sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Investor/. АНУ-д өрийн таазтай холбоотой хэлэлцээ нааштай болох төлөвтэй байгаатай холбоотойгоор лхагва гарагт газрын тосны фьючерс хэлцлийн үнэ өсжээ.
Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.97 ам.доллар буюу 2.78 хувиар өсөж, 72.83 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны долоодугаар сард нийлүүлэх үнэ 76.96 ам.долларт хүрч, 2.05 ам.доллароор /2.78 хувь/ өссөн байна. 
 
 
 
АНУ-ын Конгрессын удирдлагууд мягмар гарагт Ерөнхийлөгч Жо Байдентай хоёр дахь удаагаа уулзсаныхаа дараа өрийн дээд хязгаартай холбоотой хэлэлцээ нааштай болох төлөвтэй байгааг лхагва гарагт мэдэгдсэн юм.
 
 
 
 
 
Ж.Байден мөн Конгрессын удирдлагуудтай үр бүтээлтэй уулзалт хийснээ цохон тэмдэглээд, “бид төсвийн талаар тохиролцоонд хүрч, Америк дефолт зарлахгүй гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн Ази тивийг зорихынхоо өмнө мэдэгджээ.
 
 
 
Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти лхагва гарагт ярилцлага өгөх үеэрээ, АНУ дефолт зарлахгүй гэсэн өөдрөг бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
 
 
 
Өрийн таазтай холбоотой нааштай мэдэгдэл газрын тосны үнийг өсгөснөөс гадна өнгөрсөн долоо хоногт Америкийн газрын тосны олборлолт буурсан нь газрын тосны үнэ өсөхөд мөн нөлөөлсөн гэж “FX Empire” компанийн шинжээч Владимир Зернов мэдээлжээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг