sonin.mn
Ардын хувьсгалын шуурган галын дундуур партизан цэргүүд “Шивээ Хиагт”, “Магнаг үсэгтэй туг”-ийг дуулж, жавхаажин зоригжиж явсан нь журамт цэргийн анхны дуу байгаад зогсохгүй Монголын цэргийн соёл урлагийн үндэс суурь болсон билээ.
 
Улсын хөгжимт драмын театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, цэргийн алба хааж, ангийн клубийн даргаас Офицеруудын ордон, Цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, Ардын Армийн Улс төрийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга хүртэл албыг хашиж, энгийн амьдралдаа эргэн ороод ч Соёл урлагийн их сургууль, Монгол кино үйлдвэр, эцэст нь ажлын гараагаа эхэлж байсан Улсын дуурь бүжгийн Эрдмийн театртаа ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдлэн буй чөлөөнд байгаа хурандаа Дуламжавын Болдыг “Соёлын” хэмээн тодотгодог нь аргагүй юм байна. Улс, армидаа тавь гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан түүний амьдралын замнал, зорьсон үйлс нь хүн ардаа соён гэгээрүүлэх, урлаг соёлоор бие хүнийг төлөвшүүлэх, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ.
 
Цэргийн ансамблийн тоглолтыг шимтэн үзэж байсан байлдагч залуу арав гаруйхан жилийн дараа энэхүү чуулгыг удирдахаар ирнэ гэж бодоогүй биз... 
 
-Би Улаанхуарангийн 026 дугаар анги буюу автотээврийн батальонд алба хаасан 1962 оны цэрэг. Бидэнд байсхийгээд Цэргийн ансамблийн тоглолт үзүүлнэ. Офицеруудын ордонд очиж тоглолт, үзвэр, кино үзнэ гэдэг үнэхээр сайхан байсан. Монголын ард түмний, ялангуяа цэрэг дайчдыг соён гэгээрүүлэх их үйлсэд онцгой гавьяа байгуулсан энэ байгууллагынхаа даргаар 15 жилийн дараа очно гэдгээ төсөөлөө ч үгүй явжээ. 1977 онд ЗХУ-ын Москва хотын В.И.Лениний нэрэмжит Цэргийн улс төрийн академийг дүүргэж ирээд Офицеруудын ордон, Монголын Ардын Армийн дуу бүжгийн чуулгын даргаар томилогдсон. Батлан хамгаалахын сайд армийн генерал Б.Дорж “За, хүү минь чи их буурьтай, суурьтай ухаалаг ажиллана шүү. Армийн нүүр царай болсон, авьяастай, цогтой, их түүхтэй чуулгын дарга боллоо шүү” гэж аминчлан захиж байсан. Би 1969 онд ЗХУ-ын Львов хотын Цэргийн улс төрийн дээд сургууль төгсөж ирээд Ардын Армийн 125 дугаар ангид клубийн даргаар ажиллаж байхад намайг яамнаас дуудаж, 1970-1972 он хүртэл Б.Дорж гуайн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохоор тийнхүү дотночлон захисан нь тэр.
1977 он бол Цэргийн ансамблийн 45 жилийн ой тохиосон жил байлаа. Хүнтэй хэрхэн ажиллах, ямар хамт олон угтах бол, ямар уран бүтээлийн бодлого баримтлах энэ тэр гээд асуудал их байлаа. Гэхдээ чуулгын уран сайхны удирдагч хошууч Д.Бадарч, найрал дууны багш ахмад Д.Мяасүрэн, хөгжим ангийн дарга ахмад Ш.Гун-Аажав, бүжгийн багш ахмад Д.Банзрагч нар надад их түшигтэй байсан. Улс төрийн орлогч нь хошууч Б.Гүрсэд, өнөөгийн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын аав байлаа. Манай чуулга тэгэхэд 100 гаруй уран бүтээлчтэй байсан.
 
Тэгээд удирдахуйн урлагийг хэрхэн эзэмшив дээ, та?
 
-Би 1959 онд хорь хүрээгүй наснаасаа Улсын хөгжимт драмын театрт тайз засалч, гэрэлтүүлэгчээр ажиллаж эхэлсэн хүн шүү дээ. Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ц.Гантөмөр, Т.Цэвээнжав, хоёр Цэгмид, Г.Гомбосүрэн гээд л урлагийн алтан үеийнхэн маань залуухан, ид авьяас нь оргилж явсан үед нь урлагийн гал тогоонд ажиллахдаа тэдний биеэ авч яваа байдал, хувийн соёл, урлагийг дээдлэн хүндэлж байгаа байдал, хоорондоо болон үзэгчидтэйгээ харьцаж байсан нь сэтгэлд тодхон, тархинд бат хадгалагдан үлджээ. Тэр бүхэн Цэргийн ансамблийг удирдах, цаашлаад Соёл урлагийн хэлтсийн даргаар ажиллахад их дөхөм болсон. Тэгээд ч шат шатны сургуулийг дүүргэж, ажил албан тушаалыг багаас нь эхлэн хашиж ирсэн маань нөлөөлсөн. Байгууллага, тэр тусмаа урлагийнхныг удирдана гэдэг хүнтэй харьцах урлаг юм даа. Их авьяастай нь омголон, сахилгагүй, бас томоотой янз янз. Амархан гомдоно, амархан баярлана. Бүжигчид, дуучид, хөгжимчид бүгд өөр өөр араншинтай. Тэгэхээр хүн бүрд таарсан түлхүүрээр ажиллана. Тэр эрдмийг би генерал Б.Дорж өвөөгөөсөө сурсан гэж боддог. Сайдын нарийн бичгийн даргаар ажилласан хэсэг хугацаанд маш их зүйл суралцсан. Сайд маань анги нэгтгэлүүдээр ороод илтгэлээ авчхаад штаб руу биш шууд цэргийн гал тогоо руу орно, цэргийн хоолноос амсаж үзнэ, хэдэн бор цэргүүдтэйгээ их хөөрөлдөнө. Бөх сонирхдог болохоор цэргүүдийн гарыг барина. “Барилддаг уу” гэж асуугаад л их дотно яриа өрнүүлдэг байсан сан.
 
 
Манай Цэргийн чуулга бол мэргэжлийн урлагийн байгууллагуудаас дайнд оролцсон ганц нь хэмээх бахархам түүхтэй. Та бодвол тэдгээр баатарлаг уран бүтээлчдийн заримтай хамтарч ажилласан байх...
 
-Тэгэлгүй яах вэ. 2000 км гаруй бартаат замыг туулж, Зүүн хойд Хятадын Долнуур хотод хүрч “Дайн дууслаа, бид ялав” гэсэн баяртай мэдээг сонсож байсан ахмад уран бүтээлчдээс УГЖ Ё.Цэрэндулам, М.Дорж гээд олон хүнтэй хамт ажиллаж байлаа. Байлдагч байхдаа Офицеруудын ордонд алхаж ирээд Т.Төмөр, Л.Цэрэнпил, Гомбо гээд мундгуудын тоглолтыг үзээд бахархаж явсан залуу удирдлага нь болоод ирэхэд өөрийн эрхгүй энэ мундаг хүмүүсийн уран бүтээлийг хэрхэн залуустаа хүргэх вэ, ахмад хийгээд залуу үеийнхний уялдаа холбоог хэрхэн амьд, халуун байлгах вэ гэж бодогдож байсан. Тиймдээ ч чуулгын ахмад, залуу үеийнхний уулзалт, дурсамж ярилцлага зэргийг олон хийсэн.
 
Цэргийн чуулгын даргаар томилогдоод та юунаас ажлаа эхэлж байв даа. Ямархан зорилго, мөрөөдөл тээж очсон бол, түүндээ хүрч чадсан уу?
 
-Зорьсондоо хүрсэн гэж боддог шүү. Цэргийн ансамблийн уран бүтээлийн 60-80 хувийг цэргийн сэдэвтэй байлгах талаар уран сайхны удирдагч Д.Бадарчтайгаа зөвшилцөж, нэгдсэн ойлголтод хүрсэн. Тэр үед манай чуулгын уран бүтээл холимог, ардын уран бүтээл түлхүү, цэргийн сэдэвт уран бүтээл цөөн байсан. Цэргийн ансамблийн уран бүтээлийн бодлого бол цэрэг эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг сургаж, эх орондоо хайртай бие хүнийг төлөвшүүлдэг учир бусдаас үүгээрээ ялгарах ёстой гэж бодож байсан, түүндээ ч хүрсэн. Түүнээс гадна арвин баялаг өв сантай, гайхам замналтай чуулгын түүхийг баринтаглах, хойч үеийнхэндээ үзүүлэх харуулах зүйлтэй болгохыг зорьсон. Манай уран сайхны удирдагч, УГЗ, Төрийн шагналт хурандаа Д.Бадарч мундаг авьяастай хүн байсан. Түүний санаачилгаар чуулгын түүхэн замналыг харуулсан баримтат кино бүтээхээр бид зориг шулуудаж, Монгол телевизийнхэнтэй хамтран “Дайчин алдраа магтан дуулъя” кино концерт, баримтат кино хийж, тэр үеийн ансамблийн уран бүтээл, уран бүтээлчдийн тухай анх удаа хальснаа мөнхлөн үлдээсэн. Дараа нь 1984 онд Халхын голын байлдааны ялалтын 45 жилийн ойд зориулж “Ялалтын дуулал” кино концерт хийсэн. Энэхүү түүхэн ойгоор Соёлын яамны орлогч сайд Ж.Баатарцогтоор удирдуулсан монгол, зөвлөлтийн уран бүтээлчдийн хүчирхэг баг ажилласан, мэргэжлийн урлагийн томоохон бүхий л байгууллагууд оролцсон маш өндөр хэмжээний Хүндэтгэлийн тоглолт хийсэн. МҮЭ-ийн Соёлын төв ордонд 600 хүний багтаамжтай тайз чимэглэл хийсэн гээд бодоход ямархан том тоглолт болсон нь ойлгомжтой байгаа биз. Түүнийг кино концерт болгох чиглэл үүргийн дагуу дээрх кино концертыг хийсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Мөн 1979 онд Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан монгол цэргийн дуу хөгжмөөс анх удаа пянзанд бичүүлсэн. “Магнаг үсэгтэй туг”, “Шивээ Хиагт”-аас эхлээд Д.Бадарч, Д.Мяасүрэн, Ш.Гун-Аажав нарын бүтээлүүдээс, мөн дуучин Н.Отгон, Н.Гэрэлт-Од нарын дуунуудаас бичүүлсэн. Бидний бахархал бол ахмад уран бүтээлчид маань. Зарим нь ч бидэнтэй зэрэгцээд л уран бүтээл, ажил амьдрал дундаа буцалж явна, зарим нь тэнгэрээс биднийгээ тольдон байгаа.
 
За, тэгээд уран бүтээлээс гадна удирдлага, аж ахуйн шинжтэй олон ажил үйлсийг эхлүүлсэн дээ. Заримаас нь дурдвал, Эвлэлийн хорооны дарга хошууч Мандаатайгаа хамтран Офицеруудын ордонд зохион байгуулах урлаг соёлын ажлын “Нэг сарын график” төлөвлөгөөг боловсруулан хэвлэж, ангиудад тараадаг болсон. Одоогийн Календарьчилсан төлөвлөгөө юм уу даа. Мөн төвийн тоглолтод байнга дуудагдан явдаг уран бүтээлчдэдээ хаанаас ч харсан Цэргийн чуулгынх гэж танигдахуйц хувцасны ногоон уут, хөдөө бригадаар явахад хувцас, хэрэглэлээ хийхэд зориулсан чемодантай болгож байлаа. Түүнчлэн хамт олонтойгоо маш олон уран бүтээл, тоглолт, их үйлсийн ард гарсан даа.
 
Энд нэг зүйлийг онцлон дурдахад, Улсын хэмжээнд Соёлын ажилтнуудын зөвлөгөөн хийж, 1977 онд чуулгын 45 жилийн ойгоор дуучин Н.Отгон Монгол Улсын Гавьяат жүжигчин болж байлаа. Энэ нь дөнгөж ажлаа авсан надад маш том урам болсон. Шинэхэн дарга маань баримтат кино хийчихлээ, гавьяат төрүүлчихлээ бас ч дажгүй шүү гэсэн сэтгэгдлийг уран бүтээлч хамт олны минь дунд төрүүлсэн шиг байгаа юм.
Харин Цэргийн ансамблийн байрны төсөл боловсруулж, дээш нь танилцуулсан ч амжилтад хүрээгүйгээр барахгүй өнөөдрийг хүртэл чуулга тусдаа байшин барилгатай болоогүйд сэтгэл дундуур явдаг. Тэр үед Офицеруудын ордон гэдэг уран зургийн алба, гэрэл зургийн тасаг, номын сан, кино үзвэр, биллиард, цайны газар төдийгүй Марксизм-Ленинизмийн оройн сургууль, офицеруудын онолын бэлтгэл, ахлагчдын улс төрийн сургууль, тэдний гэр бүл, үр хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх секц дугуйлан хүртэл хичээллүүлдэг хөл хөдөлгөөн бужигнасан газар байлаа. Харин мэргэжлийн уран бүтээлчид бүхий Цэргийн чуулга маань орчин үеийн үзэгчдийн сэтгэлд нийцэхүйц тайз, үзвэрийн танхим, дасгал сургуулилтын өрөө, уран бүтээлчдийн тав тухыг хангах анги танхимуудтай гоёмсог байртай байх ёстой гэсэн бодол өнөөг хүртэл оюун ухаанд хадаатай явдаг юм даа.
 
Жагсаалын бор цэргээс Цэргийн чуулгаар дамжин, авьяасаа үнэлүүлж, алдрын зэрэгт хүрч, ард олноо танигдсан уран бүтээлч олон биз?
 
-Олон бий шүү, харин. Урлагийн мэргэжлийн хүн улсын хэмжээнд ховорхон байсан учир хугацаат цэргийн алба хаагчдаас унаган авьяастнуудыг эрж хайж, илрүүлэх ажил эрчимтэй явагдаж байсан. Тэр үеийн Соёлын сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөгчид аймаг орон нутагт клубийн дарга, Соёлын төвийн дарга байсан бөгөөд тэдгээрээс цэрэгт ирсэн авьяастнуудыг чуулга руу олонтоо авч байсан. Зэвсэгт хүчний хэмжээнд соёлын бодлого ч хүчтэй байлаа. Алба хаагчдыг соён гэгээрүүлэх, чөлөөт цагийг соёлч боловсон өнгөрүүлэх, удирдан чиглүүлэх үүрэгтэй байсан. Цэргийн алба хааж байхдаа авьяас билгээ хөгжүүлж, урлагийн тэнгэрт мандаж, алдрын зэрэгт хүрч, уран бүтээлч хэмээх агуу алдартан болсон хүн олон. Цөөхөн жишээ татахад, МУСГЗ болсон Д.Жамьян, МУСГЗ Ш.Ёлк, МУСГЗ, Төрийн шагналт Д.Төрбат, МУУГЗ Б.Магсаржав, МУСГЗ Ж.Баяр, МУУГЗ Б.Бямбабаяр, МУАЖ Д.Жаргалсайхан, МУУГЗ Ч.Гансүх, МУУГЗ Ц.Чулуунбат, МУАЖ Ө.Баярмагнай, МУГЖ Ц.Өлзий-Орших, Г.Жанчив, МУСТА Х.Сумьяа нарын өнөөгийн алдартнууд цагтаа эгэл жирийн жагсаалын цэрэг байсан, тэр эгнээнээс тодорч гарсан нь үнэн билээ.
 
Та Монгол Улсын хэмжээнд арми сурталчлах ажлыг нэг хэсэгтээ л гардан зохион байгуулж явсан хүн байх аа...
 
-Жил бүрийн хавар цэргийн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах бодлого зорилт, Ардын Армийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг БХЯ, ЗХЖШ, Ардын Армийн Улс төрийн газар хамтран зохион байгуулдаг байсан. Энэ газрын Соёл, урлагийн хэлтсийн даргаар ажиллахдаа Арми сурталчилгааг 11 жилийн турш зохион байгууллаа. Түүнээс найман жилийн турш Л.Дандар баатар, зохиолч П.Бадарч хоёртой нэг бригад болж явсан байдаг. Ордны дарга байхдаа арми сурталчилгаанд оролцож явсан бол Улс төрийн газар ирээд зохион байгуулдаг болсон. Арми сурталчилгааны бүрэлдэхүүнд удирдлага, Улсын баатруудын төлөөлөл, Ардын Армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид, “Алдар” нийгэмлэгийн тамирчид, Ардын Армийн 084 дүгээр ангийн шүхэрчид, Цэргийн музейн үзэсгэлэн, мөн тухайн аймгийн хугацаат цэргийн алба хаагч, онц сурлагатан, тэргүүний хүмүүс оролцдог байсан. Жил жилийн арми сурталчилгаа үйл явдал арвин, дурсамж дүүрэн өнгөрдөг сөн.
 
Ганцхан жишээ дурдъя. 1984 онд Халхын голын байлдааны ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор аймагт зохион байгуулсан арми сурталчилгааны үеэр Улсын баатар Л.Дандар, Хөдөлмөрийн баатар Д.Жанар нар хээр тэврэлдэн уулзаж, амьдралын түүхэн замналынхаа талаар залуу үеийнхэнд өгүүлж, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа уулзалт ярилцлага хийж, Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын гол баатар Н.Сүхбат бүсгүйтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлж байв.
 
Мөн яруу найрагч П.Бадарч, хөгжмийн зохиолч, хурандаа УГЗ П.Хаянхярваагийн “Хонгор нутгийн түмэндээ” хэмээх сайхан дууны санаа Баянхонгор руу онгоцоор очих замд нь төрж, түүнийг нь Цэргийн ансамблийн гоцлол дуучин Д.Хишигбаяр дуулж, оройн тоглолтод оруулж байх жишээний үйл явдал арвин, өрнүүн байдаг байлаа.
Энэ ташрамд Монгол Улсын баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн 20-иод ахмад дайчин байсны 12-той нь би мөр зэрэгцэн сууж, уулзалт, сурталчилгааны ажилд хамтран ажилласан байдгаараа бахархдаг. Түүний дотроос Улсын баатар армийн генерал Б.Дорж гуайтай бүр хамт ажиллаж, түүнээс суралцаж явлаа. Мөн хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Б.Цог, хурандаа Л.Дандар, Ш.Гонгор, Д.Нянтайсүрэн, хошууч Т.Дүүдэй, Д.Данзанваанчиг нарын Улсын баатар ахмад дайчид болон хурандаа С.Төмөрбаатар гуай, Д.Дамдинхүү генерал нартай их аяны дөрөө нийлнэ ээ. Монголын зохиолчдын хорооноос С.Эрдэнэ, Д.Пүрэвдорж, С.Дашдооров, П.Бадарч, М.Нямаа, Д.Нямаа нар арми сурталчилгаанд их явдаг байсан учраас эх орон, эр цэргийн тухай сайхан уран бүтээлүүд их төрсөн гэж боддог. Мөн уран уншигч МУГЖ Д.Жагдагийн уран бүтээлийн оргил үе байлаа гэснээс түүнийг Цэргийн ансамбльд авсан түүх бас сонин шүү дээ.
 
Та сонирхуулаач дээ...
 
-Улс төрийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байхад минь хурандаа генерал Ж.Ёндон сайд нэг өдөр дуудаад Улсын филармонид шүлэг их сайхан уншдаг хүүхэн байна, түүнийг чуулгад авч болох болов уу гэсэн. Очиж уулзаад, санал бодлоо солилцлоо. “Урлагаараа л явж байвал хаа ч яах вэ, гэхдээ байр өгвөл дуртай очно оо” гэснийг нь дамжуулбал сайд “Хүнээ аваад ир ээ, ансамбльдаа авчих” гээд зогсохгүй Эрдэнэтийн цэргийн ангид нягтлангаар ажиллаж байсан нөхрийг нь хот руу шилжүүлэн авч, удалгүй байр орон сууцаар хангасан юм даг. Мэргэжлийн, авьяастай хүнийг татахаас гадна хүнийхээ төлөө хэрхэн анхаарч байсны нэгээхэн илэрхийлэл энэ билээ.
 
Бүх ард түмний урлагийн их наадам гэж бас том сунгаа байсан гэдэг. Түүний гурван ч удаагийн түрүүг Армийнхан авч тухайн үедээ шуугиулж явсан гэдэг...
 
-Орон даяар өрнөдөг чухал урлаг соёлын ажил байлаа шүү дээ. Бид анги байгууллагаас авьяастай алба хаагчдыг сонгон авч, бүр сараар бэлтгэн оролцдог байсан. Манай клубийн дарга нар мундаг авьяастай, зохион байгуулах ур чадвартай хүмүүс байсан. Хорь шахам номертой бүхэл бүтэн тоглолт дэглээд, амжилттай ч оролцдог байлаа. Тэр нэг жил манайхаас оролцсон 13 алба хаагч уран бүтээлч бүгд медаль авсан шүү. Үнэхээр авьяастныг олж, нээн илрүүлж чаддаг байсан. Сүүлийн үеийнхээс сайн санаж байгаа нь байлдагч Г.Мөнхбаяр энэхүү наадамд Н.Жанцанноровын “Чандмань эрдэнэ” дууг дуулж, үзэгчдийн талархлыг хүлээж, алтан медаль авч байсан. Халагдахад нь Ардын дуу бүжгийн чуулга авсан байх шүү. Тухайн цаг үед би Соёлын яамны уран сайхны зөвлөлийн гишүүн байлаа. Тиймээс манай арми мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, дотнын холбоотой байсан. Биднийг ч их дэмждэг байсан.
 
Хүмүүс таныг “Соёлын” Болд гэж онцгойлон дуудах юм билээ...
 
-Улс армийн соёл урлагийн чиглэлээр дөч гаруй жил сэтгэл зүтгэл гарган ажиллаж байсныг минь үнэлсэн хэрэг болов уу даа. “Сайдын нарийн цагаан”, “Соёлын өндөр цагаан”, “АСК-ын алаг нүдэн” гээд хоч бий бий /инээв/. Түүнчлэн бид 1989 оноос Монголын зохиолчдын хороотой хамтран “Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг санаачлан зохион байгуулж, анхны тэмцээнд энгийн, цэргийн 22 найрагч оролцож, Д.Төрбат “Жанжин Г.Дэмидийн тарьсан мод” шүлгээрээ түрүүлж байлаа. Мөн Ардын язгуур урлагийн үзлэг зохион байгуулж, Дорнод, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгуудаар явж, 14 ангийн уран бүтээлчдийн авьяас чадварыг сорьж, олон авьяастныг илрүүлж байлаа. Соёлын яам, МХЗЭХ, МЗЭХ, МУАХХ-тай хамтран 360 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Армийн доторх соёлын ажилтнуудтай уулзалт ярилцлагыг зохион байгуулж байлаа. Ажил үйлс өрнүүн, хийх бүтээхийн хүслээр жигүүрлэсэн он жилүүд өнгөрсөн юм шүү дээ. Харин 1990 онд өөрийн саналаар ажлаа өгсөн. Яагаад гэвэл, миний удирдлагад ажиллаж байсан олон сайхан клубийн дарга, номын санч, кино механикчид тухай үеийн нийгмийн өөрчлөлтийн золиос болж, цомхотголд орж халагдахыг харах надад хэцүү байсан. Манай Соёлын хэлтэс ч цомхотголд орсон. Цааш үргэлжлүүлэн ажиллах боломж байсан ч би хүсээгүй.
 
Тэгээд л карьераа дуусгасан хэрэг үү?
 
-Үгүй ээ, 1990 онд тэтгэвэртээ гараад СУИС-ийн аж ахуйн дарга, Монгол кино үйлдвэрийн Баримтат киноны студид зохион байгуулагч, зургийн даргаар ажиллаж байгаад ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан Улсын дуурь бүжгийн Эрдмийн театртаа эргэн очиж, үйлдвэр ангийн дарга, ерөнхий зохион байгуулагч, боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөндөө суусан даа. Монголын урлагийн салбарт 44 жил ажиллажээ.
 
Таны нэр алдар Монголын кино урлаг, ялангуяа баримтат кинотой холбоотой байгаа нь сонирхолтой санагдлаа...
 
-1982 онд БНАГУ-д Социалист орнуудын армийн XII кино, гэрэл зургийн их наадамд УГЗ, Ардын жүжигчин Д.Жигжидийн хамт оролцож байлаа. 10 гаруй орны 60 шахам уран сайхны болон баримтат кино оролцсон уг наадамд манайхаас “Суварган цэнхэр уулс” уран сайхны кино, “Социалист эх орны соргог манаа”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” зэрэг баримтат киногоор оролцсон төдийгүй “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” кино маань шагналт байранд орж байлаа. Ер нь 1980-1989 онд Монгол кино үйлдвэрээс мэргэжлийн туршлагатай багш нар хичээл зааж, манай армид 300 гаруй кино механикч бэлтгэж өгсөн юм шүү дээ. Баримтат киноны салбарт нэг хэсэг хүчээ үзсэн. Кино үйлдвэрийн Баримтат кинонд ажиллаж байхдаа “Мэгжид Жанрайсэг” баримтат киноны зургийн даргаар ажилласан. Мөн Байлдааны бэлтгэлийн газрынхантай хамтарч “Харуулын алба”, “Салбарын нэг өдөр”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” гээд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ кино урлагаар сурталчилж байлаа.
Түүнчлэн намайг “Дуулга” студийн суурийг тавьсан гэхэд маргах хүн үгүй биз ээ. Соёлын хэлтсийн дарга байхдаа Монгол телевиз рүү сурвалжлагч ажиллуулахаар болж, найруулагч С.Болдыг томилон явуулж, идэвхтэй хөөцөлдсөн.
 
Ерэн жилийн түүхтэй цэргийн чуулгын гадаад харилцаа таны үед нэлээд өргөжсөн байх шүү...
 
-Уран бүтээлчдийн нүд нээгдэнэ, гаднын соёлтой өөрийн биеэр танилцана гэдэг хэчнээн чухал болохыг мэдэрсэн он жилүүд байлаа. Миний бие 1984 онд чуулгын бүрэлдэхүүнийг удирдан Унгар, Чех улсуудаар бүтэн хоёр сар айлчлан тоглолт хийсэн. Манайхан унаган авьяастай шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд, бид Чех улсад нэг удаа аргон хөгжмийн том танхимд ороход хөгжим нь доголдоод байв. Тэгэхэд манай УГЖ Г.Тэрбиш шууд хөглөөд, чех ардын дууг тоглосонд гаднынхан болон бид гайхан шагширч байсан.
 
Цэргийн чуулгын нүүр царай болсон “Жаран хар, арван цагаан”-ы талаар асуухгүй өнгөрч боломгүй...
 
-Монголд дан найрал дуутай болох тогтоол 1969 онд гарч, Д.Мяасүрэн гуай найрал дууг зохион байгуулж, анги нэгтгэлүүдээс урлагийн авьяастай, дуулдаг цэргүүдийг сонгон авч эрэгтэй найрал дуучидтай болох ажлыг эрчимтэй хийсэн. Алдарт Александровын чуулгаас угшилтай мэргэжлийн дуучдын хоолойн хөг, өнгийг илэрхийлсэн онолын тоо байдаг. Манай чуулгын хувьд эрэгтэй дуучид жар хүрдэггүй л дээ. Жаран хүний тухай яриа бус манай зохиолчдоос гаралтай шоглож өгсөн даалууны нэршил юм шүү дээ. Жаран хард үүлүү, даалуу ч бий, шовх долоо, чүү тав, ёоз ч бий. Түүнтэй адил найрал дууны харчууд олон янзын сэтгэхүй, зан араншинтай, авьяасаараа ч харилцан адилгүй хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ л манай цэргийн чуулгын “Жаран хар, арван цагаан” найрал дуучид маань Монголдоо төдийгүй тив дэлхийн тайзнаа эгшиг дуугаа хадааж явсан алдартнууд билээ.
 
Хэдхэн хоногийн дараа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын маань түүхт 90 жилийн ой тохионо. Нэгэн үе тус чуулгыг удирдаж явсан удирдлагын хувьд, ахмад соёлын ажилтны хувьд таны чин сэтгэлийн үгийг сонсоод ярилцлагаа өндөрлөе дөө.
 
-Манай чуулга бусад мэргэжлийн урлагийн байгууллагатай харьцуулбал үүрэг чиглэл, үйл ажиллагааны хувьд онцлогтой байгууллага. Гүйцэтгэх чиг үүргийн хувьд ч улам тэлж байгааг хилийн чанадад энхийг сахиулагчдадаа урлаг соёлоор үйлчлэхээс гадна манай уран бүтээлчид өөрсдөө ч даян дэлхийн энхийн үйлсэд оролцож байгаа нь бахархмаар байна. Одоо чуулга нэг сайхан байшин барилгатай болоосой. Залуу уран бүтээлчдийг ид ажиллаж, хөдөлмөрлөж, урлан бүтээж байгаа дээр нь урам хайрлаж, шагнал урамшууллаа харамгүй хайрлаасай. Шат шатны удирдлагаас нь уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг эн тэргүүнд шийдэхийг эрмэлзэж ажиллаасай гэж бодох юм даа. Ж.Ёндон генерал чуулгын уран бүтээлчид, “Алдар”-ын тамирчдад орцоор нь байр өгч байсан сайхан дурсамж түүх ч бий шүү дээ. Тэгээд урын сангийн бодлогоо аль болох холыг харж, төлөвлөж хийх хэрэгтэй. Би “Соёлтой хүн бүхнийг мэдэрч амьдардаг” гэж хэлэх дуртай. Тиймдээ ч өнөөгийн БХЯ, ЗХЖШ-аас цэргийн урлаг соёлын талаар илүү анхаарч, соёлын асуудал хариуцсан хэлтэс, тасаг, за бүр болилоо гэхэд асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болж, бодлогын түвшинд асуудал боловсруулж, бусад соёл урлагийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай байгаасай гэж ахмад соёлын ажилтны хувьд хэлэх байна даа.
 
Одоо Зэвсэгт хүчний анги байгууллагын соёл хүмүүжлийн ажилтан гэж байгаа ч хариуцсан ажлаа мэдэхгүй, сэтгэлээсээ хийхгүй, ажилдаа эзэн болох талаар учир дутагдалтай байна. Бидний ажиллаж байх үеийн 70-аад клубийн дарга, 120-иод кино механикч, 80 орчим номын санчид маань ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, авьяаслаг мундаг хүмүүс байсан. Манай клубийн дарга нар чинь өөрсдөө дуулж хуурдаад, үйл ажиллагаагаа зохион байгуулаад, лекц таниулга хийгээд, удирдан зохион байгуулаад, цэрэг дайчдыг уяраагаад, сургаад, төлөвшүүлээд, дадлагажуулдаг байлаа шүү дээ. Зэвсэг техник, байлдааны бэлэн байдал чухал ч урлаг соёл манлайлах ёстой. Бидний үед чадаж байсан юм шүү. Одоо харин манлайлал хэрэгтэй байна. Шинэ цэрэг оргоод, анги байгууллагад дүрмийн бус, ёс бус харилцаа хандлага бий болоод байна аа гэдэг маань соёлын ажлын нөлөөлөл учир дутагдалтай байгаагийн шинж гэж ахмад соёлын ажилтны хувьд бодож байна даа. Хатуу дэгтэй, журам ёс сахидаг, босоо удирдлагатай батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг соёлын ажлын эрчээр “сүлж” өгөх нь соён гэгээрлийн үр нөлөө юм даа. Өвгөн миний бие чуулгынхаа 45 жилийн ойг хийж байсан бол өдгөө 90 жилийн ойдоо оролцох гээд сэтгэл догдлон байна. За, тэгээд та бүхэндээ ажил төрөл, уран бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөе. ЦДБЭЧ-ын гурван үеийн уран бүтээлчид, тэдний гэр бүлийнхэнд урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.
 
Д.ГҮНЖИЛМАА
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин