“Тань руу нүүж явна” уран сайхны кино, “Үгүйлэн санана”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Эрхлэн жаргах чи бидэн хоёр” зэрэг хэдий нь ээ олны хүртээл болсон олон сайхан уран бүтээлээрээ үе үеийн үзэгч, сонсогч, уншигчдаа уйлуулж, дуулуулж, уярааж яваа Төрийн шагналт зохиолч, яруу найрагч С.Оюунтай ярилцлаа. Тэрбээр сурагч ахуй наснаасаа шүлэг найрагт дурлан сонирхож, бичиж туурвиснаас хойш хагас зууныг үджээ. Монголын яруу найраг, утга уран зохиолд нэртэй, мөртэй яваа эл найрагч эдүгээ ч жин дарсан уран бүтээлүүдээ туурвисаар тун завгүй сууна билээ.
Таны төрж өссөн өлгий нутаг бол Булган хангай нутаг. Таны хувь заяа ч эл нутагтай салшгүй холбоотой. Иймд хоёулаа Булган нутгийн тухай бодлоор тань ярилцлагаа эхлэх үү?
-Анхдагчдын өлгий, айргийн орон, Булган хангай миний шүтээн. Миний бага нас найрын дуун дунд өнгөрсөн. Хуруудах, дэмбээдэх, дуулах, хуалах, гүүргийлэх, хурга авхуулах гээд ахуйн бишгүй сайхан соёл дунд өссөн хүн яруу найрагч болсон нь гайхах зүйл биш. Манай Могод сумынхан их шооч шүү. Шоолох нь уран сайхны сэтгэлгээ юм шүү дээ. Уран сайхантай хэлэхгүй бол шоолох биш доромжлол болно. Тийм болохоор манай нутгийнхны уран сайхны сэтгэлгээ өндөр хөгжсөн гэж би боддог. Би дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа дотуур байрны амьдрал мэдэхгүй, аймгийн төвөө ч сайн үзээгүй хүүхэд хотод ирж байлаа. Тэгсэн хэр нь би хотын хүн болоогүй үргэлж л Могод гэж ярьдаг, нутаг гэдэг ийм л сэтгэлийн аргамжаа юм. Миний шүлэгт тогоруу, майхан, манан, ангир гэсэн үг их байдаг. Харж өссөн ахуй минь, сэтгэлийг минь ховсодсон, догдлуулсан ахуй минь юм шүү дээ. Өглөө сэрээд л нууранд ангир ганганах, адуундаа исгэрэн мордох эр, нэг их хөглөрсөн манан харж, сумын төвийн урдах довон дунд ногт бариад манан зүсээд морь эрж явсан минь сэтгэлд үргэлж тодхон байдаг. Ийм сайхан нутаг намайг олон дуу, хүүрнэл зохиол бичүүлсэн дээ.
Булган хангайнхан анхдагчдын өлгий хэмээн нутгаараа илүү бахархдаг юм билээ. Харин таны хувьд?
-Булганаас яагаад анхдагч төрдөг вэ гэж би бодож үзсэн юм. Удамд нь байдаг төрөлх чанар, за тэгээд бүр Чингис хааны гуравдугаар орд өргөө алтан ургийн нутаг хэдэн зуун жил эх орноо авч явсан бахархалт үүх, түүх гээд олон учир шалтгаан байна. Цаанаас нь л нэг юм хараад байдаг тэнгэрлэг ард түмэн гэж боддог. Энэ бахархлаар л үр хүүхдээ өсгөж зөв явахын ухаан, эх орон хоёроор өсгөсөн хүүхэд л бидний хойч үе. Булганчууд тийм хойч үетэй байх учиртай. Аравдугаар Богд ч манай нутгаас тодорно гэдэг гайхамшиг шүү дээ. Тэр бяцхан Богдын өмнө Монголын хувь заяа байна.
Та бас Төрийн шагнал авсан гуравхан эмэгтэй зохиолчийн нэг, тэр дундаа бүсгүй яруу найрагчдаас, Булган аймгаас анхных болсон шүү дээ?
-Цөөхөн эмэгтэй Төрийн шагнал хүртсэнийг анзаарч, бодож байсангүй ээ. С.Удвал гуайгаас хойш 40 гаруй жилийн дараах, яруу найрагчдаас анхных нь Төрийн шагналт эмэгтэй гэж бодохоор улам ч сүрдмээр санагдаж байна. Санаа зөв, уран зохиол, яруу найрагтаа үнэнч явсныг минь бурхан тэнгэр харж, ийм шагнал илгээсэн байх аа.
Нэгэнт таны төрсөн нутгийн тухайд ярилцлагаа эхлүүлснийх зориуд асууж байна л даа. Таны гайхалтай бүтээлийн нэг болох “Тань руу нүүж явна” кино монгол түмний сэтгэлд олон он жилийг элээн мөнхөрч үлдсэн. Энэ бүтээлийн сэдвээ мөн л нутгаасаа олсон гэдэг, гайхмаар шүү?
-Энэ тухай ч их ярьсан даа. Сэдэв нь бас л амьдралаас ургаж гарсан. Намайг жаахан байхад манай нутагт Тамжав гэж хөгшин байлаа. Малын эмч мэргэжилтэй хүүтэй. Нэрийг нь Дарьсүрэн гэнэ. Тамжав гуайн нүд юм харахаа байгаад хүү нь нэгдүгээр эмнэлэгт үүрээд явж байна гэж дуулдах. Гэтэл тэр ач тустай хүү нь мотоциклийн ослоор нас бараад нутгийнхан тэр хөгшин яана даа гэцгээж байгаа нь хотод ирсэн манайханд дуулддаг байв. Бас хүүхэд төрөхөөр л Тамжав гуай очиж үздэг. Аргагүй шүү дээ, муу хүүг нь нутаг усандаа төрнө гээд хэлчихсэн байж. Ийм юм л дуулаад байсан би нэг өдөр энэ яриа чинь киноны сэдэв юм байна гэж гялсхийтэл санасан юм даг. Зохиол гэнэт л санаанд ордог. Тэгээд л эхийн сэтгэлийг харуулах санаатай зохиол бичсэн. Найруулагч тэр санаагаар нүүдэлчдийн амьдралын философийг гаргасан юм билээ. Асуудлыг нүүдлээрээ шийддэг гэж. Арав хоногт зардлаа олсон л гэдэг юм. Өвөр Монголын нэг найруулагч бүсгүй киногоор маань жүжиг хийе гэж санал тавьсан. Тэр санаа бүтвэл сайхан жүжиг болох байх аа.
“Сэтгэшгүй чандмань сүмийн дууль” роман мөн л гадаад, дотоодын уншигчдын талархлыг хүлээсэн. Хэдий хугацаанд бичив?
-“Сэтгэшгүй чандмань сүмийн дууль” романаа хоёр жил бичсэн. Дунд нь ковид тусаад, бие тааруу байх, хүүхэд харах, роман бичих гээд их л олон ажил давхацсан жил байлаа. Хажуугаар нь номын сан ажиллахгүй юм, юм л болсон. Гэвч роман маань оны шилдэг роман болсон төдийгүй олон улсын нэртэй “Амазон” сайтад тавигдсан. Түүхийн холбогдолтой жараад ном уншсан. Эх оронч Цогтхунтайж бол бидний өвөг дээдэс. Сэтгэл зүрхэндээ хүндлэн мөргөж явах ёстой алтан ургийн удам. Түүнээс хойш Чин ван Ханддорж гээд үе үеийн эх орончид бий шүү дээ. Булган аймгийн Могод сум их түүхтэй нутаг. Хүйс толгойн бичиг гэхэд л Монголын хаад язгууртны музей буюу Чингис хааны музейд хадгалагдаж байна. Үүнийг өнгөрсөн жил нутагт нь аваачиж залсан. Хажууд нь түүх дурсгал байж байхад нутгийнхан маань анзаардаггүй юм шиг байгаа юм. Нутгаараа бахархах сэтгэл байж л эх оронч хүн болно. Бас нутгаа нүдний цөцгий мэт хайрлах ёстой.
Санаагаа хэрхэн хаанаас олж байв даа?
-Булган нутгийн хүн учраас Цогт хунтайжаар роман бичье л гэж бодоод байсан. Сэдвийг нь манай Булганы хүүхэн зохиолчид бас булаалдсаан. Бичихгүй болохоор нь би барьж авсан юм. Түүх нь бүдэг, сайнаасаа саар бичигдсэн түүхтэй хүн шүү дээ. Би өмөөрч бичсэн.
Та “Домогт хүрэн халзан” романаа их л адал явдалтайгаас гадна маш их судалгаатайгаар бичсэн тухайгаа ярьж байсан. Тэр үед тохиолдсон сонин хачнаас хуваалцаач?
-Хэдийгээр би хөдөө малын дэргэд өссөн ч гэлээ хурдны морь унаж байгаагүй, адуун сүргээс их хол байсан учраас энэ романыг бичихэд хэцүү байсан. Тэртээ 1958 онд нийслэлд орж ирэхэд би дөрөвдүгээр ангийн хүүхэд байлаа. Миний мэдэх хөдөө бага насны хөдөө юм байна. Тугал ивэлгэж, үнээ сааж, аавын морийг дөхүүлж, сургуульд мориор явсан гээд л миний хөдөө дуусчхаж байгаа юм.
Хэдэн насанд нь адууг азарга тавьдгийг ч анзаарч мэдээгүй л явж. Энэ бүхэн хэрэг болоод ирдэг юм билээ. Дээр нь Вьетнам Улс гэхээр Хо Ши Мин гэдэг сахалтай, нүдэнд дулаахан хүн л санаанд орж байснаас өөрөөр мэдэх юм алга. Эхлээд “Харийн нутаг давчдаад байна” гэдэг дууг зохиосон яруу найрагч Доржоор хэлүүлэн Вьетнамд Элчин сайд байсан Энхбат гэдэг хүнтэй уулзлаа.
Тэр хүн надад маш чухал хоёр ном бэлэглэсэн юм. Эндээс их юм ойлгож авсан. Дараа нь Вьетнамд олон жил байсан эрдэмтэн, бас Хо Ши Мин зэрэг олон ном бичсэн С.Дашцэвэл гэдэг эрдэмтэнтэй уулзсан.
Монгол адуу судлаач, танай сонины эрхлэгч байсан хурандаа А.Баярмагнайгаас ч юм асууж мэдсэн. Энэ мэтээр сайн улсуудын тус дэмээр бичсэн дээ. Ер нь роман бичихэд их юм унших мэдэх шаардлага гардаг юм билээ.
Ой ухаанаа цэнэглэж аваад л өөрийнхөөрөө бичдэг. Ховдын яруу найрагч Отгонбаатар, за тэгээд бусад хүмүүс хөнгөн сэтгэлтэй адуу гүйдэг гэж хэлсэн. Хөнгөн сэтгэлтэй гэхээр яруу найрагчид шиг л “амьтад” байх нь л дээ. Бид бичдэг, харин адуу гүйдэг юм байна. Адуу маань Хятадын нутгаар гүйсэн болохоор тэр үеийн хятадын байдлыг бас ойлгох хэрэг гарсан. Яг тэр үеэр эрдэмтдийг амьдрал судлуулахаар явж байсан юм билээ.
Одоо ч та бүтээлээ туурвисаар л байгаа. Шинэ содон уран бүтээлээс тань сонирхвол...?
-Булган нутагт маань “Мянган уулын цэцэг” жүжиг тоглогдох гэж байгаа. Хөгжмийг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр бичсэн. Найруулагчаар нь манай Булганы Хүүхэд, дуурийн театрын ерөнхий найруулагч С.Баттулга ажиллаж байна. Аятайхан жүжиг болох байх аа. Хоёр сайхан тууж бичихээр төлөвлөсөн байгаа. Энэ ташрамд би Засаг ноён Сундуйн тухай “Алтан ургийн босго” гэдэг тууж бичиж нэг уралдаанд гуравдугаар байр эзэлсэн төдийгүй Өвөр Монголд хэвлэгдсэн шүү дээ. Нутгийн ганц Төрийн шагналт зохиолчийнхоо номыг уншвал төрсөн нутгаараа улам л бахархах болно гэдгийг хэлье дээ.
Ер нь хүүхэд залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлж хүмүүжүүлэхэд ямар ажлуудыг зохион байгуулах нь өгөөжтэй, үр дүнтэй гэж та боддог вэ?
-Юуны түрүүнд хүүхэд залуучууд хариуцдаг газар, ТББ-ууд хамтраад хүүхэд залууст ном уншуулах, нутаг орныг нь таниулах аялал зохион байгуулах зэргээр олон ажил зохион байгуулж болно. Сургуулиуд, номын сан хамтраад жишээ нь үүх түүхийг гэрчилсэн романуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зохиолчдыг уриад уулзалт хийсэн ч болохгүй юм байхгүй. Хийе, болгоё, бүтээе гэвэл мөн ч ажил их байна даа. Эцэг эхдээ хүүхэд хайртай байдаг шиг, хүүхдүүд нутаг орондоо хайртай. Тэдний сэтгэлд сайн сайхныг түгээ. Улс юу хий гэх нь вэ гэж бүү хүлээ. Өөрсдөө л хий гэдгийг хэлмээр байгаа юм. Үр хүүхдэдээ хайртай хүн бүхэн сайхныг хийж болно шүү дээ. Энэ бол нээлттэй.
Ингэхэд таныг Төрийн шагналын эзэн болгосон “Үгүйлэн санана” хэмээх дуу хэрхэн бүтсэн юм бэ? Энэ л хайрын шүлгийг тань “Харанга” хамтлаг амилуулснаас хойш 40 шахам жил болж байна...
-М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэж, тэнд сурч байхдаа “Үгүйлэн санана” шүлгээ бичсэн юм. Харин хэдэн жилийн дараа “Утга зохиол” сонинд шүлэг минь гарсныг Чука олж харсан юм билээ. Монголоосоо гарч, Оросын хил давах үед “Хол газар хилийн дээсэн дээгүүр...” гэсэн мөрт анх бууж билээ. Түүнийгээ үргэлжлүүлэн шүлгээ бичсэн. Дуу болсноос нь хоёр жилийн дараа “Харанга”-ынхантай танилцаж байсан. Учрал, тохиол гэдэг сонин шүү. Шүлгийг минь олж, дуу болгохоор шийдсэн тэр өдрийн тэнгэрт талархаж сууна.
Таны эдгээр сайхан шүлгүүдээс хэчнээн нь дуу болсон бол?
-100 гаруй шүлэг маань дуу болжээ. Энэ дундаас “Үгүйлэн санана”, “Үнсье чамайг, үнсье”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Мөнгөн шөнө”, “Эрхлэн жаргая” зэрэг дуунуудыг маань олон түмэн илүүтэй сайн мэддэг. Цаг хугацаа, залуу нас, онгод нөлөөлсөн байх. Төрийн шагнал хүртсэн өдөр Х.Төмөрбаатар “2020 онд 70 нас хүрнэ. Тоглолт хийх санаатай. “Давтагдашгүй” гэсэн сэдэвтэй дууны шүлэг бичиж өгөөрэй” гэсэн. “Сонины тасархай дээрх шүлгийг минь олж, дуу болгохоор шийдсэн тэр өдрийн тэнгэрт талархаж сууна” гэснийг минь Лхагваа (Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн) сонсоод “Та “Тэнгэр мэднэ” гэж шүлэг бичээрэй” гэж “үүрэгдэж” билээ.
Та Анагаах ухааны дээд сургууль төгссөн их эмч хүн. Гэтэл ямар хувь тохиолоор утга уран зохиол руу урвах болов оо?
-Нийслэлийн 16 дугаар дунд сургуулийн сурагч байхдаа би Д.Мандахсан багштай “Уран өд” дугуйлангийн гишүүн байлаа. Ганц нэг шүлэг бичсэн нь хүүхдийн л шүлэг байсан. “Би онц сурна” ч гэх шиг. Дараа нь Анагаахын дээдэд Их хурлын гишүүн байсан Зуунайгийн удирддаг уран зохиолын дугуйланд мөн л гишүүн байж, оюутны шинэ жил хөтөлдөг, АСК-т оролцдог, 1970 онд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн болчихсон оюутан төгсөж байлаа. Тухайн үед Эрүүлийг хамгаалах яам намайг Анагаах ухааны дээд сургууль төгсөхөд Монгол телевизэд хуваарилаад би тэнд эрүүл мэндийн нэвтрүүлгийн редактор болсон юм. Ингэж л утга, уран зохиолтой салшгүй холбогдсон хэрэг.
Авьяас ихэнхдээ удамшдаг гэх нь бий. Иймд таны ижий, аав гээд ер нь танай удамд урлагийн мэдрэмжтэй хүмүүс байв уу?
-1958 онд ижийн минь бие өвдсөн учраас манайх Улаанбаатар хотод шилжин ирж байлаа. Аав минь гарын уртай, юманд их эв дүйтэй, эрдэмтэй хүн байсан сан. Төвд хэлтэй, уйгаржин, латин үсэг мэднэ. Ээж минь их уран байсан даа. Хоёулаа л мэдрэмжтэй. Аав минь надад түүх, болсон явдал ярьж өгдөг байлаа. Тэдгээрээс нь зохиолууддаа сэдэвлэн оруулж ч байсан. Аав, ээжийнхээ Санжаажав, Дулам нэрээр зохиолын баатруудаа нэрлэсэн нь ч бий.
Та ачлалт эмээгийн үүрэг гүйцэтгээд тун ч завгүй байдаг бололтой дог шүү...
-Би охин, охиныхоо хүүтэй гурвуулаа амьдарч байна. Хагас, бүтэн сайн гээд зарим өдрөөр бужигнаж өгнө өө. Гэртээ байх нь ховор. Хотын бөглөрөөний нөгөө талд өөрөөр хэлбэл, аравдугаар хорооллоос явж Сансрын тэнд хүүгийндээ очиж ачаа харж байна. Замд их цаг өнгөрөх юм, бүр харамсмаар. Хүүгийндээ очиж, хүүхэд асраад гэртээ ирээд охиноороо асруулах юм даа. Удвал гуайтай нэг удаа таарсан юм. “Хүүгийнхээ хүүхдийг харахаар явж байна, залагдаад байгаа юм уу, зарагдаад байгаа юм уу мэдэхгүй л байна” гэж хэлж билээ. Яг түүн шиг л байна. Монголчуудын нийтлэг амьдрал юм даа. Ач, гуч нар минь миний баяр баясгалан. Тэд маань бас миний зохиолын сэдэв болдог шүү.
Та Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс “хол” хүн хэдий ч салбарынхаа тухай таны бодлыг сонсоод ярилцлагаа өндөрлөх үү?
-Батлан хамгаалах, цэрэг арми гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Хилийн цэрэг, Ардын Арми хоёулаа хэрэгтэй. Цэрэг армиараа бахархах үүрэгтэй, бид. Чингис хааны үеэс улбаатай арми шүү. Энэ цагт, олон улсын байдлыг харахад цэрэг, зэвсэгт анхаарал хандуулж байна. Бид нэг дэлхийтэй улс. Тэдний политикийг манай төр, Батлан хамгаалах яам нүд салгалгүй харж байгаа гэдэгт итгэж байна. Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, саруул сайхныг хүсье.
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Ордны цонхоор шээж байсан орос Зориг үхсэнээсээ хойш 28 Монголыг хэлмэгдүүлсэн. Буриад Хурц яллаж олон Монголчуудын амүдралаар тоглосон. Оросуудын найз буриад Батүүлийг ганц хоног байцаагаагүй.
…хорвоод намар ирдгийг мартсан хонгор хүүгээ уучлаач ээжээ..Зэрэг олон сайхан дууны үгийг сэтгэл зүрхэнд хүртэл бичсэн Оюунаа ховор авьяатай хүн.
Солиороход ч учир бнаа
Olon saixan zoxiol buteel tuurvij unshigch olniixoo setgel zurxiig ezemdej uxaan bodliig telj yavaarai Tanii daraagiin nomiig tesen yadan xuleej baina
Дууны шүлгээр төрийн шагнал авах ч дэ.санана да би чамайг санана гж бичээд л.жонхуу гын жонхуурал.харангын хаялага 2 л юм да
Ene ug chin barag unen ug yum bish uu? Ter Tuvshinbayar Olimpiin avarga gants naizaa zodood alchihiig bodohod. Burhan min iim humuusees l holuur baiya daa.