sonin.mn
2010 оны өвөл Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Соёлын төвийн тайзнаа эрхэм нөхдийнхөө өмнө “Жаахан цэрэг өндөр болно, жагсаалын цэргийн түүчээ болно” гээд дуулж зогссон байлдагч нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын  Жамбалдоржийн Саруул байв. 2010 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хашаагаар хугацаат цэргийн алба хаагч болж орсноос хойш цэргийн гэрээт алба хаагч, ахлагч, офицер болон дэвшиж, ёстой нөгөө манай дарга нарын нэхээд байдаг “яс”-ны цэрэг нь тэр болжээ гэмээр. Байлдагч байхдаа дуулдаг байсан “Жаахан цэрэг” шигээ жавар тоохгүй өлчир болж, цэгцэрсэн жагсаалын цоожинд алхаж, тачигнасан тушаал бүрийг биелүүлж яваа ахлах дэслэгч Ж.Саруулыг өнөөдрийн дугаартаа онцолж байна. Тэрээр өдгөө ангийнхаа Соёлын төвийн даргаар ажиллаж, Соёлын тэргүүний ажилтан хэмээх цолны эзэн болоод удаагүй байна. 
 
-Таныг байлдагч, дэд түрүүч, дэд ахлагч, офицер гээд цэргийн хүний бүх цолыг дамжсан гэдэг. Сайхан түүх, дурсамж хөврөх байх ...?
 
-Би жирийн нэгэн ажилчин айлын хүү. Миний аав А.Жамбалдорж нь Баянтүмэн сумынхаа сургуульд галч, жижүүрээр насаараа ажилласан өдгөө гавьяаны амралтыг эдэлж суугаа буурал бий. Манай сумынхан аавыг минь андахгүй. Сайн дурын уран сайханч, сайхан исгэрдэг гэдгээр нь. Ээж Н.Алтантуяа сумынхаа олон нийтийн аж ахуйд үйлчлэгчээр, эгч Ж.Сарантуяа нийслэлд боловсролын байгууллагад ажиллаж байна. Арын албыг нь дааж яваа ханийг минь Д.Энхтуяа гэдэг, бид хоёр хүүхэдтэй. Том хүү С.Болорцэнгэл дөрөвдүгээр ангийн сурагч, бага охин С.Мишээл гурван настай. 
 
2010 оны намар аав “Миний хүү цэрэгт морд, нас бага дээр яв” гэсэн. Явсан, цэргийн амьдрал таалагдсан, үлдсэн. Үлдэхийн тулд өөрөөс авах бүх арга хэмжээг хэрэгжүүлж, мөрөөдлөө бодит болгосон гэх үү дээ. 2011 оны хавар тухайн үеийн ангийн захирагч хурандаа Сэдийн Нэргүй дарга их, дээд сургуульд суралцах сонирхолтой хугацаат албаны дайчдын судалгааг авч, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгүүлсэн.
 
Тэгэхэд интернэт гэж ийм түгээмэл байсангүй, цэргийн сургалтын бус цагаар аравдугаар ангийнхаа номыг нухуулж яс суулгана.  Миний санахад 7 байлдагч шалгалт өгснөөс би ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Цэргийн инженерийн сургуульд авто инженер мэргэжлээр тэнцэж, халагдсаныхаа дараа 2011-2015 онд суралцаж төгссөн. Надтай хамт шалгалт өгсөн залуус бүгдээрээ их, дээд сургуульд орж чадсан юм даг. Саяхнаас “Хугацаат цэргийн албанаасаа элсэлтийн ерөнхий шалгалт өгч, хүссэн сургуульдаа орж байна” гээд олон нийтэд мэдээлэгдэж байгаа болохоос биш өмнө нь ийм голдирол байсан. Ялангуяа Сэдийн Нэргүй хурандаагийн үед. Үүнийг хүртсэн хүний нэг нь би. 
 
-Тэгээд сургуулиа төгсөж ирээд цэргийн гэрээт алба хаагч болж?
 
-Тийм ээ. Цэргийн сургуулийг энгийнээр төгссөн болохоор ахлагч, офицер болох боломж хязгаарлагдмал байсан. Хууль, дүрмээрээ тийм юм. Гэсэн ч би мөрөөдлөөсөө няцаагүй. 2015-2017 онд байлдагчаас дэд түрүүч цолтойгоор цэргийн гэрээт албыг хааж, 2017 онд тухайн үеийн ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр “Саруулыгаа ахлагч болгоно. Урлаг, уран сайхан гээд идэвх чармайлалтыг нь бид үнэлэх ёстой” гээд дээшээ санал уламжилж, ахлагчийн албанд элсэж, хоёр жилийн дараа холбогдох сургалт дамжаанд нь хамрагдаж офицер болсон билээ. Энэ хугацаанд үндсэн мэргэжил болох зэвсэглэл техникийнхээ чиглэлээр ажиллаж, хажуугаар нь соёл өв уламжлал, уран сайхан тэр дундаа язгуур урлагаар өөрийгөө дайчилж, уралдаан тэмцээнд оролцсоор л байсан. 2013 онд оюутан байхдаа “UBS” телевизийн “Universe Best songs” уралдааны 810 оролцогчоос эхний 57-д буюу 4 дүгээр шат хүртлээ өрсөлдөж явлаа. ҮБХИС-ийн хоёр удаагийн “Шилдэг дуучин”-аар шалгарч, цэргийн гэрээт алба хаагч байхдаа 2016 онд “Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний гала тоглолтод оролцсон гээд амжилт цөөнгүй бий.
 
-Мэргэжлийн урлагийн байгууллагад нь ажиллаагүй ч гэсэн нэгтгэл, ангийнхаа тайзнаа авьяас билгээ үнэлүүлж, Соёлын тэргүүний ажилтан хүртсэн цэргийн алба хаагч цөөхөн. Энэ тухайд?
 
-Баярлалаа. Энэ шагнал бол цэрэг дайчдаа аймаг орон нутагтаа урлагаар дамжуулан сурталчлахыг хичээж, язгуур урлагт “дурлаж” зүтгэсэн өчүүхэн хөдөлмөрийн үнэлэмж, хамт олны минь дэмжлэг билээ. 2023 он гараад манай ангид “Цол бүхэн сайхан” арга хэмжээ явагдсан юм. Тэгээд хаалтын ёслолд уламжлал ёсоор хөтөлж, дуулаад зогсож байтал аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Б.Мангалжав гэнэт тайзнаа гарч ирээд энэ эрхэм цолыг хүртсэнийг дуулгаж, гардуулсан. 2009 оноос хойш сайн дурын уран сайханч байдлаар уран бүтээлээ хийж байсан миний хөдөлмөрийг үнэлсэнд маш их баярласан. 2022 онд “Нүүдэлчин Монгол” фестивальд Дорнод түмнээ төлөөлж, үзэмчин дуугаар оролцсон нь аймгийн удирдлагуудын сэтгэлд мөн нийцсэн юм шиг ээ.
 
-Уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?
 
-Өөрийн гэсэн гурван уран бүтээлтэй. “Баятүмэндээ өргөх дуулал”, “Баянтүмэнгийн манлай хурд” гэсэн сайхан бүтээлүүдтэй. Хоёуланг нь клипжүүлж цацсан. Сумын маань сүлд дуу болтлоо эгшиглэж яваад нь талархдаг даа. УГЗ Г.Энхбаяр, яруу найрагч Д.Ган-Очир, хөгжмийн зохиолч н.Эрболд нарын авьяас билгээр бүтсэн дуунууд. Харин энэ зундаа багтаж яруу найрагч н.Түмэнжаргалын шүлэг, хөгжмийн зохиолч, СТА П.Ганболдын аялгуу “Дорнын их тал” дуугаа клипжүүлж, цацах төлөвлөгөөтэй байгаа. Клип нь өөрөө төсөв санхүү их шаарддаг учраас санаснаар амархан болчихгүй юм. Гэхдээ болгоно. 
 
-Таны цаашдын зорилго, төлөвлөгөөг сонирхвол?
 
-Болж өгвөл урлагийн сургуульд дуучнаар сурах сан гэж мөрөөддөг. Энэ төлөвлөгөөгөө аль болох биелүүлэхийг зорьж байна. Гэхдээ яг өнөөдрийн түвшиндээ гэвэл хугацаат албаны дайчдынхаа авьяас билгийг нээх замаар цэргийн албаа сурталчлахыг зорьж байна. 2022 онд ҮБХИС-д дөрвөн сарын хугацаатай мэргэшүүлэх сургалтад хамрагдахдаа урлаг, соёл хүмүүжлээр дамжуулан түрүүч, байлдагч нарыг хэрхэн төлөвшүүлэх талаар авсан үнэтэй зөвлөгөө, мэдээллээ ажил хэрэг болгохдоо анхаарч байна. Ийнхүү  байлдагчаас дэд түрүүч, дэд түрүүчээс дэд ахлагч, дэд ахлагчаас дэслэгч, ахлах дэслэгч болон цэргийн албанд “дурласан” Дорнод аймгийн Баянтүмэнгийн хүүтэй бид ажил алба, уран бүтээлийн тухай төсөрхөн хөөрөлдөв. Хамгийн олзуурхууштай нь тэрээр бусдын ажил, хөдөлмөрийг үнэлдэг нь онцгой санагдав. “Зэвсэгт хүчний төв хэвлэлийнхэн биднийг тоож ярилцлага авсанд талархаж, бусад нөхдөдөө сайхан харагдах гээд мэргэжлийн студид гэрэл зургаа авахуулчих сан” гээд инээж байлаа.  
 
 
Ахмад Д.БОЛОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин