Өөгүй тэрсхэн биедээ л баймаар өчүүхэн жижигхэн гартаа чанга гэгч нь атгасан мянгатууд үе үехэн шар шархийн дуугарах нь хүүгийн сэтгэлийг үе үехэн гижигдмээр. Энэ мөнгөөр хүссэн амттанаа авч, хагартлаа их идэхээс өөр бодогдох зүйл нэгээхэн ч үгүй. Ингэхдээ ээжийнхээ хэлснийг бас санаж, гамтай үрэхийг бодох ч хүүхдийн шунал гэдэг угаас төрмөл зан юм хойно яая гэх вэ.
Өд шиг хөнгөн биетэй болоод ч тэр үү морины нуруун дээр биеийн чилээгүй өнжиж билээ, тэр жилийн наадмаар. Хөдөөгийн наадмыг анх ингэж үзсэн дээ. Өвсний соргог, усны тунгалгийг бараадаж хэдэн гэрээрээ зуслан байсны нэг нь манайх. Малчны хотонд ажил дундарна гэж ер үгүй. Мод түлээ, ус дөхүүлэхийн цаана хонь хурга, үхэр тугал гээд малын бэлчээрт өдрийн уртыг барна. Хангай газар болохоор мод ихтэй, үзэж харах байгальтай нь сайхан.
Өглөөхөн ёлтойж байсан нар үдийн хэрд хэвийхэд тэр өдрийн их ажлаас түр өөрийгөө чөлөөлж, мод захалж алхана. Захалж, залхсаар халуу төөнөх нарнаас зугтаж ой руу орж хэсэг сэрүүцэхээ яахин мартах билээ. Энэ ойд 8 дугаар сар гараад л нэрс, үхрийн нүд, хад, чонын элэг зэрэг жимс ургаад, боловсорч гүйцнэ. Зүсэн зүйлийн энэ олон жимсийг түүж ходоодондоо хольж үзнэ үү гэхээс түүж гэртээ аваачна гэвэл хол хэвтэнэ биз ээ. Томчууд хүүхэд, хөгшдийн гарыг хараад сууна гэж юу байх вэ. Тус тусын хоёр бидонтой өглөө, оройгүй түүж явсаар хэдхэн өдрийн ард л жил идэх нөөцөө хураачихсан байдаг сан. Гэхдээ жимс чигээр нь идэхгүй, талаас илүүг нь чанамал болгодог байв. Жимс түүсний ард боодгоор оройн зоог барина. Хэн хүнгүй л тарваганы боодогт нугасгүй. Хөгшчүүл ч манай энэ нүдээ өгөхөөс буцахгүй гэж нэгнээ цаашлуулна.
Боодогны яриа дуусахгүй, бас амттай. Айл саахалтынхан бүгд л нэг дор цуглацгаасанд учир бий. Бусад өдөр бол ийм яриа өрнөхгүй. Хүүхэд том хүний ярианд дурладаггүй юм гээд халгаахгүй. Ахас, ихсийн үг, харцан дор хөдөлж, захирагддаг байсныг ч хэлэх үү гадаалж, тоглохыг илүүд үзнэ.
Гэвч үеийн сахилгагүйчүүд гэрийн хатавч, хаяанд чихээ наачхаад өвдөглөж суухыг нь хараад сониуч зан хөдөлж, босоод ирэхэд хэл амыг нь сугалах шахам тал талаас нь зулгаахыг яана. Маргааш аймгийн төвөөс хүн ирж, нутгийн залуустай чоно үргээж, авлах тухай яриа дуусаад Мижид ахын адуунд зүүн аймгаас ирсэн хурдан буянуудаар бүл нэмж буй нь ил болов. Энийгээ хэлэх гэж бас янцаглаж явсаар голын эрэг бараадахад тойрч суухыг хэлэв. Ингээд олзворлосон тагнуулын мэдээгээ задална. Ан ав гэхээр дороо дэгдэцгээх бол тэдний дундах унаач хүүхдүүд Мижид ахынхаар очихын түүс болох. Тэр жил Мижид ахын уясан морьдоос хоёр нь сумын наадамд айрагдсан. Нэг нь лав цавьдар азарга байсан. Хонины морь шиг номхон ч тулаад ирэх дайсанд арслан бар шиг сүр хүчээ үзүүлдэг байсан гэлцэх. Сүргээ хураах цавьдар азаргыг ихэвчлэн Мижид ахын бага хүү адгуулна. Хүн адгуус хоёр ч зан зангаа ололцдог болох нь тэдний уяанаас л бяцхан ухаанд минь мартагдахааргүй шингэсэн юм.
Хүнээр түшүүлэн байж дааганы нуруун дээр суухаас илүүг үзээгүй надад нэг л зун хөгшин жороо хараа миний мэдэлд бүрэн шилжүүлсэнд би магнай тэнийтэл баярласан сан. Унтаж, идэхээс бусад үед жороо харынхаа нуруун дээр салхи зүсэн давхих нь ёстой л жаргал гээч байж. Өглөөний цайгаа ум хумгүй ёроолдож, хэдэн боорцог өвөртлөөд уяаны зүг алхахад жороо хар “Чи ирэв үү” гэсэн шиг намайг ирэх зүгт толгойгоо сажилж зогсоно.

Өдөр нь морио услангаа цулбуураа атгаж зогсоход “Би боллоо” гэсэн шиг дэргэд ирээд зөөлөн үүрсэх нь хэдийнээ хэн хэндээ дасал болсных биз ээ. Адуу тургилах, том цагаан шүдээрээ нялх ногоо шир, ширхийн зажлах чимээ ойртож, холдож сонсогдох нь аргамжааны захад хэвтсэн надад тун ч аятай. Заримдаа намайг гуниглахад мэдсэн аятай толгойгоо өргөж, хурхирахад тэр бодлыг минь хааш нь ч юм бэ салхи шиг тууж орхино. Хааяа нэг жороо харыг хүн унаад явчихлаа гэвэл, айсуй барааг нь тольдонгоо гадаа гэрийн хаяаг налаад суучихдаг. Тэр үед жороо хараар л дамжиж адууг хайрлах ухаан зүрх, тархинд минь хадагдсан юм.
Нэг өдөр Мижид ах модон тагштай цайгаа оочилж дуусаад над руу сүрхий харав. Тэгээд эрүүгээ ялимгүй өргөснөө “Чи ямар морь унаад байгаагаа мэдэх үү” л гэлээ. Би ч жороо гэж хэлэхээс цаашилсангүй. Гэтэл “Жороо гэдэг чинь тэгээд юу билээ” гэсэн асуултад эргэцүүлж бодохын завгүй уналаа. Мижид ахын хэлснээр нэг алхамдаа зүүн талын урд хойд, нөгөө алхамдаа баруун талын урд хойд хөлөө зэрэг гишгэж сайвраас хурдан явахыг жороо гэдэг юм байх.
Жороо морь дотроо олон янз. Харин хүний сургалт оролдлого үгүйгээр эхээсээ гарсан цагаас жороолж, даага үрээ насандаа ч уг явдлаа алдахгүй сулдаа жороолсоор байдаг байгалийн төрмөл өгөгдөлтэй адуу ховор гэдгийг Мижид ах тэгэхэд л учирлаж билээ. Тэгээд “Гадаа байгаа чинь унаган жороо юм. Хэдийд ч зөөлөн харьцаж, морио хайрлаж яваарай” хэмээн захисанд ямархан чимэгтэй адуугаар хэдэнтээ гоёсноо сая нэг ухаж билээ.
Жороо хартайгаа үзсэн наадмыг би ер мартдаггүй. Гартаа үрчийлгэсэн хэдэн мянгатууд гэж би эхэнд нь дурдав даа. Хот газраас хөдөөд нандигнаж авчирсан цэнхэр өнгийн мөнгөн дэвсгэртүүдийг бараг л өөрөөсөө нуусаар сумын наадамтай золгов оо. Багаасаа мөнгөтэй зөв харьцаж сураасай гэсэндээ хэд хэдэн зүйлийг захисны ард "гамтай үрээрэй" гэж хэлсэн болохоор ийн хав дараад байсан хэрэг.
Бөх, сур, морь гэсээр манай хотны хэдэн айлынхан цацсан шагай шиг тал тал тийш тарцгаажээ. Яагаад ч юм наадам гэхээр тэр өдрийн нар, хур нь тэгширч одоогийн бидний хэлдгээр “захиалсан” юм шиг л тохироо бүр нь бүрдчихсэн байсныг тодхон санадаг юм. Наадамчин олны магнай ч тэнэгэр явахыг үзээд цэнгэлдэхийг зүүнээс нь гороолоод л байв. Хуушуурын асарт дөхвөл тосны үнэр ханхалж, тоос бургилаад олны хөлд дарагдсан нь илт. Ер нь ч тэгээд одоо бодоход хүн дүүрэн, хүнсээр элбэг дэлбэг наадам хамгийн үзүүштэй. Хүний хөл татрах үес мориноосоо буухтай зэрэгцэн атгаастай мөнгөнөөсөө асрын үүд хавиар эргэлдэх хижээл насны махлагдуу ахад сарвайж “Хуушуураас 10-ыг” гээд үгээ дуусгаж амжаагүй байтал над руу эвэртэй туулай үзсэн аятай хараад “Чи ганцаараа ийм олон хуушуур” идэж барах уу гээд маасайтал инээдэг юм. Яалаа гэж, найзуудтайгаа хуваана гэхэд өнөөх ах “Тийм байлгүй дээ. Чамайг чинь чонын ходоодтой юм болов уу” гэж бодлоо шүү дээ гээд инээмсэглэсэн болоод цааш эргэв.
Хуушуурын сургаар хотны найзууд цугларч амаа олохгүй идэцгээнэ. Наадам гэхээсээ илүүтэй ам уралдан хов жив болцгоох нь аанай хоолны дараах хачир гэлтэй. Надад бол аль, аль нь л амттай санагдана. Тэр үеийн наадмын хуушуур одоогийнх шиг нар сар нь гэрэлтдэггүй гурилан дотор махыг нь товойтол чихсэн, амт гэж ванлий. Мах, шөлтэй тэр хуушуур тэрсхэн өссөн бидэнд дараа жил болтол олдохооргүй мэт л санагддаг байсныг нуух юун.
Үнээний сааль, тугалын зэл, хонины хот, адууны хашааны хооронд элэгдэж гандсан, уранхай дээлтэй гүйж явдаг ах, эгч нар танигдахын аргагүй гоёцгооно. Наадам хүртэл эзнээс нь өөр хүний гар хүрч үзээгүй, нүд ороогүй торгон дээлийн өнгөнд бидний нүд хужирлагдахад бие биеэ дээрээс нь доош нэг гүйлгэж харах нь бас томчуултай барьцах аятай. Атга чихэр ч хамаагүй найзуудтайгаа тэнцүүхэн хуваадаг ч жороо харынхаа нуруунд өөрөөсөө өөр хүнийг сундална гэхээр надад хармын сэтгэл эрхгүй төрдөг байж билээ. Тиймдээ ч би ганцаар, бусад нь хоёр, хоёроороо сундалдацгаана. Наадмын гоё сайхан, сонин хачин нь лав энэ хүрээд зогсохгүй. Биднээс салж аав, ээж дээрээ очсон “Бороо” гэдэг хүү тоос манаруулан таваргасаар гүйж ирэх нь тэр. Зурагтаар кинонд гардагтай адилхан хүмүүс явж байна очиж үзье л гэнэ. Хэн юм, ямар хүмүүс гэхэд “Америк” гэж хэлээд биднийг уруу татсаар сурын талбайд очихыг ятгав. Очоод ойроос харвал өндөр хамар, шаргал үс, цэнхэр нүдтэй юм, тэд. Нээрээ л зурагтаар гардаг даа гэж хэзээ ч билээ үзсэн киноныхоо дүрүүдтэй ойр юм гэж бодов. Гэтэл сумын сургуулийн англи хэлний багшийн хоёр хүү жороо харыг харчхаад хэрэгт дурлаж бидэн дээр зочлов. Биднээс хэдэн оймс илүү элээсэн тэр урилгагүй зочид учир байдлыг ажсанаа намайг ятгаж “I like candy” гэх үг зааж өгөөд өнөөх гадаадууд руу зүтгүүлэв. Хэл усны тухайд “нойлын ногоон тэг”-ээс цааш хязгаар давж үзээгүй би өнөөх үгийг нь тангад ном шиг давтсаар очив. Ах нарын хэлсэн ёсоор дуржигнуулчихлаа. Өнөө хэд нь ч уулга алдсанаа магтаж байгаа бололтой эрхий хуруугаа гозолзуулаад үүргэвчээ ухаж эхлэв. Тэгснээ атганд минь багтахааргүй их чихэр өгч, би ч даахынхаа хэрээр авч байгаа болохоор өмдний халаас, гутлын түрий рүү чихэж орхиод талархсан сэтгэлээ харин монголоор илэрхийлээд эргээд нөхдийн зүг жолоогоо эргүүллээ. Бусдын зараалаар явсан би хэлсэн зүйлдээ анх удаа ингэж их ичсэн ч басхүү хэл нэвтрэлцсэндээ битүүхэн баярласан минь энэ. Яах вэ сонин, содон олон янзын чихэр хараад ичих мэдрэмж минь ч надад буугаад өгчихсөн хэрэг.
Ах нар “Англи хэл сайн сурвал, үүнээс илүүг авна шүү” гээд тал чихрийг нь өөрсдөдөө, үлдсэнийг бидэнд тэнцүүхэн хувааж өгөөд гүйлдээд явчхав. Найзууд намайг харснаа “Чи юу гэж хэлээд ийм их чихэртэй ирчхэв” гээд шалгааж эхлэв. Би ч морины нуруун дээр хойш гэдийж “Өөрсдөө сурцгаа” гээд бардамнах аядав. Бидэнд зааж өгөөгүй чи дахиж очоод чихэр аваад ир гэхэд нь харин миний хулхи буусан юм даа.
Хүүхэд учир ядарснаа ч ажрахгүй нааджээ. Нар гудайж, гадаа бүүдийх үед түм түжигнэж, бум бужигнасан наадмын дэнж захаасаа хоосорч эхлэв. Нэг хотны бид ч цугларлаа. Харих замд бид ам хуурайгүй. Хуушуур идсэн, жуулчдыг холгож чихэртэй болсон гээд томчуудын чихийг сортойлгож, инээд хөгжөөн болгох сэдэв тасрахгүй. Хээрийн сэвшээ салхи хацар нүүрийг минь зөөлөн илбэж, тэнгэрт түгэх одод сарны мэлтэлзэх туяанд орчлон гийж, айраг, сархдад халамцсан ах нар ая дуу хүнгэнүүлж эзгүй талыг амь оруулахад жороо харынхаа нуруун дээр дараа жилийн наадам, даанч хол байна гэсэн шиг санаа алдсаар гэрийн зүг хатируулна. Наадмын дараа намар гэгчээр хяруу унаж, хадлан тариалангийн ажил буцлахтай зэрэгцээд сургууль соёл ч наашлахад би гэдэг хүн жороо хартайгаа эргэн уулзахын ерөөл тавиад хөдөөгийн амьдралаас түр хөндийрч, хотоо зорьсон сон. Фургон машин энхэл, донхол замаар тоос татуулсаар их хотын зүг хурд мэдэн давхихад цонхоор харагдах нутгийн уул толгод, цэнхэрлэх уулс нүднээ алсарсаар хоцорно. Дараа жил нь сургууль амарсан даруйд баяр, хөөр болсон амьтан хотныхоо хэдэн айлд чихэр, ундаа богцлоод очсон ч жороо харыгаа хайгаад олсонгүй. Тэсэлгүй асуухад сонссон хариулт минь баярлаж, гуниглах нь ойрхон насандаа яваа надад гол зурах шиг хүнд туссан юм. Хөгшин адуу байсан тул байгалийнхаа жамаар болсон гэж хэлсэн. Санасан сэтгэлээ уудлах гэж ирсэн би жороо хартайгаа үзсэн, зуугийн хуушууртай тэр жилийн наадам анхны бөгөөд сүүлийнх байсныг дэндүү хожимдож мэдсэн дээ.
Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Оркууд амарч зугаалж найр наадам хийх дуртай.
chi ingej l bichej baigaa bol ergeed bainga eeriigee harj bai!!!!chi ch men adil ork suu!!!!!
Төрж өссөн нутагтөй хөдөөгийн хүүхдийн бага нас дэндүү гоё дурсамжтай хотын хүүхэд ч яахав нэг нь нөгөөдөө зодуулж өссөнөөс өөр дурсамж байхгүй
Arai nalgardajdee buyu nurshuu bichjee.
Сонирхолтой, нүдэнд үзэгдтэл бичжээ
Гоё л дурсамж байна
1 төгрөгний хуушуур идэж үзсэн үү? Одоогоос 50 жилийн өмнө ардын хувьсгалын 50 жилийн ойгоор идэж явлаа.
50 мөнгөний хуушуур идэж үзсэн үү