sonin.mn

Би нэлээд хэдэн жилийн өмнө БНСУ-д ажиллаж байлаа. Мэдээж харласан хэрэг л дээ. Хоёр жил гаран ажиллаж билээ. Ах дүү тав, дээр нь гурван хүргэн нийлсэн найман хүн нэг үйлдвэрт ажиллаж, нэг гэрт амьдарч байлаа. Манай ажил, гэр маань их сайхан газар байсан шүү.

 

Сөүл хотын Чамшил хэмээх дүүрэгт байв. Сөүлийн бусад дүүрэгтэй харьцуулахад тохижилт сайтай, худалдаа наймаа, үзвэр үйлчилгээний газар ихтэй тун, дажгүй газар байж билээ. Ах дүү, амраг садангаараа холбогдсон бидний найман монгол Ээрмэлийн үйлдвэрт ажилладаг байлаа.

 

Ажлын нөхцөл хүнд боловчиг цалин сайтай. Анх Чамшил дүүрэгт хөл тавьж ажил олсон Отгоо дүү маань боссын итгэлийг хүлээж кунжинжан болсон тул биднийг ээлжлэн татаж авсаар наймуулаа болсон нь тэр. Ах дүү улс нэг дор хамт ажиллах нь унэхээр зүгээр юм билээ.

 

Ажилд дөр муутай нэгнийгээ дундаа хийж "дамжилсаар" адилхан л өндөр цалин хөлс авна. Бид дор бүрнээ мөнгө хурааж чадсан, муу хэлэх юм биш. Харин хураасан мөнгөө зөв зарцуулж чадсан эсэх нь өөр асуудал.


Дөрөв дөрвөөрөө өдөр шөнийн ээлжинд гарна. Хоол ундаа хамтран бэлтгээд хийчихнэ. Гэр орон руугаа мөнгөө нийлүүлээд явуулчихна. "Хараар" ажиллаж буй гэлтгүй Сөүл хотын хамгийн гоёмсог бүх газрыг үзсэн дээ. Одоо бидний Сөүлд ажиллаж байснаас үлдсэн дурсамж гэвэл түүх дурсгалын тэр сайхан газруудыг нүдээр үзсэн сэтгэгдэл, тэнд авахуулсан гэрэл зургууд л гэрч болон үлдэж дээ.

 

Баяр ёслолыг харин ч нэг нижгэр тэмдэглэнэ дээ. Цагаан cap, наадам, улс тунхагласны баяр, шинэ жил, март, цэргийн баяр, төрсөн өдөр гээд за ер нь тэмдэглэж л болох бүх баярыг апгасахгүй дээ. Арай л "шувууны баяр" гэж тэмдэглээгүй байх. Тэмдэглэсэн ч бил үү?...



Баяр болгоноор л дуулна даа. Олноороо цуглахаар заавал дуу дуулдаг энэ ёс мэт зан монгол хүний цус, генд удамшсан байдаг байх аа. Тэгээд ч харьд яваа монгол хүн эх орон, элгэн нутаг, ээж аав, эхнэр хүүхдээ санан мөрөөдөхөөрөө өөрийн эрхгүй дуу аялдаг биз ээ? Манай гэрийн ойролцоох хөрш хангү нар ч андахаа больсон. "Өнөө хэдэн монгол дуулаад эхэллээ.

 

Бас л нэг баяр нь болсон юм байх даа" хэмээн ярьдаг байсан гэдэг. Ажаад байхад хүн бүр нэг сүлд дуутай. Тэрийгээ л хамгийн түрүүнд дуулна даа, Сүүлдээ ч бие биенийхээ дуулдаг дууг андахаа байсан, Залгаад залгаад л "аваад хаячихдаг" болсон шүү.

 

Хадам эгч Төгсөө маань дуучин Төмөрийн дуулдаг "Аяны шувуу"-г "өмчилчихсөн". Өөр хүн тэр дууг нь эхэлж дуулах эрх байхгүй. Хадам эгч л ганцаараа дархан эрхтэйгээр,

"Аялан дуулдаг чиний минь хоолойтой

Адилхан өнгөөр уянгалан ганганаад"

гээд л "хангинуулж" эхэлдэгсэн. Хүргэн Ганболд болохоор:


"Нарлаг өндөр Алтайн ууланд

Намрын хяруу унаад аа" гээд л "мэлмэрүүлнэ". Солонгос явахаасаа өмнөхөн аавыгаа алдсан болохоор сэтгэлд нь хүнд байдагсан уу, сааралтаж чичирхийлсэн хоолойгоор дуулж дуусаад нулимсаа арчдаг сан. Халанги үедээ бид ч бас дагаад л "намирчихдаг" байж билээ. Би бас ганц дуутай, тэр нь "Жаргаах зүрхэн".

 

Даруу бус зан гаргахад ардын болон зохиолын олон дууны гарал үүсэл, үүх түүх, үг аяыг мэднэ л дээ. Ялангуяа монгол ардын уртын болон богино дууны тухай материал цуглуулж, судалгааны шинжтэй ганц хоёр зүйл бичиж байсан болохоор жижүүрийн хэдэн дуу цээжинд явдаг л байлаа. Харин Сөүлд ажилпаж байхад яагаад ч юм бэ энэ дуу л аяндаа аманд ороод ирдэг болсон

"Хүдэн татсан сарьдаг байна аа хө

Хүний нутгийн хангай юу даа хө

Хүслэн татсан амраг тэр минь

Хүрэн зүрхний уяа юу даа хө"

гэсэн үгтэй энэ дууг дуулахаар л хоолой зангираад ирдэг байж билээ. Нуугаад яахав, ээж ааваасаа илүү эхнэрээ л санадаг байсан шүү. Ханилж нийлээд яг 10 жил болох хугацаанд би эхнэрээсээ олон cap жилээр холдож үзээгүй юм билээ.

 

Хамгийн дээд тал нь 45 хоногийн хугацаатай Германд курсэд явснаас өөрөөр салж холдоогүй байсан юмсанж. "Ээжийнхээ өврөөс эхнэрийнхээ өвөрт шууд орсон азтай эр дээ" гэж хань минь намайг заримдаа шоолдог юм. Цэргийн алба хаагаагүй намайг Солонгос явж байж л "жинхэнэ эр хүн болсон" гэж "магтахыг нь" яана.

 

Хүний нутаг, хүний газарт ажиллаж, амьдарч яваа эр хүн юу эсийг бодох вэ. "Сиймхий ч болов гэр минь, сэгсгэр ч болов ижий минь" гэгчээр зовлон жаргалаа хамтатгасан ханиа л их санадаг юм билээ. "Чингис хаан"-ы Жагаагийн дуулдгаар

 "Нэгэн биений нөгөө тал

Нинжин сэтгэлийн цагаан сүүдэр"

болсон гэргийгээ санан гансран мөрөөдөж явахад энэ дуу л "хань" болж байсан даа. "Эх орны эр цэрэг", "Эмээл дээр ургасан уул", "өрх гэрийн тэргүүн", "өмөг түшиг" энэ тэр гээд л сүржин гоё цол гуншинтай ч хань ижлээсээ салж холдохоор хатаж хорчийдог хөөрхийлөлтэй улс даа, эрчүүд бид чинь...

 


Хорвоод хүн болж төрөөд бусдад хайрлуулж, бусдыг хайрлаж явна гэдэг жаргал бус уу. Одоо энэ мөрүүдийг уншиж суугаа Та ч бас хэн нэгэн хүний хайрын ЭЗЭН байж таарна. Хорвоогийн хатуу ширүүн, амьдралын бартаа саад дундуур хамтдаа туучиж, жаргал зовлонгийн алинд ч мөр мөрөө түшин хайрын дээдээр цатгаж, дутуу дундуур бүхнийг тань дүүргэж явдаг тэр хүнийхээ ЖАРГААХ ЗҮРХЭН болж явахыг ерөөе.

 


Ч.Болд