сонин mn
Энэтхэг улс вакцины шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, эхний өдрөө найман сая тун тарьж дээд амжилт тогтоолоо. Шинэ Делийн эрх баригчид муж улсуудад нийлүүлэлтээ түргэтгэж, тээвэрлэлтийн асуудлаа зохицуулжээ. Энэтхэг дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч орон боловч иргэдээ вакцинжуулахдаа алгуур хандсан. Нийт хүн амын таван хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулсан байна. Вакцинжуулалтаа өргөжүүлэхийн тулд Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 21-нээс бүх иргэнээ төлбөргүй дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэжээ. Тэрбээр хөтөлбөрийг хэрэгжүүлсэн анхны өдөр “Дээд амжилт тогтоосонд баяртай байна. Вакцин бол COVID-19-тэй тэмцэх хамгийн хүчтэй зэвсэг. Иргэдээ дархлаажуулахын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй фронтын дайчдад баяр хүргэе. Сайн байна Энэтхэг” хэмээн жиргэжээ. Моди өмнө нь Энэтхэгт үйлдвэрлэсэн нийт вакцины тал хувийг холбооны Засгийн газарт авч, үлдсэн хувийг мужийн захиргаа, хувийн эмнэлгүүдэд илгээдэг байжээ. Харин одоо Засгийн газар үйлдвэрлэсэн вакциныхаа 75 хувийг худалдаж авахаар шийдвэрлэсэн. Мужийн захиргаанууд вакциныхаа тунг үйлдвэрлэгчидтэй шууд тохиролцохын оронд Засгийн газраас үнэгүй авах боломж бүрджээ. Гэсэн хэдий ч вакцины үлдсэн 25 хувийг хувийн эмнэлгүүд урьдын адил худалдан авч буйг тэмдэглэх нь зүйтэй. Эрх баригчдын баталсан “Ковишиелд”ыг 780 рүпи (10.7 ам.доллар), “Спутник V”ийг 1145 рүпи (15.7 ам.доллар), “Коваксин”-ийг 1410 рүпигээр (19.3 ам.доллар) хувийн эмнэлгүүдэд тарьж байна. Шинэ бодлого зарим талаар Шинэ Делийн өнгөрсөн нэгдүгээр сард хэрэгжүүлсэнтэй төстэй. Вакциныг нээлттэй зах зээлээс худалдан авах шаардлагатай тул Бихар, Жарханд, Уттар Прадеш зэрэг ядуу мужийн санхүүгийн ачаалал эрс нэмэгджээ. Нийлүүлэлт эрэлтийг хангаж чадахгүй байгаа тул вакцины хомсдол үүснэ. Энэтхэгийн вакцин үйлдвэрлэгч нар үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд хараахан бэлэн биш. Энэтхэг улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 276 сая гаруй тун тарьжээ. Тус улсын насанд хүрсэн хүн амын тоо 950 сая давсан. Вакцины хүрэлцээгүйгээс цөөн мужид 18-44 насныхны дархлаажуулалтыг түр түдгэлзүүлжээ. Эрх баригчид оны эцэс гэхэд насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинжуулахаа амласан ч шинжээчид эргэлзэж байна.
 
АЗИЙН ГУРАВ ДАХЬ ТОМ ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРЧЭЭ
 
Нарендра Моди ажлын байр, хөгжил цэцэглэлт, хүнд сурталгүй Энэтхэг улсыг цогцлоохоо амласан. Гэхдээ түүний засаглалын долоон жилийн хугацаанд Азийн гурав дахь том эдийн засаг хямралд оржээ. Модийн дэвшүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 он гэхэд 3.6 их наяд ам.доллар хүрэх байв. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнээс үүдэлтэй инфляцийн өсөлт нь хямралд нөлөөлсөн. Энэтхэгийн Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20192020 онд 3.1 хувиар унажээ. 2016 онд гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 86 хувийг устгасан валютын хорио цээрийн дэглэм, Бараа, үйлчилгээний татварын хуулийг яаралтай баталсан нь бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болжээ. Энэтхэгийн эдийн засгийг хянах төвийн (CMIE) гүйцэтгэх захирал Махеш Вяс “Манай улсын том бэрхшээл бол 20112012 оны хөрөнгө оруулалтын удаашрал. Мөн 2016 оноос хойш бид эдийн засгийн олон цочролд дараалан өртсөн” хэмээв. Ажилгүйдэл 45 жилийн дээд түвшинд хүрч 6.1 хувьтай тэнцсэн. 2021 он гарснаас хойш 25 сая иргэн ажилгүй болж, 75 сая гаруй хүн ядууралд нэрвэгдээд байна. Үүний дотор Энэтхэгийн 100 сая хүн амтай дундаж давхаргын гуравны нэг ядууралд өртжээ. Модийн өндөр октантай тэргүүлэх санаачилга болох “Энэтхэгт үйлдвэрлэв” бодлогын дагуу экспортын төвүүдэд хөрөнгө оруулж эх орноо дэлхийн үйлдвэрлэлийн хүчирхэг улс болгох зорилт дэвшүүлсэн. Анх Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг боловсруулах үйлдвэрлэл эзэлж байв. Гэвч сүүлийн таван жилд үйлдвэрлэл буурчээ. Улмаар Энэтхэг улс Бангладеш зэрэг жижиг өрсөлдөгчдийнхөө зах зээлийн хувийг тасралтгүй алдсан юм. Татвар, экспортоос олох орлогоос үл хамааран зарлага нэмэгдсэнд эдийн засагчид Энэтхэгийн төсвийн тэнцлийн алдагдалд санаа зовж байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин