sonin.mn
Гадаа жавартай ч сэтгэлд нэг л тохитой. Хаалга онгойх тоолонд уур савсуулж, нүүрэндээ ялимгүй мишээл тодруулсаар ар араасаа цуван орж ирцгээх олон янзын царай төрхтэй тэд энэ өдрийн эзэд нь. Заалны зүүн талын ханыг өөрсдийн хийсэн ханын сониноороо дүүргэж, тайзны голд хөгжим техник аппартураа байрлуулаад, ширээнүүдийг ч тэгш шугам татсан мэт хэмжээ алдалгүй засжээ. Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн хугацаат албаны дайчид хоёр оны заагт шинэ жилдээ бэлдэж байгаа дүр зураг л даа. 
 
Цэргийн албанд хуучин оноо үдэх нь ээ, баярын энэ өдөр ижий аав, энхрий бяцхан дүү нартайгаа ширээ тойроод сууцгаадаг байсан тэр мөчийг нэгэнтээ санан дурсацгаана тэд. Гэхдээ нэг дор бөөгнөрсөн олон нөхөдтэйгөө ийн баярлана гэж зүүдлээ ч үгүй явснаа ам уралдацгаан хэлэх бол зарим нь анх удаа үнэгүй шинэ жилд орж байгаагаа гайхуулах нь тун ч хөгжөөнтэй. 
 
Үнэхээр ч 12 дугаар сар гараад л шинэ оны уур амьсгал орж, нэг хүн ч нэжгээд удаа шинэ жилдэх нь бий. Тэгвэл хугацаат цэргийн алба хаах хугацаандаа шинэ жилээ тэмдэглэнэ гэдэг хүний амьдралд нэг л тохиох буй за. Тэр ч утгаараа мартагдашгүй дурсамжийг сэтгэлд бөхөлнө буй за. Тус ангийн захирагч хурандаа Ш.Гантулга баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дээр өгүүлснийг онцолж, та бүхний нөхөрлөлийн бат гагнаас нь энэ шинэ жилийн үдэш гэдэгт итгэлтэй байна гээд хугацаат албаны дайчдад болон тэдний аав ээж, гэр бүл, үр хүүхэд ойр дотныхонд баярын мэнд дэвшүүллээ. 
 
БАЯР ЭХЭЛЛЭЭ ДЭЭ, БӨӨН ДУУ ХӨГЖИМ
 
Үүний дараа байлдагч Т.Базарсүрэн, Б.Шинэбаяр нар морин хуурын татлагаар заалны жаврыг үргээлээ. Мэдээж, энэ үдшийг дуу хөгжимгүйгээр хэн төсөөлөх вэ. Баяр дээр баяр нэмсэн нэгэн үйл явдал болсон нь “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Э.Батжаргал хүрэлцэн ирсэн байв. Тэрээр МУГЖ Б.Сарантуяагийн “Амьдрал” уран бүтээлээр ая дууны мэндчилгээ дэвшүүлж, “Rocking around the christmas tree” дуугаар залгуулахад шинэ жилийн уур амьсгал ч бүр буцлаад ирэх нь тэр. 
 
Дэгжин цэцэгсийг сэрээж 
Дэнж хотойтол дуулан бүжье
Хөөрсөн сэтгэлийг уяраан тайтгаруулж
 
Хөл нийлүүлэн дуугаа дуулцгаая гэсэн хөтлөгчийн уриан дор байлдагч Б.Эрдэнэ-Очир, Б.Шинэбаяр нар жинхэнэ трэнд BILL X 210-ын “Happy 31” дуугаар энэ мөчийг эзэгнэхээр шийджээ. Хөтлөгч тэднийг зарламагц залуус суудлаасаа өндөлзөөд ирэв. Яг л үүнийг хүлээсэн мэт. Орчин үеийн залууст, бидний хэлж заншсанаар Gen-z үеийнхэнд л ийм хөг, хэмнэл ус агаар мэт үгүйлэгдээд байсан нь илхэн. Хөгжимчин дайчдаас бүрдсэн Зэвсгийн засвар үйлчилгээний ротын цахилгаан хөгжмийн
 
“Мөнгөн сум” хамтлаг аяыг нь тоглож, гоцлол дуучин нь “Эх үрсийн элбэрэл” дууг цээлхэн хоолойгоор амилуулж аргаданхан, уяраахан нэг үзэв.  Хамгийн торгон мөч бол цас мөсний орноос цан хүүрэг татуулж, цасан охидоо дагуулсаар өвлийн өвгөн морилох билээ. Удалгүй хаалга онгойж, жавар тачигнасан хүйтэн агаар үлээхэд өтгөн цагаан сахалтай, цал буурал өвөө морилон орж ирэв. Өвлийн өвгөн бүх ширээгээр мэндчилж явсаар, хоймор заларчээ. Эргэх цагийн тооллоор шинэ он ирж, өрнүүн их амжилтаар хуучин оноо үдсэнийг уламжиллаа. Ингээд хугацаат албаны дайчдад бэлэг гардуулж, зүүн хацар дээр нь нэгэнтээ үнсээд амжилт бүтээлийн дээдийг ерөөгөөд гарч одоход, дайчид гараа далласаар өвөөгөө үдэж мордуулав. Энэ үед унтраад байсан хөг аялгууг амилуулж Т.Базарсүрэн, Б.Эрдэнэ-Очир нар “Жаргалтай шинэ жил” дуугаар мэндчиллээ. 
 
ЦЭРГИЙН АНГИ ХААЛТТАЙ ОРЧИН БИШ, ХАРИН ЭР ХҮНИЙГ УРЛАДАГ ДАРХАНЫ ГАЗАР
 
Баярын ширээнүүдэд байлдагчдын эцэг эхийн төлөөллүүд сууцгаажээ. Зэвсэгт хүчний 015 дугаар анги хугацаат цэргийн алба хаагчдынхаа эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлтэй байнгын уялдаа холбоотой байж, тэдний санал хүсэлтийг авч ажилладаг. Тэгвэл энэ шинэлэг ажлаас Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд харьцангуй ил тод нээлттэй ажиллаж байгааг харж болох юм гэдгийг эцэг эхийн төлөөлөл ч онцолсон. Байлдагч А.Дөлгөөний ээж Н.Буянаа цэргийн албыг олон нийтийн сүлжээгээр цацагдсан хар бараан мэдээнд үндэслэн хэтэрхий өнгөц дүгнэлт хийх хэрэггүй гэдгийг ойлгосон гэв. Цэргийн анги гэдэг тийм хаалттай орчин биш гэдгийг ч мэдэрчээ. 
 
Мөн “Миний сэтгэл санаа өөдрөг байгаа. Хүүгийнхээ араас санаа зовнох зүйл алга. Харин ч хүүдээ итгэх итгэл нэмэгдсэн. Цэргийн алба ч миний хүүг олон талаар хөгжүүлж байгааг харлаа шүү дээ. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хар бараан мэдээллээс хол байгаарай. Цэргийн албыг хааснаар эр хүн болж, төлөвшдөг. Хат суудаг.
 
Ангийн шинэ жилийг маш сайхан төлөвлөж, бэлдсэн байна. Хүүгээ бас найзуудыг нь хараад тун хөөрхөн санагдлаа. Яах вэ, оюутан байхдаа урлаг уран сайхан гээд л явдаг байсныг нь мэднэ ээ. Гэхдээ ингэж өөрийнхөөрөө эвлэгхэн гоё бүжиглэдгийг нь мэдсэнгүй. Бас цахилгаан хөгжмийн хамтлагт орчихсон тоглож байгааг нь харлаа” гэсэн юм. А.Дөлгөөний хандлага зөв, аливаад хариуцлагатай, хэлсэн бол хийнэ гэдэг тууштай чанарыг хүүгээсээ мэдэрсэн Н.Буянаагаар төлөөлүүлэхэд л олон эцэг эхийн сэтгэлд ч ингэж нар гийдэг биз ээ. 
 
Ширээндээ тохой залган сууцгаах цэргүүд ч анх ямар үзэл бодол, байр суурьтай татагдсан бэ гэвэл яг бүгд ч тийм эерэг, өндөр хүлээлттэй ирээгүй аж. Ихэвчлэн тэд эрхээ ярцгаадаг байсан бол цэрэгт ирээд эрх+үүрэг ингэж байж, аливаа зүйлийн тэнцлийг олдог гэдгийг ойлгожээ. Бас гэр бүлтэйгээ тогтмол холбогдож, утсаар ярьж, эргэлт ирэхэд нь уулзаж, дарга захирагч нараасаа нэрэлхэлгүйгээр асууж лавлаж, санаа бодлоо ч чөлөөтэй уудлаад ирэхээр албандаа дасахгүй, дурлахгүй гээд яах вэ. Мэдээж цэрэг хүний тэсвэр хатуужил, бэлтгэл сургалт нэн тэргүүний зорилт. Түүн дээр нь нэмээд элгэмсэг уур амьсгалаар эр хүнийг урладаг дарханы газар бол цэргийн анги аж. 
 
ЗАЛУУ ҮЕИЙГ ХАРАХАД ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙНА
 
Энэ үед ханын сонины шилдгүүдийг шалгаруулахаар болов. Тасаг бүр өөр өөрсдийн барьж авсан агуулга, шинэлэг санаа, ур хийцийг ханын сониндоо шигтгэжээ. Ангийн онцлог, ойрын зөвлөгч захирагч дарга, он жавууд, цэргийн нөхөрлөл, технологийн хөгжил зэрэг олон талыг бодолцож, түүнийгээ шинэ жилийн уур амьсгалтай хослуулжээ. Тэдний сэтгэлгээний цар хүрээ, тороо зад татаж гарсан мэт ямар задгай гэж санана. Бодлын хязгааргүй мэт сэтгэдэг ажээ, залуу үе. Ингээд тасаг бүр ханын сонингоо танилцуулж дуусав. Алга ташилтаар шилдгүүдийг шалгаруулахаар болоход нээрээ л тэр нь, энэ нь илүү гэж ялгахын аргагүй юм санж. Захирагч хурандаа Ш.Гантулга энэ үед шалгаруулалтыг эцэслэж “Аль нэг тасаг гэлтгүй та бүхэн ялагч гэдгийг бид харлаа. Миний бодсон зүйл гэвэл, залуу үе ингэж сэтгэж, хөдөлмөрлөж байгаа цагт бидний ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Хаягдал материалаар ийм хийцлэлтэй бүтээлийг урлана гэж, ёстой юмхнаар юм хийнэ хэн ч санаагүй биз. 
 
Баяр үргэлжилсээр. Залуус тойроод бүжнэ, голдоо дуэлдэнэ. Тэр тойрогт захирагч, орлогч нар гээд ангийн удирдлагууд нь ороод дайчдынхаа баярыг хөгжөөнө. Том дарга л гэж бодсоноос бидний аянд ингээд бидэнтэй хамт бүжнэ гэж санаагүй тэд бүр ч их баярлав. Урлагийн номеруудаас дутахгүй гэнэтийн бэлэг болсон л гэнэ. Бас захирагчийн орлогч дэд хурандаа Э.Хадбаатар ч “Никитон” хамтлагийн “Янаг цэцэг” дуугаар зааланд хурсан олны сэтгэлийг гэгэлзүүлэв. Ер нь ч тэгээд энэ цаг үе залуусын сэтгэл зүйн онцлогийг ойлгохыг шаардах болсон. Хөдөлмөрийн зах зээлд 2000-аас оноос хойших үеийнхэн хэдийнээ хөл тавьсан. Тиймээс ямарваа газрын дарга, удирдлагууд арга барилаа өөрчлөх, шинэчлэх залуу үетэйгээ уусаж, хоршиж ажиллах нь чухал гэдгийг ойлгох цаг болсон доо.  Дайчдын урлагийн авьяас ч тасралтгүй буухиалсаар. Дэслэгч О.Мөнх-Эрдэнийн дэглэлтээр “Хар сүлд” бүжгийн хамтлаг фэйсбүүк, инстаграм, тикток зэрэг нийгмийн сүлжээнд эрчийг аваад буй хит бүжгүүдийг баярын тайзнаа толилууллаа. 
 
ҮЗЭЛ БОДЛЫН ГУРВАН ӨНГӨ НЭГ ДОР
 
Сэтгэл догдлуулсан, хэний аз од шовойх бол гэж хүлээдэг энэ баярын хамгийн торгон мөч бол сугалаа сугалах үед ирдэг. Эхний сугалааг хурандаа Ш.Гантулга сугалж, өөрийн суусан ширээнээс анхны азтанг тодруулав. Тэдний ширээнээс хоёр ч азтан тодров. Ийм тохиол таарсанд ширээгээрээ азтан болсон мэт л хөл газар хүрэхгүй баярлаад л байв. 
 
Азтангуудын анхдагч болсон байлдагч М.Мөнгөншагай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумаас хугацаат цэргийн албанд татагдан ирсэн. Олон зүйлийг бодолгүй өөрийн хүслээр цэргийн албаа хаахаар, аав ээжийн захиасыг өвөртөлж ирээд байгаа нь энэ. Бас тэр өөрөө ч хүний хань, хүүгийн аав ажээ. Цэрэгт ирэхээс өмнө барилгачин байсан, халагдаж очихоороо мэргэжлээрээ арай “том хөдөлнө, эсвэл цагдаагийн байгууллагад ажиллана” гэсэн зорилготой болжээ. Тэрээр өмнө нь сахилгагүй байсан ч одоо больсон гээд инээв. Түүний хувьд тангараг өргөчихөөд эхнэр хүүхэдтэйгээ уулзах мэдрэмж хамгийн сайхан нь. Азтай байлдагч хэлэхдээ “Онжавуудтайгаа шинэ жил тэмдэглэж байгаа нь үгээр хэлэмгүй сайхан санагдаж байна. Азтан болчих юм сан гэж бодсон. Гэхдээ захирагчтайгаа нэг ширээнд сууж байгаад, захирагчийн сугалаагаар азтан болно гэж яаж төсөөлөх вэ дээ. Цэргийн албанд дасах гэж нэлээд удсан. Одоо ямар нэгэн асуудалгүй, санаа зовох зүйлгүй болсон. Онжавууддаа шинэ оны мэнд хүргэе” гэлээ. 
 
Төрөл бүрийн авьяастнуудын төлөөлөл бол циркчин байлдагч Б.Амарсанаа. Тэрээр Ховд аймгийн Буянт суманд төрж өссөн, цэрэгт ирэхдээ Нийслэлийн Баянгол дүүргээс татагдсан гэж дэлгэрэнгүй танилцуулав. Цэргийн албанд татагдан ирсэн нь түүнд гэнэтийн мэт санагдсан ч атгасан гар шиг хамт олонтой болж, энэ албанд л эр хүнийг хийморь нь чимдэг юм байна гэнэ лээ. Сэтгэл санаа ч нэлээд өндөр өргөгдсөн гэв. “Гэнэт л өөр ертөнцөд ирсэн мэт санагдаж байсан. Эхний өдрүүдэд дасаж чадахгүй ялангуяа сэрээд, сэрээд команд нэг их түүртэй санагдаад болдоггүй байсан. Эхний долоо хоног өнгөрч байж дасаж эхэлсэн. Зөндөө л дурсамжийг бүтээж, их зүйл ч сурч мэдэж байна. Миний хувьд марш, тактикийн тэмцээнд амжилттай оролцоно гэсэн зорилготой болсон. Он жавуудтайгаа хичээгээд ард нь гарч чадна. Би нэг удаа циркийнхэнтэйгээ гадаад руу явж, тэндээ шинэ жилээ тэмдэглэж байсан. Тэр санаанаас гардаггүй. Харин өнөөдрийн цэргийн шинэ жил ч тийм үнэ цэнтэй дурсамж үлдээнэ байх. Би ерөөсөө ингэнэ гэж төсөөлөөгүй. Ялангуяа ангийн удирдлагууд бидэн шиг бүжиглэж, дуулахыг хараад ямар гоё, залуулаг юм бэ гэж бодлоо. Хүсэн хүлээсэн шинэ жил минь яг мөн” гэсээр он жавуудынхаа ширээ рүү алхах Б.Амарсанаагийн зорилгод амжилт хүсье. 
 
Магадгүй хамгийн шавилхан байлдагч нь Г.Ган-Эрдэнэ болов уу даа. Төв аймгийн Баянчандмань сумаас цэрэгт ирээд олны дунд биеэ хэрхэн авч явах, хүнтэй хэрхэн харилцах, бусдаас үг сонсох гээд сурч байгаа, цаашид ч сурах эрдэм их бий гэдгийг тэрээр хэлж байв. Гэхдээ өөрийн хүслээр ирэх гэж юм юм болдог байснаа ч нуусангүй. Тэнцэхгүй байх үе бас байсан л гэнэ. Биеийн жингээрээ хасагддаг байсан ч гуйхдаа гуйж, гүрийхдээ гүрийсээр энэ удаад дутуугаа нөхөж, цэргийн албанд тэнцээд ирсэн нь энэ. Бодоод үзэх нь ээ, цэргийн албанаас зугтдаг нэгэн байхад жингээсээ болж хасагдсан ч “дараа жилийн наадмаар” гэдэг шиг зорьсондоо эзэн болоод сууж буй Г.Ган-Эрдэнээр бахархмаар юм. Дарга нараас ном сонсохоос гадна чөлөөт цагаараа бид нар өөрсдийн чаддаг, мэддэг бүхнээ хуваалцдаг, тэгэхээр энд цэргийн албанаас гаднах сургалтууд ч идэвхтэй явагддаг гэж хэлж болно гээд олзуурхаж байв. Бас би цэрэгт ирээд эх орны талаар нухацтай бодож, өмнө нь зүгээр л амны уншлага байсныг ойлгосон гэх юм билээ. Одоо бол эх орон миний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл, эх орон үгүй бол бид үгүй, эрх чөлөө ч үгүй гээд хэрсүүхэн, хэвлүүхэн өгүүлсэн дээ. Барилгын засал чимэглэлч мэргэжилтэй Г.Ган-Эрдэнэ бие жижиг ч бэлчээр томтой байж мэдэх юм.
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин