sonin.mn
ПАРИС. /deadline/. Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд  Монгол Улсаас анх удаа нэр дэвшээд байгаа “Баавгай болохсон” бүрэн хэмжээний уран сайхны киног тавдугаар сарын 21-нд толилуулах гэж байгаатай холбогдуулан Францын "Urban Sales" компани уг киноны анхны трейлерыг цацжээ.
 
 
П.Золжаргалын “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компанийн хамтран бүтээсэн энэхүү кинонд Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй гэр хорооллын ахлах ангид сурдаг нэгэн хүү амьдралаа өөрчлөхийн тулд физикийн олимпиадад оролцож дээд сургуулийн тэтгэлэг авч байгаа түүхийг өгүүлнэ.
 
 
Ээж нь эрдэм номгүй тул хөдөө очиж ажиллахаар болж хүүгээ хоёр дүүтэй нь Улаанбаатарт орхин явахаар болдог аж. П.Золжаргал уг киног “Urban Factory” компанийн Фредерик Корвез, Мэйва Савиньен нартай хамтран бүтээсэн бөгөөд С.Батхишиг продюсерээр хамтран ажиллажээ. Тэрбээр 2017 онд Токиогийн олон улсын "Talents Tokyo" кино наадмын үеэр Ф.Корвезтэй танилцаж, харин дараа нь Ториногийн кино лаборатори, Локарногийн кино наадам, Хонконгийн Азийн киноны санхүүжилтийн форум зэрэг олон улсын лаборатори, хамтын бүтээлийн зах зээлээр дамжуулан киногоо бүтээжээ.
 
Ү.Батцоож, Ц.Номинжигүүр, Б.Төгөлдөр зэрэг ихэнх нь мэргэжлийн бус жүжигчдээс бүрдсэн киноны багийнхан ням гарагт болох ёслолд оролцох төлөвтэй байна. 
 
П.Золжаргал Монголын залууст итгэл найдвар, урам зориг өгөхийн тулд энэ киног бүтээсэн хэмээгээд "Энэ бол гашуун түүх, гэхдээ өсвөр насны хүү амьдралынхаа төлөө хэрхэн зүтгэж буй түүхээр дамжуулан би хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжтой байх шийдлийг санал болгохыг хүссэн юм" гэж ярилаа. 
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг