sonin.mn

Та хөгширөхөөс айдаг уу? Нэг л өдөр тэтгэвэртээ сууж гавъяаны амралт хэмээх хүндэтгэлтэй сүржин нэрийн цаана “гэрийн хүн” болон хувирах хувь тохиол бидний хэн хэнд нь нэг л өдөр тохионо. Жам ёсоор ирэх тэр өдрийг хэнбугай ч тойрохгүй нь үнэн. Улс эх орон нийгэмдээ, үр хүүхэд гэр бүлдээ хийх ёстой юмаа хэдийнэ хийчихсэн азай буурлуудаасаа бид алт шиг сургааль, амьдралын ухааныг нь зан заншил болоод үүх түүхтэйгээ өвлөн үлдэх ёстой.

 


Тэднийхээ сургааль захиасаар амь амьдралаа тэгшитгэж, тэднийгээ хайрлан халамжилж, асран хамгаалахаас илүү ач буян гэж юу байх вэ. Ахмадуудаа хүндэтгэж, ахмадуудаа дээдлэж явах ёсыг бид хэзээ ч огоорох ёсгүй. Буурлаа дээдлэж яв буян нь ирнэ гэж сайхан үг бий. Бид ийм л ард түмэн байсан. Цаашдаа ч ийм л байх ёстой. Гэвч ачийг бачаар гэгчийн үлгэрээр ахмад буурлуудаа нүдэнд торсон хог, шүдэнд орсон мах шиг ад үзсэн үр могойс бидний дунд олширчээ.

 

Цаг өөр болно гэдэг нь энэ юм болов уу. Монгол улс төр засгийн бодлогоор ахмад настнуудаа нийгмийн хамгаалалд авах талаар өнөөг хүртэл хэд хэдэн үе шаттай ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал 1988 онд нийт ахмадуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй    “Монголын Ахмадын холбоо”-г байгуулж, аймаг сумдад “Ахмадын хороо” анх байгуулагдсан түүхтэй.

 

Энэ нь ахмад настнуудын аж байдлыг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх эрх ашгийн төлөө, төрийн байгууллагаас гарсан хууль тогтоомжийг биелүүлэхийн төлөө хамтран ажиллах, хяналт шаардлага тавих зэрэг байр сууринаас ажиллах ТББ-тай болсон дэвшил байв. Түүний дараагийн төрөөс авсан чухал арга хэмжээ бол 2008 онд “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” батласан нь томоохон шинэчлэл байлаа.

 

Уг хууль нь “Ахмад настны нийгмийн хамгаалал”, “Ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт”, “Ахмадуудад үзүүлэх хүндэтгэл, тусламж,    хөнгөлөлтийг санхүүжүүлэх эх үүсвэр”, “Ахмад настны нийгмийн хамгааллын талаар аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг”, “Ахмадын байгууллага”, “Ахмад настны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага” зэрэг 10 зүйлтэй батлагдан Улсын хэмжээнд үйлчилж байгаа юм.

 

Гэвч Хэнтий аймагт дээрх хуулийн дийлэнх заалтууд огт хэрэгжилгүй таван жил өнгөрчээ. Угтаа бол хуулиараа Хэнтий аймагт төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагын дарга, нягтлан бодогч нар өөрийн байгууллагаас өндөр насныхаа тэтгэвэрт гарсан ахмадуудын төлөө жил бүр “Ахмадын сан” байгуулж, аж амьдралд нь туслаж байх үүрэгтэй байдаг.

 

Энэ хуулийн 8.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 162-р тогтоолын заалтыг төсөвт байгууллагууд жил бүрийн үйл ажиллагааны зардлын, аж ахуй нэгж, албан байгууллагууд жилийн цалингийн сангийн 3 хүртлэх хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулна гэсэн заалт, баталсан журам нь маш энгийн ойлгомжтой байдаг юм байна. 

 

Уг нь манай аймгийн аж ахуй нэгж, албан байгууллагууд сэтгэл гаргаад хэдэн ахмадууддаа энэ санг нь байгуулаад өгчихсөн бол өнөөдөр олон ахмадуудын эрүүл мэнд, аж амьдрал, сэтгэл зүйд нэмэр болох байлаа.

 

Олон аав, олон ээж, олон эмээ өвөөгөө бид баярлуулах байлаа. Үнэ хүндтэй эл үүргээ биелүүлээгүй үе үеийн байгууллагын удирдлагууд “Цагаан cap”, “Ахмадын өдөр”-өөр настнуудаа хүүхэд хуурч байгаа мэт гарыг нь цайлган хүндэтгэл үзүүлэх хэлбэрээр аргацаан өнгөрөөж байсанд олон ахмадууд сэтгэл гонсгор яваа нь тодорхой.

 

Дээр нь энэхүү сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй Мэргэжлийн хяналтын байгууллага, Аудит, аймаг сумдын ЗДТГ, төсвийн болон аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад тэд гомдож яваа нь лавтай.

 

Иймээс дээрх холбогдох газруудын эрхмүүдийг аймгийнхаа ахмадуудаас албан ёсны уучлалт гуйж, дутагдлаа шуурхай засч залруулан 2013 онд ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн заалт бүрийг биелүүлж, ахмадууддаа төрийн халамжийг нь эдлүүлж, халамжлахыг аймгийн нийт ахмадууд хүсч байгааг манай сонин дамжуулж байна.

 


Хүсэлт тавьж гуйлгах нь бүүхэл ширүүхэн харахад нь сүрдэж, үг сургаалийг нь үнэт эрдэнэ мэт хайрлан хүлээж авч байх ёстой залуу үеийнхэн нь өнөөдөр ийм л аястай сууж байгаа нь тэдэнд хичнээн харамсмаар санагдаж буйг төсөөлөхөд бэрх.

 

Ахмадуудаа асран хамгаалах нь битгий хэл аятайхан хүндэтгэл үзүүлчих ёс зүйгүй, дээрээс нь тэдэнд зориулсан бүхэл бүтэн Улсын хуулийг биелүүлээгүй таван жилийг өнгөрөөсөн хүмүүстэй ямар хариуцлага тооцож, цаашид аймгийнхаа ахмадуудыг хэрхэн авч явах нь шинэ удирдлагуудын хийх ажил болоод байна.

 

Өнгөрсөн жилүүдэд аймаг орон нутагт зарим хууль дүрэм бодит амьдралын хөрсөн дээр буудаггүй, утаа болон замхардаг байсны нэгэн тод жишээ энэ юм.


Эх сурвалж: “Хэнтийн Мэдээ”