sonin.mn
Хуулийнхан дотор Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хоёроос бусад нь ажлаа хийхгүй байгаа мэт үйл явцууд энэ хавраас эхлээд зунжингаа үргэлжилсэн. АНУ-аас гэнэтхэн нутгаа "санаж ирсэн" НИТХ-ын экс дарга Т.Билэгтийг баривчлах хүртэл шүү дээ.
 
Тэдний нэн идэвхт үйл ажиллагаа наадмын өмнөхөн л завсарлах шив. Монгол жишгээр тэд одоо амарч, хуулийнхныг дагаад хэрэгт татагдсан сэжигтнүүдийн асуудал ч нийгмийн идэвх орох үе хүртэл шийдэгдэлгүй нам гүм болчихлоо. Энэ утгаараа хүнийг шийтгэх хамгийн шилэгдмэл арга зуны гурван cap бололтой.
 
Гэнэт ухаан орсон мэт дээр дээрээс нь давхцуулсан удаа дараагийн олон баривчилгааны эцсийн үр дүн нь тодорхой бусаар саатаад байна. Баривчилгааны хар баасан гариг гэдэг нэр томъёо хэдийнэ бий болсон.
 
Хэн нэгэн албан тушаалтанг баривчилж саатуулахдаа ажлын сүүлчийн өдрийг сонгосоор байгаад баасан гаригийн баривчилгаанд олон түмнийг алгуур дасгаж байгаа нь нууц биш. Бид аливаад амархан дасч тэр хэрээрээ тоохоо байдаг хэнэггүй зантай улс.
 
Түүнийг нь хууль хяналтынхан овжин ашиглахыг нь яана. Энэ ч сэжигтэй, тэр ч буруутай гэсээр баахан хүн бариад Хорих 461 дүгээр ангид аваачаад хийчихсэн. Олны хэлдгээр "Ганц худагт" хорьчихсон байгаа. Төрийн сайд аснаас эхлээд төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтнуудаа хүртэл бариад хорьчихсон.
 
Арай л Х.Тэмүүжин сайдаа барьж хориогүй байх. Одоохондоо тийм юм дуулдаагүй байна. Цагдаагийнхан "Сайн сайн гэхээр сахлаа будав" гэгчээр хорих хүн, хүлээлгэх хэрэг нь дутмаг санагдсан уу, аль эсвэл төрийн төмөр нударгыг жинхэнэ утгаар нь харуулахыг хүссэн үү яасан бүр сүүлдээ гяндан сандал хэрэглэх журам гаргаж хадуурсан.
 
Зөвхөн урд хөрш Хятадад хэрэглэдэг, өнгөрсөн XX зууны шилдэг яргаллын нэг арга болсон гяндан сандлыг орон нутагт тарааж, хэрэглэх журмыг гаргасан байгаа юм. Хүний гap хөлийг гавлаж, хөдөлгөөнгүй болгоод нуруунаас нь арагш татаж цэх суулгаж байцаах зориулалттай тэр сандал дээр ямар ч хүн нэгээс илүү цаг суух бололцоогүй гэдгийг нь хэрэглэдэг газрууд нь нэгэнт баталчихсан байдаг гэнэ.
 
Гэтэл манай ЦЕГ-аас гаргасан журамд "...Алс хол суугаа хэсгийн төлөөлөгч гэмт этгээдийг саатуулаад төв, орон нутгаас тусламж ирэх хүртэл сандал дээр байлгана" гэж заажээ. Монгол хүн тэвчээртэй шөрмөстэй хэдий ч, гадныхан нэг цаг тэсдэг сандлыг сайндаа л гурван цаг тэвчих байлгүй.
 
Адилхан мах цусаар бүрдсэн хүн юм болохоор тэсвэр алдаж л таарна. Хятадаас оруулж ирсэн 400 сандлаа хуваарилахад хаа холын Завханд 25-ыг илгээсэн байгаа юм. Тэнд нэг нөхөр онц ноцтой гэмт хэрэг үйлдээд баривчлагдлаа гэхэд дээд газрын журмын дагуу нөгөө сандал дээр суулгаад хотоос тусламж иртэл хүлээвэл юу болох бол.
 
Ямар ч байсан нийслэлээс Завхан хүртэл нэлээн хэдэн цаг явах байх.Тэр хүртэл нөгөө этгээд тэсэх болов уу. Гэм буруу нь ч бүрэн тогтоогдоогүй байхад мажийчих юм биш биз. Ийм байхад тийм журмын төсөл гаргаад Улсын Ерөнхий прокурорын газар луу санал явуулчихаад хээвнэг сууж байдаг.
 
Аймаар байгаа биз. Салбар хариуцсан сайдаасаа том эрх мэдэлтэй байгаа хэрэг шүү. Сайд нь "Боль, буцаа" гэж үүрэг өгөөд биелүүлдэггүй ээ. Тэгэхээр нь сайд ЦЕГ-ын дэд даргыг ажлаас нь халж өөрийнхөө хэн болохыг "сануулав".
 
Уг нь энэ нээтэг дээр нь дөрөөлөөд ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд хариуцлага тооцож, түүнийг чөлөөлсөн бол жинхэнэ утгаараа Хууль зүйн сайдын сүр хүчийг үзүүлэх байлаа. Даанч чадсангүй. Цагдаа өөрсдийнхөө эгнээнийнхнээс ч барьж хориод шалгаж байгаа.
 
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд саатуулан хорьсон. Түүнийг Эрүүгийн Хуулийн гурван зүйл ангиар буруутгаж байгаа.
 
Тэр нь "Цагдаа олон нийтийн байцаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож хүнд гэмтэл учруулсан" гэх ЭХ-ийн 230 дүгээр зүйлийн 23.3 болон түүнтэй төстэй заалтаар буюу ЭХ-ийн 181 дүгээр зүйлийн 2.2 зааснаар бас ЭХ-ийн 269 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар буруутгаж байгаа гэдгийг барьж хорьсон хүмүүс нь хэлсэн байдаг.
 
Хамгийн сүүлийн зүйл анги нь "Бусдад их хэмжээний хээл хахууль өгч албан тушаал дэвшсэн, бусдаас хахууль авсан" гэдэг заалттай болохыг хууль хараад бичиг үсэгт тайлагдсан хэн ч мэднэ. Үүнийг тодруулахын учир гэвэл тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаад 18 жил болсон байх юм.
 
Анх ажилд орохоосоо эхлээд хахууль өгсөн гэвэл албан тушаал ахиж, цагдаагийн хошууч цол автлаа овоо мөнгө зарлагадсан болж таарна. Тэгэхээр энэ хэр үнэний хувьтай вэ. Тэртээ 1995 онд их хэмжээгээр авилга өгөх мөнгөтэй хүн хэд байсан бол. Сонин юм шүү.
 
Цагдаагийн байгууллага онцгой тохиолдолд л хугацаанаас нь өмнө цол олгохоос бус хэн дуртайгийнх нь, аль танилтайгийнх нь мөрөн дээр "хадаас" нэмээд байдаг газар биш. Ажилласан жил, үзүүлсэн амжилт гээд бүх юмыг нь харна. Бас хэн дуртай аавын хүү ч эрүүгийн төлөөлөгч хийдэггүй юм.
 
Тэр тусмаа Эрүүгийн тасгийн даргын албыг дуртай нь, танилтай нь хашдаг юм биш. Жирийн сэтгүүлч миний бодол ийм. Хэрвээ тэр буруутай юм бол, хэргийг нь шийдчихсэн бол прокурор, шүүхэд шилжүүлээч. Зохих ялаа эдлэг. Яагаад дүлэгнээд өдий болтол хориод байна вэ.
 
Энэ чинь хуулийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулж, эргэлзээ төрүүлээд байна. Үүнийг жишээ татаж байгаа минь ч учиртай. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийг тэр тусмаа Эрүүгийн тасгийн даргатай холбоотой асуудал энэ удаа анхаарал татаад байгаа юм биш.
 
Аль хоёр гурван жилийн өмнөөс хэвлэлээр бичигдэж эхэлсэн зүйл. Өөрийнх нь авилга авсан асуудал хөдөлшгүй баримтаар нотлогдож, шат шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн Сэлэнгэ аймгийн орлогч прокурор асан Ш.Болд-Эрдэнэ гэгчийн "аавын хаалга" татаж, хэсэг хугацаанд "суусандаа" өширхсөн сэтгэлээс үүдэлтэй хэрэг.
 
Гарч ирэнгүүтээ тэрбээр өөрийнх нь хэргийг илрүүлсэн хуулийнхан руу ноцож эхэлсэн байдаг. Үүнийг дурын сайт, зарим нэг сонины хуудаснаас харж болно. Прокурорын байгууллага ч мэргэжил нэгтэндээ ээлтэй хандаж гомдлыг нь тодорхой хэмжээгээр харж үзсэн байдаг.
 
Үүнийхээ хүчинд, дөрөв дэх засаглалын буянаар тэр ажлаа хийж явсан АТГ-ын болон ЭЦГ-ын гурван мөрдөн байцаагчийг удаа дараа шалгуулж, нэлээд төвөг удсан нь үнэн. Шүүхээр ч орсон. Харин ажил үүргээ гүйцэтгэсэн гурван мөрдөн байцаагч буруугүй гэдгийг шүүх тогтоогоод өгсөн.
 
Энэ нь мэдээж хэрэг, Г.Болд-Эрдэнэд таалагдаагүй. Энэ тухай хэдэн цуврал ч бичиж болно. Харин одоо түүний хэргийг илчилж, авлига авсныг нь тогтоосон П.Өлзийсайхан хоригдож байна. Бүр өөрөө авилга авсан хэрэгт буруутгагдаад шүү.
 
Ийм маягаар Монголын хууль хяналтын ажил урагшилж байна. Асаалттай танк шиг ажиллаж байсан хуулийнхан яагаад таг болов оо. Асуудлыг хурдан шийдэж, буруутайд нь ял өгч, буруугүйг нь суллаач. Цагдаа амарсан ч, анхан шатны шүүхийнхэн амраагүй байгаа гэдгийг хэлье.
 
 
 
Н.Саранчимэг
 
Эх сурвалж: