sonin.mn
Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид ТВ8 телевизийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах үеэр байлдагч Б.Төмөрбаттай уулзаж ярилцав. Тэрээр өөрийн хүсэлтээр цэргийн албанд татагдан ирж, захирагч, дарга нараас их зүйлийг сурч байгаагийн зэрэгцээ цаг баримтлах, харилцаа, хандлагаа өөрчлөх тал дээр ахиц гаргаж чадсан гэдгээ нотолж чадна хэмээсэн юм.
 
Байлдагч Ц.Төмөрбат цааш нь ярихдаа: “Би Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийг төгсөөд Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуульд сэтгэл зүйчээр суралцаж байлаа. Энэ хугацаанд богино хугацааны сургалтад давхар хамрагдан, тогооч мэргэжлийг эзэмшсэн. Ингээд чөлөөт цагаар Япон хоолны газар туслах тогоочоор ажиллаж байсан.
 
Миний хувьд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг эрхэм болгон хугацаат цэргийн алба хааж буйдаа сэтгэгдэл маш өндөр байгаа. Цэргийн албанд ирээд эр бие хатуужиж, бие бялдар-сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй болж байгаагийн зэрэгцээ өдөр тутмын цагийн хуваарьт ажиллагаанд жигд хамрагдаж, олон найз нөхөдтэй болсондоо баяртай байна.
 
Би тогооч мэргэжлийг эзэмшиж, энэ мэргэжлийнхээ дагуу олон сар ажилласныхаа үр дүнд их зүйлийг сурч дадлагажиж байна. Тиймээс тус ангийн тогооч нарын ур чадварыг өндрөөр үнэлдэг. Бидэнд амт чанар сайтай, хүртээмжтэй, илчлэг сайтай халуун хоолоор өдөр тутам үйлчилж байдаг тогооч, бэлтгэгч, ажилтнууддаа их баярлалаа гэдгээ үеийн нөхдөө төлөөлж бахархал дүүрэн илэрхийлье. Манай ангийн цэргийн гал тогоо нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, бүрэн засвар хийгдсэнийг нь мэдэрсэн. Тэрчлэн өнгөрсөн хугацаанд цэргийн хэрэгт шамдан суралцахын зэрэгцээ амралт, чөлөөт цагуудаар лекц, мэдээлэл, соёл олон нийтийн ажлуудад идэвхтэй хамрагдаж, олон төрлийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцлоо. Эдгээрээс манай ротын хугацаат цэргийн алба хаагчид олс таталтын болон гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан юм. Цаашид албаа нэр төртэйгөөр хааж, үе тэнгийнхийгээ манлайлах болно” гэдгээ онцолсон юм.
 
 
 
Хурандаа Б.Отгонбаяр
Эх сурвалж: "Соёмбо"  сонин