sonin.mn

“Doz” энтертайнментийн захирал Ш.Доржсүрэнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар хэдэн хором ярилцлаа.


-“Doz” энтертайнмент сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд олз омог арвинтай ажиллаж байна шүү?

-Кино урлаг бол нэлээд хэцүү төрөл. Яагаад гэвэл тайзан дээр тавигдах гэхээсээ илүү тоглолтыг хийгээд дараа нь зураг авалтын явц, эвлүүлэг, цаашлаад дуу хөгжим гээд бүх урлагийн төрөл оролцдог учраас ээдрээтэй.


Хүнд ажил гэж шантралгүйгээр энэ урлагаар дамжуулж, монгол­чуудад маш их зүйлийг илэрхийлж, үзэл санаагаа гаргаж, хүмүүст хэрэгтэй зүйл хийж болох юм гэдэг талаас нь харсны үндсэн дээр кино урлагийн салбарт нэлээд их анхаарал тавьж ажиллаж байна.


Яагаад гэвэл цөөхөн монголчууд бидэнд цаанаасаа заяагдсан олон зүйлийг хийж чадах, авьяас чадвар бурхны хишиг байдаг. Тиймээс тэр бүхнийгээ дайчилж, хамгийн гол нь хүмүүст хэрэгтэй, оюун ухаанд нь цэнэг болж, сэтгэл зүйг нь зөв хөглөхөөр, амьдралдаа зөв алхмыг хийгээсэй гэдгийг бодит амьдрал юм шигээр үзүүлж, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч, утга санаагаа гаргах юмсан гэдэг үүднээс уран бүтээлээ хийдэг.



-“Хөх толбот хүмүүс” кино Франц улсын нийслэл Парис хот­ноо  болсон “Балтта Парис” ки­но наадмаас шагнал хүртсэн. Гэтэл “Сайны хажуугаар саар” гэгчээр үүнийг өрөөсгөлөөр ойлгох хүн ч цөөнгүй байна?

-Энэ наадамд Парисын тухай өгүүлсэн болон тэнд зураг авсан га­даадын кинонууд өрсөлдсөн. “Хөх толбот хүмүүс” кино хоёр цомын нэгийг нь авсан. Нэгийг нь Холливудын алдарт найруулагч Маркис Мартиё Коргие хүртлээ. Интернэтэд “Ийм наадам гэж юу байсан юм” гэсэн утгатай зүйл бичсэн байна лээ.

 

Гэхдээ бид дотроо “Өндөр мод салхинд их найгадаг юм даа” гэж тэвчиж өнгөрөөлөө. Бид өөрсдөө цом хийгээд, худлаа яриад олон нийтэд үзүүлээд явна гэж юу байх вэ. Гэхдээ нэгийгээ дэгээдэж уна­гаачихаад, хажуугаар нь инээгээд өнгөрдөг монголчуудын энэ зан бидний дараагийн киноны сэдэв болохыг үгүйсгэхгүй.



Бид Францын киноны ака­демийн ерөнхийлөгчөөс албан ёсоор шагналаа баталгаажуулсан бич­гийг тамга тэмдэгтэй нь авсан. Үүнийг сайтууд дээр тавина. Хамгийн гол нь “Монголын сайтад тийм кино наадам болоогүй гэсэн мэдээ гарчээ” гэж кино наад­мын ерөнхийлөгчид захидал би­чихдээ ичиж байлаа. Хэн нэгэнд мөнгө өгөөд, эсвэл танил талаараа хөөцөлдөж байгаад шагнал авна гэдэг зөвхөн Монголд л байдаг сэтгэлгээ шүү дээ.



-Манай киночдын зарим нь ч гадныхныг дуурайгаад, Монголын амьд­ралаас арай дэндүү хол уран бүтээл хийх юм. Харин “DOZ”-ынхон киноныхоо санааг өнөөгийн нийгэм, ард түмний амьд­рал дундаас олдог учраас илүү амжилтад хүрдэг юм болов уу?

-Киноны санааг олно гэдэг ээд­рээтэй зүйл. Орчин цагийн хүмүүст зориулж байгаа учраас магадгүй бид хүний олж хараагүйг харж ийм, тийм байх учиртай гэдгийг хэлэхийн тулд онож буудах ёстой. Тиймээс бид хоорондоо ярилцаж байж кино зохиолоо гаргаж авдаг.


Сүүлийн  гурван киноны зо­хио­лыг би өөрөө бичсэн. Манайд олон сайн зохиолч бий. Бид хоо­рон­доо уулзаж ярилцдаг. Гэвч хүний хэлсэн санаагаар хийснээс өөрийн олж харснаараа уран бүтээл хийх нь илүү дөхөм байж болох юм.



-Сүүлийн үед зураг авалтаа яагаад дандаа гадаадад хийдэг болчихов?

-Ихэвчлэн гадаадад төсөл хэ­рэг­жүүлж байгаатай холбоотой. Санхүүжилтээ өөрсдөөсөө гаргадаг. Бас зарим компанитай хамтран ажилладаг. Тухайлбал “Дүүлэн нис” кинонд “Тэнгэр даатгал” ком­пани “Бид тэнгэрт даатгагдсан хү­мүүс шүү гэдгийг батлах ёстой. Монголчуудад хэрэгтэй зүйл гаргаж байна” гэдэг үүднээс бидэнтэй хамтарч ажиллаж байгаа.



-“Дүүлэн нис” киногоор чухам юу харуулах бол гэж олон хүн сонирхож байгаа байх?

-Гадаадад амьдарч байгаа хү­мүүс эзэн, харьяалалгүй, хэнд ч тоогддоггүй, үгүй болсон ч гэсэн хэн нэгэн нь тэдний араас санаа зовж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байдалд орчихлоо шүү дээ. Бид киногоороо энэ сэдвийг хөндөж, монгол хүнийг магтан дуулахыг хүссэн.


Киноныхоо үзэл санааг амьдрал дундаас олж авдаг. Гэхдээ хэнд ч байдаг л зүйл гэдэг сэтгэгдлийг төрүүлэхгүйгээр өнөөдөр хүн бү­рийн сэтгэлд хамгийн хүчтэй цо­хилж байгаа санааг кино ур­лагаар дамжуулж үзүүлэхийг хүсч байна.


 Киноны хамгийн хүчтэй зүйл нь хүний  тархинд биш, зүрх сэтгэлд эхэлж очдог. Түүний дараа тархинд очиж үлддэг учраас энэ нь нийгэмд оруулж байгаа үүрэг юм.



-Гадны нэр хүндтэй уран бү­тээлчид оролцож, хилийн чанадад зураг авалтаа хийсэн учир шинэ уран бүтээл тань нэлээд өндөр өртгөөр босч байгаа бололтой?

-“Дүүлэн нис” кино маш өндөр зардлаар боссон. Учир нь Италийн зураглаач, зөвлөх найруулагч, Со­лонгосын найруулагч, жүжигчид оролцсон. Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн  төлөө  газрын дарга О.Магнай­гийн хийж байгаа үйл ажил­­лагаа бид­ний ажилд тус нэмэр өгөх болов уу гэж бодож байна. Гэхдээ л дутуу байна.

 

Яагаад гэвэл Монголын кино урлаг дөнгөж хөгжих гэж байхад нь 50-аас дээш хувийг нь татварт авна гэдэг нь шууд дээрэмдэж байгаатай л адилхан. Нөгөө талаас кино үйлдвэрлэгчдээ бодох хэрэгтэй. Бид амьдраад дууссан ч кино үлдэх ёстой. Уран бүтээлчдийн зүрх сэтгэл нурж унах вий гэдгийг бодолцох хэрэгтэй.

 

Өндөр зардал гаргахгүйгээр сайн кино хийнэ гэж байдаггүй учраас зайлшгүй зардлыг нь гаргаж байна. Гэхдээ бид эндээс хэр ашиг олох вэ гэдэг бас л эргэлзээтэй. Тийм учраас нэг талаас ашиг орлого олох магадлал байж болох юм гэж үзэж, нөгөө талаас хүнд хэрэгтэй зүйл хийж байна гэсэн сэтгэлээр явна даа.



-“Дүүлэн нис” кинонд Монгол, Солонгосын түүхэн болон орчин цагийг нэг дор үзүүлнэ гэл үү?  

-Тийм ээ. Монгол Улсаас анх удаа кино групп  Солонгос улсад очиж,  хоёр орны түүх­тэй хол­боо­той зураг авсан. Тухайн цаг үеийн хувцас хэрэгсэл, хааны ордныг сонгох гээд нэлээд бэрх­шээлтэй тулгарсан.  Түүхэн хэсгийн зураг авалтыг Солонгосын баруун урд эргийн Нажу хэмээх хотын ойролцоо Солонгос улсын кино хорооны павильонд хийсэн  бөгөөд  нийт таван  өдөр зарцуулсан.  



Энэ па­вильон нь зөвхөн Хааны ордны хэсэгтээ л гэхэд 100 гаруй өрөөтэй төдийгүй гадна талдаа эртний  сүрлэн дээвэртэй тариачдын бай­­шингаас эхлээд МЭ X-XX зуун хүртэлх бүхий л цаг үеийн ту­хай өгүүлэх  кино зураг  авч бо­лохуй­цаар барьж  байгуулсан, нэг уулын амыг бүрэн эзэлсэн маш том байгууламж юм билээ.

 

Түүхэн хэсгийн зураг авалтын хамгийн чухал зүйл болох хувцас хэрэглэлээ Намьяанжу  дахь Со­лонгос улсын кино хорооноос тү­рээ­­сэлсэн. Мөн таван хүний бүрэл­­дэхүүнтэй нүүр будгийн баг ажилласан.



-Киноны нээлт хэзээ болох вэ?

-Одоогоор хугацаагаа товлоогүй байна. Ирэх сард нээлтээ хийчих байх.

 

Эх сурвалж: