг олж харсан” гэж CNN-ийн Ватикан дахь сурвалжлагч Кристофер Ламб хэлжээ. “Би өөрийгөө одоо ч гэсэн номлогч гэж боддог. Миний үүрэг бол Христэд итгэгч хүн бүрийн адил номлогч байж, сайн мэдээг хаана ч байсан түгээх явдал юм” гэж Р.Превост Ромд болсон ёслолын дараа “Vatican News”-т ярилцлага өгөхдөө хэллээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Америк агуу болж эхэлж байна.
Өмнөд солонгос пап сонгогдоогүй нь их юм ! Уул нь цэвэр итали хүн л сонгогдох ёстой до !
Перу л юм байна ш тээ