sonin.mn
МОСКВА. /TASS/. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан БНХАУ руу тавих "Союз Восток" хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажил эцсийн үе шатандаа явж байна гэж "Газпром" компанийн мэдээлэлд дурджээ.
Монголын Засгийн газар болон "Газпром" компанийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Улаанбаатар хотод "Газпром"-ын орлогч дарга Виталий Маркелов, Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нарын удирдлага дор болсон байна. 
 
 
 
“Хуралд оролцогчид "Союз Восток" хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажлын явцын талаар ярилцлаа. Уг ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдэж, эцсийн шатандаа явж байгааг онцлон тэмдэглэв" гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
 
 
 
2022 оны нэгдүгээр сард “Газпром” компани “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох "Союз Восток" хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд Монголын талтай үсэг зурснаа мэдээлсэн билээ. 2022 оны 11 дүгээр сард ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко уг хоолойн зураг төслийн ажил 2023 онд дуусна гэж мэдэгдсэн. 
Хий дамжуулах энэхүү хоолой тавигдсанаар Хятад улс руу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой болно. Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн нийт урт 962.9 км болох бөгөөд төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд ашиглалтад орж магадгүй байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг