sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Fifty Fifty” охидын хамтлаг “Cupid” дуугаараа “Billboard Hot 100” дууны жагсаалтад найм дахь долоо хоногтоо дараалан бичигдээд байна.
 
Тодруулбал, Америкийн “Billboard”-ын шилдэг дуунуудын энэ долоо хоногийн жагсаалтад “Cupid” дуу өмнөх долоо хоногийнхоосоо хоёр байр ахиснаар 17 дугаар жагссан байна.
 
Ингэснээр шинэ залуу охидын хамтлагийн амжилт энэ цаг үеийн хамгийн алдартай “K-pop” охидын хамтлагт тооцогдож буй “BLACKPINK”-ийн амжилттай эн зэрэгцэж, хоёр хамтлаг “Billboard”-ын жагсаалтад хамгийн удаан багтсан “K-pop” охидын хамтлаг болжээ. 2020 онд “BLACKPINK” Америкийн дуучин Селена Гомезтой хамтран гаргасан “Ice Cream” дуугаараа найман долоо хоног дараалан “Billboard”-ын жагсаалтад багтаж байсан юм.
 
“Fifty Fifty” хамтлаг “Hot 100” дууны жагсаалтад гуравдугаар сарын 28-нд анх бичигдсэнээр өнгөрсөн 11 дүгээр сараас уран бүтээлээ цацаж эхэлснээсээ хойш хамгийн хурдан энэхүү жагсаалтад багтсан хамтлаг болжээ. Түүнээс хойш байраа ахиулсаар өдгөө шилдэг 20-т багтаад байгаа нь энэ юм.
 
Ташрамд дурдахад, Өмнөд Солонгосын “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Шюга мөн анхны ганцаарчилсан “D-Day” цомгоороо энэ долоо хоногийн “Billboard 200” шилдэг цомгийн жагсаалтын 36 дугаарт жагссанаар уг жагсаалтад гурав дахь долоо хоногтоо багтсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг