sonin.mn
"Явлаа, ирлээ” булангийнхаа энэ удаагийн зочин хойморт Цэргийн төв эмнэлгийн Хүний нөөцийн офицер хошууч Н.Жавхлан, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Хими хамгаалалтын ротын тасгийн захирагч түрүүч А.Бат-Эрдэнэ нарыг урьж ярилцлаа. Хошууч Н.Жавхлангийн хувьд БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны Соёл хүмүүжлийн офицероор, түрүүч А.Бат-Эрдэнэ тогоочоор тус тус алба хаагаад эх орондоо ирсэн юм. Зочдын маань аль аль нь анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирснээрээ адил талтай.
 
Эхлээд таныг уншигчидтайгаа танилцуулъя...
 
-Би Сэлэнгэ аймгийн Алтан булаг суманд 10 жилийн сургуулиа дүүргэсэн. Тэгээд 2007 онд БХИС-д элсэн суралцаж, 2012 онд радио техникийн командын офицер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид чиглэл хариуцсан офицероор томилогдон ажлын гараагаа эхэлж байв. Дараа нь 284 дүгээр ангид МАБА-ны офицероор томилогдсоны зэрэгцээ хүний нөөцийн офицерын үүргийг давхар гүйцэтгэж байгаад 2017 онд Цэргийн төв эмнэлгийн хүний нөөцийн офицероор томилогдон ажиллаж байна.
 
Энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцоод ирсэн юм билээ. Ямар албан тушаалд үүрэг гүйцэтгэв?
 
-Цэргийн хүний хувьд би ямар ч байсан энхийг сахиулах ажиллагаанд нэг удаа оролцоод үзнэ дээ гэсэн бодолтой байдаг байлаа. Эл бодол маань биеллээ олж 12 дугаар ээлжийн цэргийн багийн нэг эд эс нь, тэр тусмаа штабын бүрэлдэхүүнд багтаж соёл хүмүүжлийн офицероор үүрэг гүйцэтгээд ирсэндээ баяртай байна. Багадаа урлаг, уран сайханд дур сонирхолтой, энэ төрлийн ажилд нэлээд идэвхтэй оролцдог хүүхэд байсан. Хожим жаахан хөндийрсөн ч эргээд бүтэн нэг жилийн турш дуртай ажлаа чин сэтгэлээсээ хийх үнэхээр сайхан байсан. Хамт олныхоо чөлөөт цагийг зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхийнхээ хажуугаар олон талаар өөрийгөө хөгжүүлэх зэрэг боломж нөхцөлийг нь бүрдүүлэх чиглэлээр манай тусгай штабынхан цөөнгүй ажлыг амжуулсан. Тиймдээ ч бид сэтгэл хангалуун байгаа.
 
Ажиллагааны газар орны тухайд ямар бодол төсөөлөлтэйгөөр эх орноосоо мордсон талаараа эргээд дурсвал...
 
-Цаг агаарын хувьд маш халуун, орчин нөхцөл нэлээд хүнд хэцүү, ядуу тарчиг орон гэсэн нийтлэг ойлголт мэдээж байсан. Дээр нь хүмүүсийн яриагаар бас төсөөлсөн, урьд нь тэнд үүрэг гүйцэтгэсэн найз нөхдөөсөө зөвлөгөө авч хувийн бэлтгэлээ базаасан. Ингээд л ажиллагааны газар орныг зорьсон доо.
 
Зорьсон газраа очтол бодит байдал, төсөөлөл хоёр хэр зөрүүтэй байв?
 
-Африкт анх хөл тавихад маш бүгчим, давчуу уур амьсгал угтсан. Бараг яаж амьсгалах учраа олохгүй шахам байдалд хүрсэн гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй дээ. Тэгээд мэдээж төд удалгүй дасчихсан. Гэтэл сая эх орондоо ирээд онгоцноос буух агшинд үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр сайхан мэдрэмжийг мэдэрсэн. Цээж, хамар, ам бүхэлдээ онгойх шиг л болсон. Тухайн газар орондоо дасаад их л аятайхан байгаад байсан боловч тийм биш байж шүү дээ. Эх орны минь сэрүүн тунгалаг уур амьсгал үнэхээр өөр юм гэдгийг зүрх, тархиараа мэдэрсэн шүү.
 
Эх орны гэсэн бүхэндээ элгэмсэх сэтгэл илүү бадарсан нь лавтай...
 
-Ямар азаар ийм сайхан эх орны эзэн заяанд төрөө вэ гэдгээ илүү ойлгож, эх орноо хайрлан хамгаалах, эх орноороо бахархаж омогших сэтгэлээр илүү хөглөгдөж, хурцлагддаг юм байна. Ер нь хүн чинь өөрөө ядуу буурай оронд хөл тавиад, хүнд хэцүү амьдрал туулаад явж байгаа хүмүүсийг нүдээрээ харж байж л өөрийнхөө аз жаргалыг илүү мэдэрдэг юм шиг ээ. Монголчууд бид ёстой азтай ард түмэн гэхээс өөр юу гэх вэ. Тэндхийн хүүхдүүдийг хараад би эх хүний хувьд үнэхээр сэтгэл өмөрч, тэдний ирээдүйн төлөө өөрийн эрхгүй санаа зовнисон.
 
Болдог бол нэг ч гэсэн хүүхдийг аваад эх орондоо аз жаргалтай өсгөх юм сан гэсэн саваагүй бодолд ч автаж байлаа. Хоол хүнсний гачигдал, өсөн торниж, тоглон наадаж байгаа орчин нөхцөл үнэхээр хэцүү гэдгийг тэнд үүрэг гүйцэтгэсэн хүн бүхэн надар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Ингээд л бодохоор бид, бидний ирээдүй болсон үр хүүхдүүд их азтай.
 
Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоор ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж таарсан нь та бүхний хувьд бас онцлог юм. Энэхүү ойн хүрээнд багагүй ажил өрнүүлсэн байх...
 
-Тийм ээ. Эл ойгоор ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж таарсан нь бидний хувьд үнэхээр л онцлог үйл явдал байлаа. Мэдээж энэ түүхэн тэмдэглэлт цаг хугацаанд юуны тулд ажиллагааны газар оронд байгаа билээ эх орон, Зэвсэгт хүчин, монгол цэргүүдийнхээ нэр хүндийг илүү өндөрт өргөх, хамт үүрэг гүйцэтгэж байгаа бусад улс орнын цэргийн алба хаагчдад сурталчлан таниулах үүднээс бүтээлч 20 ажил өрнүүлэхээс эхлээд “Мон-марш” тэмцээн, урлаг соёлын арга хэмжээнүүд гээд маш олон ажил зохион байгуулсан. Тэр болгон маань хамт олныг илүү хурцалсан, идэвхжүүлсэн, монгол цэрэг гэдгээрээ бахархах сэтгэгдлийг нь өрдсөн, бас гаднынхны сэтгэлд хүрсэн, сайшаал магтаал хүртсэн ажил, арга хэмжээ болсон. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа жирийн нэг цэргийн алба хаагчаас эхлээд НҮБ-ын төлөөлөл болсон удирдах түвшний албан тушаалтнууд хүртлээ монгол цэргүүд үнэхээр манлайлагч хошуучлагч байж чаддаг гэдгийг санал нэгтэйгээр хэлдэг юм билээ. Тэр бүхнээс хараад л манайхан энэ 20 жилийн хугацаанд “монгол цэрэг” хэмээх дэлхийн брэндийг бий болгож чаджээ хэмээн бодож, анхдагчаасаа эхлээд үе үеийн энхийг сахиулагчдаараа бахархаж, тэднийгээ хүндэтгэх сэтгэл эрхгүй төрж байв.
 
Соёл хүмүүжлийн офицерын хувьд барагдахгүй их ажлын дунд нэг жилийн хугацааг үдсэн нь гарцаагүй. Хэдий зав чөлөөгүй байсан ч хүн л юм чинь хайртай дотнын бүхнээ санах “зав” бас гарсан л байх...
 
-Би өөрөө их зөөлөн, уян хүн л дээ. Тиймдээ ч хайртай бүхнээ санаад хааяа аньсага чийгтэх үе байсаан байсан. Ялангуяа охиноо маш их санасан. Гэсэн хэдий ч намайг үргэлж ойлгож, дэмждэг ханийнхаа, сайхан хамт олныхоо тэр тусмаа ээжийн энтэй түшигтэй сайхан эгч нар, аавын дайтай нөмөр нөөлөгтэй ах нарынхаа буянд сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, үүргээ сайн гүйцэтгэсэн. Тэгээд ч нэгдүгээрт тангараг өргөсөн цэргийн хүн, хоёрдугаарт өөрийнхөө хүсэлтээр явж оччихоод аливаа аахар шаахар зүйлд хямраад л, уйлж унжаад байвал утгагүй шүү дээ. Намайг сэтгэл санаа хоёрдохгүйгээр хариуцсан ажлаа хийсэн шиг хийх нөхцөлийг хань маань маш сайн бүрдүүлж байлаа. Манай хүн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, энгийн хүн л дээ. Хэдий тийм ч салбарын маань онцлог, эрхэлдэг ажил, гүйцэтгэж байгаа үүргийг маш сайн ойлгож, ямагт намайг дэмжиж, хурцалдаг хамгийн сайн зөвлөгч минь.
 
Ер нь аливаа зүйл хамтын хүч, харилцан итгэлцэл дээр оршин тогтнодог гэж ойлгодог...
 
-Үнэхээр тийм. Хань минь намайг ойлгодоггүй бол, хамт олон маань намайг дэмждэггүй бол би энхийг сахиулагчдын эгнээнд элсэж чадахгүй байлаа. Ажиллагааны газар оронд очоод мөн удирдлага хамт олон минь нэгэн үзүүрт сэтгэлээр дэмжээгүй бол би ганцаараа юуг ч амжуулахгүй шүү дээ. Тэгэхээр энэ ташрамд намайг чин сэтгэлээсээ дэмжиж, чадахаасаа чадахгүйгээ хүртэл тусалж, хамтран зүтгэсэн хүн бүхэнд тэр тусмаа хүний нөөцийн офицер хошууч М.Хишигбаяр, автотехникийн офицер ахмад Б.Мөнх-Учрал болон ЦДБЭЧ, ҮЖҮНХ-ийн хамт олны төлөөлөл болсон мэргэжлийн уран бүтээлчид, "Star-11" бүжгийн болон "M-11" амьд хөгжмийн хамтлагийнхандаа чин сэтгэлээсээ баярлалаа гэдгээ танай сониноор дамжуулан уламжилъя.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин