sonin.mn
БАНГКОК. /Bangkok Post/. Тайландад парламентын сонгуулийн санал хураалт ням гарагт эхэллээ. Санал авах байрууд орон нутгийн цагаар 17:00 цагт хаагдана. 
Тус улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Таксин Чинаватын охин Фетонг Тхан Чинаватыг Ерөнхий сайдын хувиар нэр дэвшүүлээд байгаа сөрөг хүчний “Тайландын төлөө” нам олонхын санал авч магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Үүний зэрэгцээ шинжээчид энэ нам залуусын дунд ихээхэн нэр хүндтэй “Ирээдүйн нам”-ыг татан буулгаж байгуулсан “Урагшаа хөдөлгөөн” гэх нэртэй улс төрийн нэгдлийн улмаас сонгуульд итгэл төгс ялахад амаргүй байна гэж үзэж байна. 
 
 
 
Тайландын Засгийн газрын одоогийн тэргүүн Прают Чан-Оча энэ удаад “Тайланд үндэстний нэгдэл” намаас нэр дэвшжээ. 
 
 
 
Энэ удаагийн сонгуульд 67 намын 6 600 орчим нэр дэвшигч оролцож байна. Үүний сацуу 42 намаас 62 нэр дэвшигч Ерөнхий сайдын албан тушаалын төлөө өрсөлдөх юм. Тайландад 52 сая орчим хүн санал өгөх эрхтэй, вант улс нь 66.09 сая хүн амтай.
2014 оны тавдугаар сард Тайландад гарсан цэргийн эргэлтээр генерал Прают Чан-Оча засгийн эрхэнд гарч, Ерөнхий сайд болсон. 2017 онд тус улсын Үндсэн хуулиар Засгийн газрын тэргүүний бүрэн эрхийн хугацааг найман жилээр хязгаарлахаар заасан байна. 2019 оны гуравдугаар сарын 24-нд тус улсад долоон жилийн хугацаанд анх удаа парламентын сонгууль болсон юм. Мөн оны зургаадугаар сарын 5-нд тус улсын парламентын гишүүдийн олонх нь Прают Чан-Очаг дэмжсэн тул тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд хэвээр үлджээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг