Энэ удаагийн “Хобби” буланд кино зураач Цагаанзагасын Түмэнхүүг онцолж байна. Ц.Түмэнхүү нь кино зургийнхаа хажуугаар хоббигоороо байлдааны техник, зэвсэглэлийг пластикаар дуурайлган “бүтээгч” залуу. Түүний хамгийн сүүлд бүтээсэн “МиГ-29УБ” сөнөөгч онгоцны загвар нь залуусын анхааралд өртөж, худалдаж авах гэсэн эрчүүд олноор гарч ирэв.

Загварынхаа тухай ярихдаа “2009 оноос хойш пластик дуураймал загварыг сонирхох болсон. Ажлынхаа хажуугаар хийдэг болохоор бусадтай харьцуулахад олон биш ч гэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд ашиглагддаг байлдааны техник, зэвсэглэлээс цөөнгүйг нь дуурайлган “бүтээсэн” байна. Тэр дундаа цэргийн нисэх талдаа хийсэн бүтээл нь илүү олон. Зэвсэгт хүчний агаарын цэргийнхэн ч надад захиалж, хийлгэх нь бий. Хамгийн сүүлийн бүтээл нь “МиГ-29УБ” байлдааны сөнөөгч онгоцны загвар. Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн зоригт хөвгүүд буюу хошууч Б.Батболд, ахмад Д.Гэлэгжамц, ахлах дэслэгч Б.Хэрлэн нарыг анх удаагаа эх орныхоо хөх тэнгэрт хөөргөх үйл явдлыг хувь тохиолоор би үзэж таарсан. Дэргэдээс нь. Маш их бахархсан. Эх орныхоо цэлмэг тэнгэрт дүүлэн нисэх “МиГ-29УБ” онгоцны загварыг хийх сэдэл тэгж л төрж, дөрвөн сар орчмын хугацаанд гүйцэтгэсэн. Материалыг нь гаднын орноос захиалдаг болохоор хугацаа бага зэрэг зарцуулагддаг л даа. Бүтээлээ хийсэн тухай сошиал хуудаснаа оруулсны маргааш нь Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч “Сайхан бүтээл болж, манай ангид байх ёстой загвар байна” гээд худалдаж аваад явсан” гэлээ.

Тэрээр танк, хуягт техник, нисэх онгоц, автомашин буюу бусад төрөл гэсэн гурван загвараар урладаг бөгөөд бүтээлийн овор хэмжээ, чимхлүүр ажлаас хамааран 7 хоногоос нэг жил хүртэлх хугацаа зарцуулдаг байна. Пластик дуураймал загвар зохион бүтээх нь дэлхийд тэр дундаа Европын орнуудад үндэсний спорт болтлоо хөгжсөн бол манайд зөвхөн эхэлж байгаа ч залуус өөрөөсөө мөнгө харамлалгүй эх загварыг нь захиалан авчруулдаг, бүтээлийн 80 гаруй хувь байлдааны техник, зэвсэглэл эзэлдэг тухай Ц.Түмэнхүү ярилаа.
.jpg)

Сэтгэгдэл0
Wow yanztai baina
Энүүгээр үхсэнээ хийх вэ дээ