sonin.mn

Өвөл болохоор жолооч нарт автомашины түлш зарцуулалт ихсэх, асалт удаашрах, хөлдөх, тормозны зам уртсах, туулах чадвар багасах буюу дугуй хий эргэх зэрэг бэрхшээл тулгардаг. Тэгвэл энэ бүхнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө хүргэе.

Шөнө гадаа хоносон автомашиныг өглөө хэрхэн асаах вэ?

Жолооч та өвлийн хүйтэнд автомашинаа гадаа хонуулах шаардлагатай болсон бол дулаан хучлага, температур болон цаг тохируулж асаадаг автомат удирдлага хэрэглээрэй. Хэрэв танд дээрх хэрэгсэл байхгүй бол өглөө машинаа асаахдаа дараахь зүйлийг анхаараарай.


Хэрэв таны машин дизель хөдөлгүүртэй бол машинаа асаахаасаа өмнө халаагчийг нь 2-3 удаа ажиллуулна. Үүний дараа стартераа дарна. Хэрэв асахгүй бол 3-5 секундын зайтай 2-3 удаагийн давталттай түлхүүрээ эргүүлээрэй. Ингээд ч асахгүй байвал дахин оролдох хэрэггүй, засварын газар хандах нь зүйтэй юм байна. Жолооч нар аккумулятороо өөр машиныхтай холбож асаах тохиолдол их байдаг.


Харин ингэж асаах гэж оролдохдоо буруу холбож машиныхаа эд ангийг шатаах магадлал өндөртэй. Өглөө машин асахгүй байх үндсэн хоёр шалтгаан байдаг байна. Нэгдүгээрт, хэт хүйтэнд аккумуляторын ачаалах чадвар муудаж, хангалттай хэмжээнд ажиллахгүй байх. Хоёрдугаарт, свеча муудсан болон ашиглалтын хугацаа дууссан байх магадлалтай.

 

Гэхдээ голдуу аккумулятор суусан байх магадлал хамгийн өндөр байдаг ажээ. Стартер эргэхгүй байх, эргэж байгаа ч эргэлт удаан юмуу бүр асахгүй байвал аккумулятор суусан гэсэн үг. Мөн их гэрэл хэвийн байдгаасаа бүдэг асах, дуут дохионы дуу сул эсвэл бүр дуугарахгүй байвал аккумулятор суусан гэж ойлгоорой. Их хүйтэнд аккумулятор бээрэхээс сэргийлж гадуур нь дулаалга хийх боломжтой.

 

Хэдийгээр автомашины сэлбэг, хэрэгслийн дэлгүүрт зориулалтын дулаалга байдаггүй ч тохирсон эсгий дулаалга хийж болдог юм байна. Харин таны машин бензин хөдөлгүүртэй бол халаагчгүй байдгийг анхаараарай. Бусдаар бол дизель хөдөлгүүрийн машинтай адилхан зарчмаар асаах хэрэгтэй юм байна. Гэхдээ гадаа хүйтэрч эхлэх үед өвлийн бэлтгэл болгож автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо зайлшгүй сольсон байх шаардлагатай.



Хөдөлгүүрийн тос солихдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Автомашины хөдөлгүүрийн тосыг монголчууд голдуу хавар, намарт сольдог. Гэхдээ хөдөлгүүрийн тосоо сольсноос хойш таван мянган км явж байж дахин солих хэрэгтэй. Манай жолооч нар дунджаар зургаан сард таван мянган км явдаг учраас хавар, намартаа тосоо сольдог байна. Хэрэв таны машин зургаан сард дээрх хугацаанаас илүү явсан бол тухай бүрт нь заавал солиулаарай.

 

Харин хөдөлгүүрийн тосоо солихдоо өөрийн машинд тохирсныг нь сонгох хэрэгтэй. Уг тос нь энгийн ба синтетик гэдгээрээ ялгаатай байдаг. Энгийн тос нь байгалийн гаралтай буюу минерал тос юм. Синтетик нь байгалийн гаралтай тосны элемент дээр химийн нэмэлт элементүүдийг оруулж өгсөн тос. Энэ тос нь энгийн минерал тосыг бодвол халуун болон хүйтэн нөхцөлд ажиллах чанараараа илүү тэсвэртэй байдаг.


Хөдөлгүүрийн тос үндсэн таван үүрэгтэй. Нэгд, хөдөлгүүрийн эд ангиудын хоорондох үрэлтийг бууруулж, элэгдлийг багасгана. Хоёрт, битүүмжийг хангах буюу поршен цилиндрийн хоорондын зайг багасгаж, энергийн алдагдлыг арилгана. Гуравт, хөргөх буюу харьцалтын гадаргууг хөргөнө. Дөрөвт, цэвэрлэх буюу харилцан үрэлдэж байгаа эд ангиудын завсар үүсэх нагар тортгийг уусгаж, элэгдлийн улмаас үүссэн үртэс зэрэг бохирдлыг цэвэрлэнэ.

 

Тавд, зэврэлтээс хамгаалах буюу шатсан түлшнээс үүссэн хий нь поршентийн бүслүүрийн завсраар тосны тэвш рүү нэвтэрч халуун тостой урвалд орж хүчил үүсгэн эд ангийг зэврүүлдэг. Энэ хүчлийн үйлчлэлийг саармагжуулж зэврэлтээс хамгаалдаг. Хөдөлгүүрийн тосыг SAE , API , ACEA , ILSAC гэж ангилдаг . Ангилал SAE нь хөдөлгүүрийн тосыг АНУ-ын автомашины инженерүүдийн нийгэмлэгээс зуурамтгай шинж чанараар зэрэглэл тогтоосныг хэлдэг байна.

 

Харин өвлийн тосыг W буюу өвөл гэсэн англи үгийн эхний үсгээр тэмдэглэдэг Өвлийн ангилал S W, SAE 5W, SAE 10W, SAE 15W, SAE 20W, SAE 25W гэж ангилагддаг бол зуных нь SAE 20, SAE 30, SAE 40, SAE 50, SAE 60 гэж хуваагддаг ажээ. Дээрх ангиллын тосуудыг бензин болон дизель хөдөлгүүртэй машины аль алинд хэрэглэж болох бөгөөд бензин хөдөлгүүртэй автомашинд тусгайлан зориулсан GF-1 GF-2 GF-3 гэсэн гурван ангилал мөн байдаг гэнэ. Монгол орны өвөл зуурамтгай чанараар нь ангилсан SAE 5W-30 , 5W-40 тосыг хэрэглэхэд тохиромжтой.



Хөргөлийн шингэн ямар байх ёстой вэ?

Өвлийн улиралд хөргөлтийн шингэнээ зайлшгүй солиулах хэрэгтэй. Манай орны нөхцөлд 40 хэмийн хүйтэнд хөлддөггүй шингэн хийхэд болно. Хугацаанд нь солиогүйгээс шингэний тослох чадвар муудаж зэврэлт үүсэж усны насос муудах, нагар тогтож хөдөлгүүрт байх ёстой хэмжээнээс хэт их халалт үүсэж сальник резин жийргэвчүүд нь муудах, термостат гацах гэсэн гэмтэл гарах ба өвлийн нөхцөлд температур багатай хөргөлтийн шингэн нь царцаж салон руу халуунаар үлээхгүй болох, шингэн хөлдөж хөдөлгүүрийн блок, радиатор болон бусад эд  ангиудыг гэмтээх эрсдэлтэй байдаг.

 

Иймд хөргөлтийн шингэнийг 1-2 жилд заавал солих шаардлагатай юм. Харин хүч дамжуулах эд ангийн тос буюу кропны тос нь өвөл, зуных гэж байхгүй учраас тос бохирдсон үедээ солиулаарай. Уг тос бохирдсон бол царцаад эхэлдэг учраас шалгуулах нь зүйтэй. Хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг солихгүй удаснаар хөдөлгүүр халах, сальник резинүүд хатуурч тос хаях, дуу чимээ ихсэх, эд ангиудын элэгдэл ихсэх, тосны шүүрний шүүх чадвар муудаж бүтүүрэх, тосолгооны нарын сувгууд бөглөрч  хөдөлгүүр цохих  зэрэг сөрөг талууд байдаг ба өвөл болон хүйтэн нөхцөлд ашиглахад зориулагдсан царцах температур багатай, тослох чанар сайтай хөдөлгүүрийн тос хийх шаардлагатай ажээ.



Хөдөлгүүрийн тосыг тухайн нөхцөлд нь таарсан, автомашиндаа тохирсон зориулалтын тосыг хэрэглэснээр автомашины тань хөдөлгүүрийн элэгдлийг багасгаж, бүрэн хүчээр ажиллах ба шатахуунд хэмнэлттэй байх болно. Хэрэв таны автомашин автомат хурдны хайрцагтай бол 20 мянган км яваад кропны тосоо солиорой. Хүйтэнд автомашинаа халаахгүйгээр хөдөлгөөнд оролцох, автомат кропны шингэнийг удаан хугацаанд солихгүй байх зэрэг нь хугацаанаасаа өмнө муудаж, автомат хурдны хайрцаг эвдрэх шалтгаан болдог. Тухайн автомашины маркаас хамаарч хурдны хайрцганд тохирсон тос хийх шаардлагатай.

Эх сурвалж: “Завхан”