sonin.mn

Дэлхийн дулаарлаас үүдэлтэй гамшгаас салах нэг арга бол бүх зүйлийг цагаанаар будах явдал гэнэ. Ингэж хэлэхэд танд их энгийн, хүүхдийн санаа шиг санагдаж болох. Гэвч дээрх санааг дэлхийн хамгийн нөлөө бүхий эрдэмтэд дэмжээд байна гэвэл та юу гэх вэ.

 

Лазерын технологи хэрэглэн атомыг хөргөх, барьж авах салбарт судалгаа хийсний учир 1997 онд Нобелийн шагнал авсан туршилтын физикч нэрт эрдэмтэн, одоо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа Стивен Чу дэлхийг цагаан өнгөтэй болгосноор дэлхийн дулааралтай үр бүтээлтэй тэмцэж болно гэж үзэж байна. Байшингийн дээвэр, зам, асфальтсан газрын өнгийг өөрчилж, цагаанаар будвал нарны гэрэл, дулааныг сайн ойлгоно. Энэ нь дэлхийн дулаарлыг тогтоон барина.

 


Профессор Чу Нобелийн шагналтнуудын симпозиумын нээлт дээр үг хэлэхдээ, тийм шийдвэр нөхцөл байдлыг ихээхэн өөрчилж чадна гэж мэдэгдлээ. Зам, байшингийн дээврийн өнгийг үл ялиг ч гэлээ цайруулж, жишээлэхэд цементийн өнгөтэй болгоход л нүүрст­өр­өгчийн хаягдал зам дээр байгаа дэлхийн бүх машин 11 жил алга болохтой тэнцэх хэмжээгээр багасна гэж "Таймс" сэтгүүлд бичжээ.

 


Байшингийн бүх тэгш дээврийг цагаан өнгөөр будах, харин налуу гадаргыг хурц тод биш харагдахгүй ч, бараан өнгийн гадаргыг бодвол гэрэл, дулааныг илүү ойлгох цайвар өнгөтэй будгаар будах зааврыг барилгын  норм, журамд оруулах ёстой. Замын өнгийг нарны хурц гэрэлд жолооч нарын нүдийг гялбуулахгүйгээр бетоны өнгөтэй болтол цайруулахыг профессор Чу санал болгож байна.

 


Цайвар өнгө нарны гэрлийн 80 хүртэл хувийг ойлгодог /гэтэл бараан өнгө зөвхөн 20 хувийг ойлгоно/, чухам иймээс халуун уур амьсгалтай орнуудын байшингийн дээвэр, хана гол төлөв цагаан өнгөтэй байдаг. Тод биш өнгөтэй гадаргын талбайг нэмэгдүүлэх нь нарны цацрагийг ойлгосны  ачаар болон  тасалгааны агаарыг хөргүүрийн тусламжтайгаар хөргөхөд шаардлагатай эрчим хүчний хэрэглээг бууруулсны ачаар дэлхийн уур амьсгалын дулаарлыг тогтоон барихад туслана.

 


Калифорнийн эрчим хүчний комиссын гишүүн Арт Розенфельдын үзэл бодол өөрт нь нөлөөлсөн гэж профессор Чу ярив. Калифорни муж улсад пүүс компани, улсын байгууллагын албан тасалгаа байдаг байшингуудын бүх хавтгай дээврийг 2005 оноос цагаан будгаар будах ёстой байв. Удахгүй орон сууцны байшингууд, байшингийн дээврийг цайвар өнгөөр будахыг үүрэг болгосон хууль батлах гэж байна.

 


Дэлхийн 100 том хотод тэгш гадаргын өнгийг өөрчлөх нь багцаалбал 44 тэрбум тонн нүүрс хүчлийн хийтэй дүйх хаягдал буюу  таамналаар бол  нүүрстөрөгчийн хаягдлын ойрын 10 жилд нэмэгдэх тийм хэмжээний хаягдал гаргуулахгүй байхад тус болно гэж доктор Розенфельд болон Беркли дэх Лоуренсийн үндэсний лабораторид ажилладаг түүнтэй ажил нэгт хоёр эрдэмтэн өнгөрсөн жил тооцоолжээ.

 

Эх сурвалж: "Бизнес таймс"