sonin.mn

Увс аймгийн 100 жил жигтэйхэн сүр дуулиантай, улс доторх улс шиг айхавтар нүсэр боллоо. Тэгтэл УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн баяр наадмын дундуур, шууд дамжуулж буй телевизүүдийн сувгаар аймгийнхаа наадмыг 22 тэрбумаар хийж байна гэж аархаж сайрхсан нь нөгөө “зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихлаа” гэдэг шиг юм болчихов уу даа. Үндсэндээ өөрийгөө магтах гээд, Увс нутгийнхаа ойг жигтэйхэн мундаг хийсэн баатарлаг хүн болж харагдах гэж дур нь гозолзон байж ядахдаа өөрийнх нь хэлснээр “телевизийн камер ашигласан” нь буруудлаа. Өөрөө өөрийгөө бариад өгчихлөө.



Тэрээр “Ойн арга хэмжээг зохион байгуулахад орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн наадмын талбай, морь барианы газар тэргүүтэй газруудад зарцуулсан. 4.5 тэрбум төгрөгөөр цэнгэлдэх орчмын газрыг тохижуулж, дэд бүтцийг шийдвэрлэх ажлыг хийсэн.



Энэ ажлыг шийдвэрлэхэд гол нөлөө үзүүлсэн хүн бол Барилга хот байгуулалтын сайд байсан Ж.Батсуурь. Манай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл. Бид гурав нийлж 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2025 оны төсөвт бүрэн бүтэн суулгасан. Ж.Батсуурь сайддаа баярлалаа. Мөн Улаангом цэнгэлдэх орчмын тохижилт, цахилгаан хангамж, замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний багцаас хоёр тэрбум төгрөгийн ажил хийгдсэн” гэдгийг хэлсэн юм.


“Аргалдаг” Чойжоогийн энэ үгэнд ард түмэн үнэхээр зэвүүцэж байна. Цахилгааны үнийг яаж нэмчихээд, ядарсан иргэдээрээ яаж даажигначихаад одоо болохоор 22 тэрбумаар Увсынхаа наадмыг хийлээ, өөрийнхөө багцаас хоёр тэрбумыг гаргалаа гээд бахдалтайгаар ярьж байгаа нь олон түмнийг тохуурхан доромжилсон явдал боллоо. Чойжилсүрэнгийн багцын мөнгө гэж ямар мөнгө байх юм. Тэр бол эрчим хүчний реформ нэрээр ард түмнээ шулсан, татвар төлөгчдийн мөнгө гэдгийг хүмүүс хэлж байна. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Чойжилсүрэн сайд сайн гэсэн үг үү. Сэргэлэн гэсэн үг үү. Чадаж байгаа зүйлд аргагүй гэх үү. Миний багц гэж ямар ч улстөрчид байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа” хэмээн өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн.


Сүүлийн үед эрчим хүчний асуудал хамгийн их яригдаж байгаа. 3 дугаар цахилгаан станцын дэлбэрэлт юу болов. Энэ бүхнээ шийдэж чадаагүй сайд, эрчим хүчний үнийг тэнгэрт тулгаж, иргэн бүр өрх бүрийн халаасан дахь таван төгрөгийг нь шулж байгаа сайд “Аймгийнхаа наадмыг 22 тэрбумаар хийлээ, өөрийнхөө багцаас хоёр тэрбумыг гаргалаа” гэж ярьж байгаа нь Монголын улстөрчид, сайд дарга нар ямар ёс суртахуунгүй, ичих нүүргүй, ард түмнээ гэсэн сэтгэлгүй өчүүхэн болсны илэрхийлэл гэлтэй.


Нэг аймгийн наадмын ойг тухайн аймгийн Засаг дарга хариуцаж тэмдэглэнэ. Хөрөнгө оруулалтыг нь босгох зам талбай гээд аж ахуйн ажлыг хийх нь Засаг даргын ажил баймаар. “Чойжилсүрэн чинь төрийн сайд юм уу, Увсын сайд юм уу” гэж нэгнээсээ ам асууж байгаа нь учиртай л үг. Үнэхээр Чойжилсүрэн Та төрийн сайд юм уу, Увс аймгийг хариуцсан сайд юм уу. Таны амнаас Увс гэдэг үг л гарах болжээ. Нутаг усаа бодолгүй яахав. Гэхдээ аливаа юм хэмжээндээ байх нь зөв.



Чойжилсүрэн сайд та цахилгааны үнийг нэмээд зогсохгүй дулааны үнийг нэмнэ, “Намайг ард түмэндээ хайргүй хүн бэ” гэж хэлэх нь хэлнэ л биз” гэж шүд зуугаад нэмэх гэж буйгаа ингэж тайлбарласан.



“Улаанбаатар хотод ТЭЦ-2, 3, 4 гээд дулааны цахилгаан станц бий. Амгалан дулааны станц зөвхөн дулаан үйлдвэрлэдэг. Нэг цагийн өртөг нь 66000 мянган төгрөг байгаа. Улаанбаатар хотод орон сууцны нэг метр квадратын сарын дулааны төлбөр 506 төгрөг байгаа. 50 метр квадраттай орон сууцыг сар халаахад НӨАТ-т 27 мянган төгрөг төлж байгаа. Өөрийнхөө өртгийн 40 хувиар борлуулж байгаа. Шинээр дулааны станц баривал нэг метр квадратын сарын төлбөр 2505 төгрөг буюу үүнээс дээш болно.


Одоо Сэлбэ дулааны станц 2505 төгрөг болно. Одоо байгаа 506 төгрөгөөс 5 дахин өндөр байгаа. Бид энэ 506 төгрөгийг 1012 төгрөг болгож, магадгүй 200 хувь нэмлээ гэдэг шүүмжлэл гарах байх. Ийм шийдвэр гаргачихсан байж байгаад ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулсан. 50 метр квадрат байртай айл дулаанд 27 мянган төгрөг төлдөг бөгөөд 8 сард 200 гаруй мянган төгрөг төлдөг. Харин гэр хороололд байгаа айл 6 тонн түлш хэрэглэхээр 600 мянган төгрөг болдог. Галлах, худалдаж авчрах зардлыг нь оруулахгүйгээр шүү.


Халуун усанд 7 хоногт нэг удаа 4 ам бүлтэй айл ороход найман сард хоёр сая төгрөг болох юм билээ. Үүнийг л хооронд нь ойртуулах шийдвэр гаргачихаад харамсалтай нь шилжилтээ хийж чадахгүй байгаа. Ардын дайсан гэж намайг цоллох байлгүй. Гэхдээ үүнийг хэн нэгэн хүн хийхгүй бол нөхцөл байдал улам хүндэрч байна. Ядуу хэсэг нь өндөр зардалтай улам хүнд байдаг. Баян чинээлэг хэсэг нь бага зардалтай бүтэцтэй байгаа” гэсэн айхавтар мэдэгдэл хийсэн. Түүний хэлснээр үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагын дулааны зардал мкв тутам нь 604 төгрөг байсныг 1208 төгрөг болж нэмэгдэнэ.



Цахилгаан, дулааны үнээс гадна ирэх есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны үнийг мөн нэмнэ. Ингэж “Аргалдаг” Чойжоогийн амнаас цахилгаан дулаан, халуун хүйтэн усны үнэ нэмэх тухай л яриа гарч байгаа. Харин Увсад хөрөнгө оруулалт хийх тухай ярих юм, энэ чинь ямар учиртай юм бэ.



Г.Занданшатар сайд аа, Та “Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий“ хэмээн хоёр өдрийн өмнө Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой ил тод явуулах тухай” ярихдаа хэлсэн. Тэгвэл Чойжилсүрэнгийн багцын хоёр тэрбум гэдэг ямар учиртайг Ерөнхий сайд та олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Мөн Чойжилсүрэн сайд та үүнд тайлбар өгөх хэрэгтэй байна. “Чойжилсүрэн сайд сайн дураараар огцрох болзлоо хангалаа” гэж хэвлэлийнхэн олон нийтийн сүлжээнд бичиж байгаа. Хуультай, сөрөг хүчинтэй улсад хариуцлага тооцно гэх итгэл, горьдлого ард түмэнд байна. Гэтэл Чойжилсүрэн сайд сөрөг хүчнийхээ нөхдүүдтэй нийлж хөрөнгө босгосон гэдгээ хэлж, АН-ын Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нарт баяр хүргэн өөртөө хамааруулаад байгаа. Сангийн сайд Б.Жавхлан Маршал Ю.Цэдэнбалын талбайг засч янзлахад 1.2 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэг үзүүлсэн гэдгийг Чойжоо мөн хэлсэн.


Арай л Г.Занданшатар Ерөнхий сайд Таны нэрийг хэлсэнгүй. С.Бямбацогтоос аваад бүх л сайд нарыг хэлж, Увсын 100 жилийг мундаг хийлээ гээд бахархаад байна. Ингэж бярдаж, аархаж, ард түмнээрээ тохуурхаж болдог юм уу. Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдан Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар дахин томилогдоход ард иргэд яаж дургүйцэж, тэмцэж байлаа. Тэгтэл одоо бүр давраад “намайг хэн хэлэх вэ” гэсэн байдалтай байгаа нь хэрээс хэтэрлээ.



Д.Батболд