sonin.mn
Чулуунбаатар нь 1951 онд Өмнөговь аймагт төрсөн. Өдгөө Америкийн нэгдсэн улсын иргэн. Дэлхийн алдартай зураач бөгөөд орчин үеийн урлаг, абстракт зургийн төрлөөр уран бүтээл туурвидаг.
 
Тэрээр дэлхийн алдартай олон галерейд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байжээ. 1982 оноос өнөөдрийг хүртэл Монгол, Америк, Энэтхэг, Ирак, Япон, Хятад, Хонконг зэрэг улсад уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан бөгөөд түүний зураг дэлхийн уран зургийн захуудад өндөр үнтэтэй зарагддаг. 
Чулуунбаатар нь Монгол тооныг 1980-аад оноос судалж Монгол тооныг дэлхийн улс орнуудад сурталчлах, монгол тооноор дамжуулж монгол хүний сэтгэлгээ, гэрийн соёлыг сурталчлан таниулах арга хэмжээг олон улсад зохион байгуулжээ.
 
Түүний судлан таньж мэдсэн монгол тоонын тухай урлагийн бүтээлийг дэлхий нийтэд өндрөөр үнэлж НҮБ-ийн танхимд Тооно арт үзэсгэлэнгээ зохион байгуулж байсан.
Зургийг зөвхөн хүн гараараа зурж бүтээдэг үйл явц 21 дүгээр зуунд өөрчлөгдөж зургийг бүтээхэд заавал хүнээс гадна хоёрдогч эзэн оролцож болно гэдгийг энэ үзэсгэлэнгээр харуулжээ.
 
Энэ удаад Чулуунбаатар нь Монгол морийг дэлхий нийтэд урлагаар дамжуулж сурталчлан таниулах зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсын Өвөрхангай аймгийн “Өндөр гэгээн Занабазар”-ын нутаг болох Есөн зүйл суманд 800 монгол морины гишгэдэлийг уран бүтээл болгон морины гишгэх, хатирах, давхих бүхий л үйлийг зураг болгон мөнхөлжээ. Өөрийн бэлдсэн 800 морь дээгүүр нь гарахад багтах хэмжээний даавууг дэлгэж зураач олон төрлийн будаг цацаж 800 морины давхих, гишгэх хөдөлгөөн бүрийг нарийн камераар зургийг авч, морины мөрөөр “Action painting“ бүтээлийг буй болгожээ. Энэ нь дэлхийд анх удаа болж буй үйл явц бөгөөд маш гайхалтай орчин үеийн зургууд энэ үйл явцын дүнд буй болжээ.
Үзэсгэлэн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн /хагас сайн/ 18:00 цагт БлүМон арт галерейд нээгдэх бөгөөд 5 хоног үргэлжлэн нийтийн хүртээл болно.
 
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
Харилцах хаяг: Sukhbaatar District, 8. Khoroo, J. Sambuu Street 32, BlueMon Centre, F1, Ulaanbaatar, Mongolia