sonin.mn
Хуульд заасны эсрэг үйл ажиллагаа явуулсан хүн гэм буруугаа хүлээх нь зүй ёсны хэрэг. Бултаараа дагаж мөрдөх хуулийг зөрчсөнөөс тэр шүү дээ. Тэр дундаа гэмт хэрэг үйлдсэн этгээд зохих шийтгэлээ эдлэх ёстой. Яагаад гэвэл хуульд заасан учраас. Энэ бүхнийг давтахын умир хуулийн өмнө бид бүгд тэгш эрхтэй.
 
Арьс өнгө, дарга цэрэг, мөнгөтэй мөнгөгүй нь энд огт хамаагүй. Үндсэн хуулиндаа ингэж тусгасан хэдий ч бодит амьдрал дээр дэндүү их зөрчигдөх нь гачлантай. Ялангуяа хуулийг хэрэгжүүлэх тангараг өргөсөн, хуулийг тархиндаа шингээж, гартаа атгасан тэр хүмүүс чухам тэр хуулиараа далайлгаж, гэмгүй нэгнийг хэрэгтэн болгож, хэрэг хийснийг нь мулталж чаддагийг харах л их хоржоонтой юм.
 
Сүүлийн жилүүдэд ийм үзэгдэл газар авсныг жирийн иргэд захаас аван нэрлэдэг. Шударга байхыг, шударга ажиллахыг Монгол Улсын Ерөнхийпөгч уриалаад удаж байгаа ч, эргээд харахад таван жилийн дотор гавьтай үр дүнд хүрсэнгүй.
 
Хамгийн түрүүнд хууль хяналтынхан тэр дундаа шүүхийнхнээс шинэчлэлээ эхэлнэ гэж онилсон бай чинь буруу байжээ, Ерөнхийлөгч өө. Хуулийнхнаас эхлэх нь зөв ч эхний алхам нь шүүх биш байж. Харин аливаа нэг гэмт хэргийг шүүхээр шийдэх хүртэл ямар процесс явагддаг билээ, түүн шиг дарааллаар хийх байсан юм биш үү.
 
Тухайлбал, цагдаа, прокурор, шүүх гээд. Яагаад гэхээр нэгэн цогц болж ажиллах ёстой эдгээр хуулийн төлөөллүүд өөр хоорондоо зөрчилдсөнөөс эргээд сөрөг зүйл үүсээд байх шиг. Хэн хэнээ давах гэсэн мөчөөрхөл ажлыг нь урагшлуулах бус харин чөдөр тушаа болоод байна.
 
"Муу л бол зүүн хойд хар овоохой" гэдэг шиг бид болохгуй бүтэхгүй болгоныхоо өмнө цагдааг л "барьдаг", өөрсдөө шударга бус зүйлд орооцолдчихоод "Шударга бус шийдвэр гаргалаа" гэж шүүгчид рүү ноцож, шүүхийг буруутгадаг. Энэ бүхний завсарт прокурор гэдэг байгууллага бүхлээрээ уснаас хув хуурай гарч үлддэг.
 
Харин ч тэдний хооронд түймэр өдөөх цучил шидсэн шигээ сууж байдаг. Улсын нэрийн өмнөөс яллагчаар оролцдогийг нь ч бодсон, аливаа хэрэгт хяналт тавьдаг үүргийг нь ч санасан прокурорын байгууллага нөгөө хоёртойгоо холбогдож л таарна.
 
Тэгэхээр энэ л байгууллагаас шинэчлэлээ эхэлж, овоо хараагаа тааруулах ёстой байж гэж бодогдоно. Хамгийн энгийн жишээ хэлэхэд дээрх гурван байгууллагаас хамгийн хаалттай нь УЕПГ. Хаалттай бүхэн хар сэр дагуулж байдаг жамтай, Дээр нь УПЕГ-ын дэргэд Мөрдөн байцаах алба гэж бий.
 
Цагдаагаас эхлээд хуулийн салбарт харьяалагддаг бүгдийг бусдын мэдүүлсэн гомдлын дагуу шалгах үүрэгтэй чухал алба. Шуудхан хэлэхэд мэргэжил нэгтнээ "айлгаж", хаяагаа хадардаг айхавтар алба. Эднийх бас хаалттай. Хааяа хаалгаа хагас дутуу онгойлгохдоо өгөөш хаях зорилгоор өөрсдөд хэрэгтэй зүйлээ л цацна.
 
Өнгөн дээрээ шударга ажиллаж байгаа дүр гаргадаг ч "тогоон доторхоо намнадаг" болохоор нааш цааш яриа байх хамгийн өндөр магадлалтай. Алдаа гаргасан мэргэжил нэгтнүүд нь эднээсээ айна гэж жигтэйхэн. Хэрвээ айхгүй бол тэд "айхгүй ч аягүй" болгох аргаа мэднэ.
 
Мэдээж хэрэг, бүгдээрээ тийм биш. Сайн муу нийлж сав дүүрдэг хойно янз бүр л байгаа нь тодорхой. Гэхдээ "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг үг бий.
 
Хамгийн сүүлийн нэгэн жишээг татахад аливаад буруутгагдаж, хэл ам таталсан нөхдүүдийн "но"-г энд шийддэг журмын дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайханы холбогдсон хэргийг тус албаны мөрдөн байцаагч Н.Содбаяр мөрджээ.
 
Тэгээд түүнийг ЭХ-ийн 230 дугаар зүйлийн 3-т зааснаар "Цагдаа олон нийтийн байцаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож хүнд гэмтэл учруулсан" гэж буруутгасан байдаг. Үнэхээр одоогоос зургаан жилийн өмнө буюу 2007 онд тийм явдал болжээ.
 
Одоо хоригдож байгаа дэд хурандаа П.Өлзийсайхан тухайн үед Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн байцаагч байсан Н.Мөнгөнхундагатай муудалцаж, харилцан зодолджээ. Эр хүний хооронд маргаж муудахыг алийг тэр гэхэв. Тэгээд л өнгөрч.
 
Харин зургаан жилийн дараа энэ хэргийг гэнэт сөхөж, иргэн Ганболдын гаргасан өргөдлөөр шалгаж эхэлсэн нь энэ. Яаж ч бодсон хохирогч буюу зодуулсан хүн өөрөө гомдлоо гаргах учиртай. Хэрвээ оюун ухааны хомсдолтой, асран хамгаалагчийн хяналт дор байдаггүй л бол тэр шүү дээ.
 
Гэтэл гэнэт хаанаас ч юм бэ, хэн нэгэн Ганболд гарч ирээд зургаан жилийн өмнө "гомдолгүй" гээд салсан хэргийг задалж, уртын урт гомдол гаргах цаад зорилго юу байв. Үүн дээр тун чиг олон верс дэвшүүлж болно. За, яахав харьяалах байгууллагад нь шалгуулах өргөдөл иржээ.
 
Өргөдлийн дагуу хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Хамгийн хачирхалтай бөгөөд эргэлзээтэй зүйл нь гэвэл мөрдөн байцаагч Содбаярын "Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг зодож хүнд гэмтэл учруулсан" гэж П.Өлзийсайханыг ЭХ-ийн 230-ын 3-аар зүйлчлэн буруутгаснаас 20 хоногийн дараа Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын дүгнэлт гарсан байдаг.
 
Энэ юу гэсэн үг вэ. Мөрдөн байцаагч залуу шүүх эмнэлгийн дүгнэлтгүйгээр, баримтгүйгээр хүнд ял тулгасан байх нь. Эсвэл шүүх эмнэлгийн гарах дүгнэлтийг бараг сарын өмнө мэдэж байсан гэхээр далдыг хардаг юм биш үү.
 
Хэрвээ тийм бол мэргэжил нэгтнээ мөрдөхөөс илүүтэйгээр мэддэгээ ашиглаж, "Зөн билгийн тулаан"-д орвол яасан юм бэ. Яагаад гэхээр зургаан жилийн өмнөх зодооныг дэргэдээс харсан мэт мэдэж, хүнд гэмтэл учруулсан гэж шүүх эмнэлгээс өмнө тогтоодог ч бас авьяас шүү.
 
Үгүй бол энэ нь зохион байгуулалттай хуйвалдаан байх магадлал өндөр. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Мөнгөнхундагыг "Хөдөлмөрийн чадвараа 45 хувь алдсан" хэмээжээ. Энэ нь ч бас эргэлзээтэй.
 
Үнэхээр хөдөлмөрийн чадвараа 45 хувиар алдсан бол өнөөг хүртэл цагдаагийн байгууллагадаа ажилласаар байх уу. Тэрбээр одоог хүртэл тэндээ ажиллаж, Хэв журмын ахлах байцаагч хийж байгаа гэдгийг нутгийнхан нь хэлсэн юм.
 
Үнэндээ хөдөлмөрийн чадвараа 30 хувь алдахад л Цагдаагийн байгууллагад ажиллах наад захын шаардлага хангахгүйд хүрнэ шүү дээ. Тэгэхээр энэ хэр үнэний хувьтай вэ. Ийм жишгээр буруутан болсон дэд хурандаа П.Өлзийсайхан одоог хүртэл хоригдож байна.
 
Түүнийг заавал гэмтэн болгох гэж зүтгэхийн учир юу вэ. Юутай ч "Гарьд магнай" кинонд гардагчлан их л дээрээс шидсэн чулуу бололтой. Түүнийг мөнгөтэй хүмүүсээс эмээлгүйгээр хэргийг илрүүлдэг гэдгийг олон хүн хэлдэг.
 
Мэдээж ийм зан эрх дархтан, эд баялагтанд таалагдахгүй. "Могой газрынхаа өнгөөр" гэж нэг үг бий. Тэгвэл бүхнийг зоосны нүхээр харах одоо цагийн өнгөнд нь "Шударга ажиллавал гэмтэн болно шүү" гээд хэлчихвэл нэг их буруутахгүй юм шиг ээ.
 
Н.Саранчимэг
 
Эх сурвалж: