sonin.mn
Хуучирч гандсан XX зуун дуусгавар болж ардчилал гэгчийн буянаар шинэ зууны босгоос эхлээд өөрчлөлт шинэчлэлийн салхи үсрэнгүй дэвшил рүү хөтлөх мэтээр итгэж байсан цаг саяхан. Улс орныхоо байр байдлыг арай өөр өнцгөөс тоймлон дүгнэхэд цаг хугацаатай уралдан тэмцэлдсэн эдгээр он жилүүдэд бид урагшилсан уу, ухарсан уу гэдгийг тунгааж үл чадна. 
 
Ижий, аав, эмээ өвөөгийн хэлдгээр "Урьд нь сайхан нийгэм байж дээ" гэдгийг "нялх" би бээр төсөөлөхдөө тэртээх он жилүүд өнөөгийн энэ үеэс хамаагүй дээр байжээ гэсэн сониучхан бодлуудад ээрэгдэх шиг. Уг нь аль цагийн нэгдэл, хоршоонд хуваалцан талцаж, социализм, капитализмыг тахин шүтсэн тэр үеийг бодвол улс орны хөгжил дэвшил, цаашлаад оюун санааны хувьд ч багагүй өөрчлөлт гарсан нь мэдээж.
 
Гэвч өөрчлөлт гэдгийн цаана олны санаа бодол тэс өөр тийш хазайсан байх вий гэхээс айдас төрнө. "Эвтэй байхдаа хүчтэй" гэдэг бидний цөөхөн монголчууд өөрийн улс орноо хөгжүүлье гэж ярихаас урьтаж гадаад руу хил даван нүүр бууруулахыг хүсэгчид ганц нэгээр тогтохгүй болсныг хөгжил гэх үү, хоцрогдол гэх үү. Эдгээр олон асуудал ээлж дараалан сүлэлдэх цаг дор улс орны батлан хамгаалах салбарынхан алс хэтийн зорилгоо яаж тодорхойлж, төр засгийн бодлоготой уялдуулан ирээдүйн хөгжлөө хэрхэн төлөвлөж буйг анзаарах сөхөө Монголын ард олонд даан ч алга даа. Тэр дундаа бодит байдлыг үл ажран өөрийн үүрэгт ажлаа гүйцэлдүүлэхээр бор зүрхээрээ тэмтчин зүтгэж буй цэргийнхний талаар энд дурдахгүй өнгөрч болохгүй. 
 
Сайрхаж байгаадаа ч биш л дээ. Хуучны тогтолцоотой гэж хүмүүст шүүмжлүүлдэг ч үнэндээ энэ салбарынхан иргэн цэргийн харилцаа хамаарал, хөгжлийн бодлоготойгоо дөхөм олон ч ажил, арга хэмжээг цаг үетэйгээ уялдуулан зохион байгуулж, цаашлаад улс орны хөгжлийн нэгэн том гарц байж чадах стратегийн бүтээн байгуулалтад түүчээлэн оролцож, гэнэтийн нөхцөл байдал тулгарахад ард иргэдийнхээ бэлэн байдлыг хангах зорилго бүхий “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн дадлага” сургалтыг Монгол орны дөрвөн зүг найман зовхист зохион байгуулах ажлууд эд өрнөж байна.
 
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт, бараг л үдэш бүр хэлбэлзэн буй инфляцын түвшин энэ салбарынханд хүндээр тусч байна. Цэргийн ангиудын байшин барилга, техник хэрэгслүүд нь жил ирэх тусам хуучирч, алба хаагчдын цалин хангамжаас эхтэй нийгмийн асуудлууд цаг явах тусам л томорсоор байгаа нь үнэн.
 
Гагцхүү албандаа хандах хандлага, цөхрөлтгүй урагшлах тууштай байдал л энэ салбарынхны хөдөлгөх хүч болдог. Тиймээс  өнгөрсөн сараас эхлэн Зэвсэгт хүчний алслагдсан анги, салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах нөхцөл байдалтай танилцаж, тулгарч буй асуудлуудыг цэгцтэй шийдэх зорилготой ажлын хэсэг өмнийн цэнхэр говь нутагт томилогдон ажилласан. Үүний үргэлжлэл болж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямбаар ахлуулсан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Төрлийн цэргийн командлагч нар болон салбарын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Монгол орны баруун бүсэд байрлах Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажиллахаар аяны дөрөө харшуулсан нь энэ.  Энэ удаагийн томилолт Өвөрхайнгай аймгаас эхэлж Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймагт үргэлжиллээ. Тус аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги, салбарууд үндсэн үүргээсээ гадна аймгийн удирдлага, ард иргэдтэй холбоотой олон бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулах, орон нутагт нь гамшиг осол, зуд турхан, үер, цасанд боогдох зэрэг болзошгүй нөхцөл байдал үүссэн үед бусад хүчний байгууллагуудтайгаа тогтмол хамтран ажилладаг гэв.
 
 
Мөн Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээний томоохон асуудал болсон цөлжилтийг багасгахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал үүрэгтэй. Уг хөдөлгөөний хүрээнд тус бүс нутгийн анги, салбарууд орон нутагтаа мод, бут, сөөг тарих, эко, ногоон орчныг бий болгох зэргээр бодит хувь нэмрээ оруулж байгааг аймгийн удирдлагууд сайшааж байлаа.
 
 
Батлан хамгаалахын сайд, салбарын удирдлагуудын дэвшүүлж буй өөр нэгэн алсын хараа бол “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлье” гэх уриалга юм. Салбарын хэмжээнд шат шатандаа эерэг хандлагыг төлөвшүүлэх ажлууд идэвхтэй өрнөж байна. Аливаа зүйлд хандах хандлага нь тухайн хүний мөн чанарыг тодорхойлдог гэдгийг салбарын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн гүнээ ухамсарласан бөгөөд тэр хэрээрээ бие биедээ тусалж, дэмжиж ажилладаг, хамт олны дунд зөв уур амьсгалыг бий болгодог байх нь чухал. Тиймдээ ч Батлан хамгаалахын сайдын хувьд анги, салбаруудад ажиллах үеэрээ нийт алба хаагчид, албан тушаалтнуудын дунд энэ сэдвийн уулзалтыг зохион байгуулахын зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын эрх зүйн шинэчлэл, бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй томхон ажлуудын талаар мэдээлэл өгч, хугацаат албаны дайчдын сэтгэгдлийг түлхүү сонсож, санал бүрийг нь хэлэлцэж тодорхой шийдэлд хүрч ажиллав.  
 
Баруун бүсэд байрлах Зэвсэгт хүчний ангиуд болон радиолокацийн тусгай салбарууд хуучин барилга, байгууламжуудаа сэргээн засварлаж, зарим объектоо дадлага, сургалтын чиглэлээр ашиглах боломжтой болгосноос гадна хугацаат цэргийн алба хаагчдын амьдрах ая тухтай нөхцөлийг хангах үүднээс нэлээд ажлыг гардан зохион байгуулаад буй талаар анги, ротын захирагч нар энэ үеэр илтгэж байсан юм.  Цэргийн ангийн амин сүнс нь хугацаат албаны дайчид байдаг. Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхээр зөвхөн ээж аавын бус эх орны хүү болон төлөвшиж буй арван наймтууд бие бялдар, сэтгэл зүйн хөгжил, цаашлаад хүндлэл, хандлага гэдгийг гагцхүү энэ салбараас л өвлөн авдаг. Тэдгээр жавхаалаг дайчдын нэг бол Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагч Я.Нямбаатар. Тэрээр цэргийн албанд татагдан ирсэн тухайгаа цоо шинэ ертөнцөд дүүлээд ороод ирэх шиг санагдсан гэлээ. Анх айдас, догдлол давхацсан хүндхэн өдрүүд өнгөрч байсан бол одоо харин албандаа аажим аажмаар дасахын хажуугаар хэцүү хүнд бүхэн түр зуурынх байдаг гэдгийг маш сайн ойлгосон хэмээн инээмсэглэл тодруулах нь тэр. “Би эх орны хүү. Тиймдээ ч бид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хувь хүн нэг бүртээ ямар түвшинд хүрч хөгжихөөс улс орны ирээдүй бий болно гэж боддог. Албаа нэр төртэй хаагаад улсдаа нэмэр нөөлөг болж явах нь залуус бидний үүрэг шүү дээ” хэмээн хэлсэн нь орчин цагийн залуу хүнээс гарах хэрсүү бодол байж мэднэ. Нийгмийн зарим хар масс "Z" үеийнхний туйлбаргүй, гомдомтгой, хүндлэлгүй зан чанарыг өлгөж аваад шүүмжлэх нь олонтоо. Гэвч бага залуу гэлтгүй амьдралын үнэ цэнийг эрт ойлгож, өөрийн хандлагаа ухаалгаар тодорхойлж яваа Я.Нямбаатар шиг залуус олон бий гэдгийг зарим шүүмжлэгч тунгааж бодмоор.
 
Салбарын сайдын хэлж, ярьж байгаа шиг алба хаагчид ажилдаа хэрхэн хандаж буйгаас Зэвсэгт хүчний ирээдүйн өнгө төрх тодорхойлогдоно гэдэг туйлын үнэн. Үнэхээр ч хөдөлмөр, зүтгэлээрээ бусдадаа үлгэрлэж, албандаа сэтгэл шингээж ажилладаг хамт олон Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид төлөвшжээ. Тус ангийн Барилга, байгууламжийн тасгийн бие бүрэлдэхүүн өөрсдийн дотоод нөөц боломждоо тулгуурлан төрөл бүрийн бетон үйлдвэрлэлийг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн гэв.
 
Тодруулбал, явган хүний замын, гоёлын болон эко хавтан, хашлага, блок, цэцгийн ваар, арслан зэрэг гоёл чимэглэл, ажлын зориулалтын хувцас, хэрэглэл гээд л үйлдвэрээс л гарах боломжтой зүйлсийг барилга, инженерийн цэргийн ангийн бүтээлч залуус хийж буй. Мөн тэдгээр бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 40-50 хувь хямд борлуулах боломжтой.
 
Эл ажлыг илүү хөгжүүлж чадвал Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн бусад анги төдийгүй гадаад, дотоодын компаниудтай ч хамтарч ажиллах бүрэн боломжтой талаар тус тасгийн дарга ахмад Т.Эрдэнэцогт хэлж байлаа.  Түүний хувьд 10 гаруй жилийн өмнө Барилгын политехникийн коллежийг барилгын инженер мэргэжлээр төгссөнөөсөө хойш тус ангидаа цэргийн гэрээт албанаас ажлын гараагаа эхэлж хожим офицер болон дэвшсэн. Энэ хугацаанд тэрээр Зүүнбаян-Тавантолтой чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтад жил гаруйн хугацаанд оролцохдоо Монгол Улсын Зэвсэгт хүчний залууст өөрсдийн хүч чадал, ур чадвараараа хийж бүтээх боломж нөөц хангалттай байдаг гэдгийг тодоор мэдэрсэн гэв. Тиймээс тус тасгийн хамт олон үүнээс урам зориг авч дотоодын үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн нь хөдөлмөр, бүтээлээрээ түүчээлэх хандлагыг бусдад түгээж чаджээ.
 
 
Баруун бүсийн аймгуудад ажилласан энэхүү томилолтоор анги, салбаруудын үүрэг гүйцэтгэлт, аж байдалтай танилцаж тулгамдаад буй асуудлуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн тухай бүрт нь шийдэв. Энэ хүрээнд барилгын засвар тохижилт, техникийн шинэчлэлийн асуудлуудыг бүрэн шийдсэнээс гадна албан хэрэгцээндээ ашиглах ачааны автомашин, ангийн сургалт, соёл хүмүүжлийн ажилд зориулсан олон үйлдэлт ухаалаг дэлгэц, тусгай салбаруудын бие бүрэлдэхүүний хүүхдүүдэд бэлэг гардуулан өгсөн юм.
 
 
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд “Хот, хөдөөгийн сэргэлт” арга хэмжээ чухал нөлөө үзүүлж буй. Тэгэхээр Монгол орны баруун хязгаарт байрлах барилга, инженерийн чиглэлийн болон бусад анги, салбарууд тухайн бүс нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулах нь тодорхой. Жишээ дурдахад, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын 150 хүүхдийн цэцэрлэгийг Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилгачин дайчид барьж байгуулжээ. Дээрээс нь 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг тус ангийн байрлалд барихаар бүтээн байгуулалтаа эхлүүлсэн нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд бодит хувь нэмэр оруулсан чухал үйл явдал боллоо.
 
Улсын нийслэл Улаанбаатараас баруун бүсийн тулгуур төв гэгдэх Ховд аймаг, цаашлаад Монгол орны хязгаар нутаг болсон Баян-Өлгий аймаг хүртэл 1,400-1,600 гаруй км замыг туулж хүрдэг. Алс хязгаар нутагт байрлах Зэвсэгт хүчний анги, салбарт томилолт өвөртлөн очно гэдэг, тэр тусмаа эмэгтэй цэргийн алба хаагч байна гэдэг хүндхэн даваа байж мэднэ. Харин Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сэтгэл зүйн хангалтын офицер ахмад Г.Оюуны хувьд энэ нь тушаалаар ажиллаж буй цэргийн хүнд нэгэн төрлийн сорилт болдгоос гадна ажлын туршлага хуримтлуулах боломж гэж хардаг гэв. Цэргийн ангид ажиллах цөөн хэдхэн эмэгтэй цэргийн алба хаагчдын нэг тэрээр бүр бага ангид байхаасаа л энэ салбарын нэг эд эс болохыг мөрөөдөж улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулах сан гэх дэврүүхэн бодолтойгоор ҮБХИС-ийг сонгон суралцжээ. Улмаар 2013 онд тус сургуулийг цэргийн сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн ажилтан мэргэжлээр төгсөн Зэвсэгт хүчний 310 дугаар ангиас ажил, амьдралынхаа гарааг эхэлж, 2017 оноос Зэвсэгт хүчний 123 дугаар ангид томилогдоод долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж буй аж.  Цэргийн сэтгэл зүйч байна гэдэг эмч хүнээс ялгаагүй. Алба хаагчдын сэтгэл санааг өргөх, ярилцаж ойлголцох, асуудал бүрт нь зөвлөмж, туслалцаа үзүүлэх зэргээс эхлээд эцэг эх, найз нөхдөөс нь гадна хамгийн дотнын хүн нь байж чаддаг өвөрмөц ажил, мэргэжил.
 
Тэрээр энэ талаар хэлэхдээ "Энэ хорвоо ертөнцийн хамгийн сайхан зүйл бол сэтгэл амар амьдрах шүү дээ. Үүнд л мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг хүмүүс бол бид. Харин улс орны батлан хамгаалах салбар гэдэг байнгын бэлэн байдал, бэлтгэлжилтээс эхлээд бие болон оюун санааны идэвхтэй байдлыг шаарддаг. Тиймдээ ч тэдгээр алба хаагчдын дунд ажиллах цэргийн сэтгэл зүйч хүний үүрэг их” гэв.
 
Ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчдаас гадна хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллана гэдэг мөн л өөрийн гэсэн онцлогтой. Ахлах сургуулийн ширээнээс эр цэргийн алба хаахаар алс холыг зорьсон шинэхэн байлдагч нарт ээж, эгч шиг нь сайн зөвлөгч болохыг хичээж ажилладаг гэдгийг тэрээр хэлж байсан юм. Г.Оюуны хэлдгээр сэтгэл зүйч хүн цаг ямагт суралцаж, өсөж дэвшиж байх хэрэгтэй. Мөн олон талын мэдлэг мэдээлэлтэй хүн ямар ч хүнийг ойлгодог, гарц шийдлийг нь мэддэг болдог гэх энэ хандлага ажил, мэргэжлийнхээ төлөө тууштай тэмүүлэх Зэвсэгт хүчний олон мянган алба хаагчдын илрэл юм.  Харин хязгаар нутагт алба хааж байгаа өөр нэгэн эмэгтэй цэргийн алба хаагч болох Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн Зенит, артиллерийн салааны тоотын захирагч ахлах ахлагч А.Саранзаяагийн хувьд арай өөр ертөнц бий. А.Саранзаяагийн аав, ээж хоёул цэргийн хүмүүс байсан нь түүнийг ч бас энэ салбартай холбох гүүр болсон аж. Түүний дүү ч мөн цэргийн салбарт ажилладаг, А.Саранзаяа ч хожим цэргийн хүнтэй гэр бүл болсон гэхээр энэ салбартай салшгүй холбоотой болж таарна. 
 
Тэрээр анх 2006 оноос эхэлж Зэвсэгт хүчин гэх энэ том айлын гишүүн болж цэргийн ангид энгийн албан тушаалд ажиллаж байгаад хожим ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгссөн гэв. Улмаар 2017 онд түүний гэр бүлийн хүн С.Мөнхсүх Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ажиллагааны ахлагчийн албыг хаших болоход араас нь хүүхдүүдээ дагуулан Баян-Өлгий аймгийн Сагсай суманд суурьшиж эргэлт буцалтгүй тус ангийн нэг хэсэг болоод багагүй хугацааг өнгөрөөжээ.
 
Хааяа ажлаар нийслэл хотыг зорих үе байдаг ч хурдхан шиг л эргээд гэртээ харихсан гэсэн бодол бүчээд авдаг гэхээр энэ л нутгийн уул, уусандаа ээнэгшин дассаных биз ээ.
 
Тэд одоо гурван балчир үрийнхээ эцэг эх. Анх шинэ газар оронд суурьшихтай зэрэгцээд тэдэнд янз бүрийн бэрхшээл тулгарч байсан гэв. Хосууд маань өөрсдөө ангидаа томилогдоод ажил мэргэжлээ асуудалгүй гүйцэлдүүлдэг юм аа гэхэд хажуугаар нь хүүхдүүдийнхээ хичээл сургуульд анхаарах томхон үүрэг бий. Гэтэл хүүхдүүдээ сургах монгол хэлтэй цэцэрлэг олдохгүй, Казак үндэстний цэцэрлэгт өгөх гэхээр хэлийг нь сайн ойлгохгүй асуудлууд эхэндээ төвөгтэй байсан нь мэдээж. Харин одоо бол тэдний хүүхдүүд энэ хэл, соёлд ээж, ааваасаа ч илүү ойрхон болж, өсөж торнисон энэ сумандаа 12 дугаар ангиа заавал төгсөнө гэдгээ хэлдэг аж. Тиймдээ ч С.Мөнхсүхийнх гэдэг айл хэдий алслагдсан нутагт ажиллаж, амьдарч байгаа ч их хотын стрессээс холуур, цэвэр агаар, автомашины түгжрэлээс ангид байгаадаа сэтгэл хангалуун явдаг байна.  Эдгээр алба хаагчдын хэрсүү, хөдөлмөрч, тууштай, хичээнгүй байдал гагцхүү эерэг хандлага гэх том зүйлийн эхлэл болдог бөгөөд салбарын хөгжил рүү тэмүүлэх гарц байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Өнөө цаг үеийг бэрхшээл гэж бодвоос хоромхон зуурын энэ салхийг туучин гарч гэрэлтэй ирээдүйг хамтдаа бүтээх хүчийг бие биеэсээ авцгаая.
 
 
 
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин