sonin.mn
5-р сарын 13-ны өдөр БНХАУ-ын Иньчуань хотноо зохиогдсон Хятадын сэргээгдэх эрчим хүчний хөгжил ба хэрэглээний чуулга уулзалтын үеэр тус улсын сэргээгдэх эрчим хүчний салбар огцом хөгжиж, дэлхийн тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа гэж дүгнэжээ.
 
Хятад Улсын цахилгаан дамжуулах үндэсний нэгдсэн сүлжээний мэдээлж буйгаар, 2022 оны эцсийн байдлаар сэргээгдэх эрчим хүч нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадлын 49.6%, эрчим хүчний үйлдвэрлэлийн 36.2%-ийг тус тус эзэлж, дээд амжилт тогтоосон байна.
 
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа 1 их наяд кВт.цагийг давж, өмнөх оны мөн үеэс 21%-иар нэмэгдэж, шинээр нэмэгдсэн эрчим хүч нь тус улсын хэмжээнд хот, хөдөөгийн оршин суугчдын амьжиргааны зориулалттай цахилгааны нийт хэрэглээтэй дүйцсэн гэнэ.
Мөн Хятадын Эрчим хүчний үндэсний газрын статистик мэдээнээс үзвэл дэлхийн шинэ эрчим хүчний салбарын хөгжлийн төв цаашид Хятад улс болно. Хятад улсад үйлдвэрлэсэн фотоволтайк модуль, салхин турбин зэрэг гол эд ангиуд дэлхийн зах зээлийн 70%-ийг эзэлж байгаа. Үүний зэрэгцээ Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил дэлхийн хүлэмжийн хийн гаргалтыг бууруулахад эерэг хувь нэмэр оруулсаар байна. 2022 онд нийт 2.83 тэрбум тонны ялгаралтыг бууруулсан нь дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 41 орчим хувьтай тэнцэж байгаа гэнэ.
 
Г.Бямба