sonin.mn

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаасаа хойш чимээ аниргүй, сураг тасраад байсан. Түүнийг “…Америк явсан”, “…Хөдөө байна” гэх мэдээллүүд гарч, зарим нь эрж сураад юм юм л болж байв. Мөн, баяр наадмаар ч үзэгдээгүй юм. Тэгвэл, Л.Оюун-Эрдэнэ энэ зуныг “завгүй” өнгөрөөж байгаа гэх яриа улс төрийн хүрээнд гарч байна.


Тэрээр, хэд хэдэн томоохон улс төрийн уулзалтыг баяр наадмын амралтын үеэр Төрийн ордонд хийжээ. Ингэхдээ, Ерөнхий сайдын албан тушаалаас буухаасаа өмнөхөн гаргасан Ухаахудагийн талаарх хоёр боть эмхэтгэлээ тарааж буй юм байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын эхээр Засгийн газрын ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Үүнийх нь дараахан огцруулсан. Уг хоёр ботид, Тавантолгойн нүүрсний бүлэг ордын хайгуулд төрөөс 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, Засгийн газар тус ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, өдгөө Ухаахудагийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа, энэхүү талаарх “Энержи ресурс”-ийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд багтсан байдаг. Хамгийн гол нь, “…Л.Оюун-Эрдэнэ улстөрчидтэй хийсэн уулзалтуудаараа Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн хэсгийг Баялгийн санд авах талаар ярьсан” гэж байгаа юм. Уулзалтад нь улстөрчдөөс гадна, Үндсэн хуулийн Цэцийн хуучин удирдлагууд ч багтсан сурагтай.


Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг ойрд нэлээд идэвхтэй, хөдөлгөөнтэй байгаа талаар улс төрийн хүрээнд яригдаж байна.


Эндээс үзвэл, “Ухаахудагийнхан” ялалтын баяраа тэмдэглэж байх зуурт Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сан, Ухаахудагийн талаар нэлээд уулзалт хийсэн болж таарлаа.


Ер нь бол, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан нэг томоохон шалтгаан нь түүний Ухаахудаг руу “дайрсан”-тай нь холбоотой гэх ойлголт олон нийтэд үлдсэн. Энэ тухайд өөрөө ч хэлсэн. Тэрээр 2025 оны зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон чуулганы үеэр “…Ухаахудагийн асуудал том доргилт болдог юм билээ. Яалт ч үгүй улсын хэмжээний бяртай юм. “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд Д.Эрдэнэбилэгтэй тулж байлаа. Ийм хэмжээний асуудал үүсэж байсангүй. Нөлөө бүхий улстөрчид нь нийлээд блоклочихоор Ордонд хүч алдаж байна” гэж хэлсэн байдаг. Мөн УИХ-ын чулуганы хуралдааны тэмдэглэлд “…Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс”-тай холбоотойгоор боссон нь үнэн гэлээ” хэмээн бичигдэж үлдсэн.


Сануулахад, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа, 2024 оны арваннэгдүгээр сараас эхлээд “Ухаахудагийнхан”-ы дургүйг хүргэсэн. Хятадын Засгийн газартай Гашуунсухайтын гэрээг байгуулсан. Тэр нь, “Ухаахудагийнхан”-ы Ухаахудагаа “өргөтгөж”, Тавантолгойг бүхэлд нь эзэмших орон зайг нь үгүй хийсэн. Улмаар, 2025 оны хоёрдугаар сарын 17-нд Ухаахудагийг “Энержи ресурс” компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэг “…Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2028 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй” гэж дүгнэсэн. Түүнийг үндэслээд Засгийн газраас УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Өдгөө, тэр дагуу санал дүгнэлт гаргах 11 гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг томилогдсон.


Тэгэхээр, Ухаахудагаас үүдэлтэй улс төрийн нэлээд урт хугацааны зодоон өрнөх нь тодорхой болж байх шиг байна. 


Б.БАЯР


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин