Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Байр зүйн офицер ахлах дэслэгч Ц.Дөлгөөнтэй ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны өмнө Америкийн Нэгдсэн Улсын хуурай замын цэргийн ротын захирагчийн дамжаанд тэнцэн суралцаж байгаад баяр хүргэе. Та манай уншигч олонд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Цогтжаргалын Дөлгөөн гэдэг. Би 1994 оны 8 дугаар сарын 24-нд Төв аймгийн Зуун мод суманд төрсөн. Нийслэлийн Ерөнхий боловсролын Ирээдүй цогцолбор дунд сургуулийг төгссөн. Одоо эхнэр, охины хамт Улаанбаатар хотод амьдардаг.
Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Миний хүүхэд нас Улаанбаатар хотод Толгойтын цэргийн хотхонд өнгөрсөн. Багаасаа олон цэрэг хувцастай ах нар болон аавыгаа харж өссөн болоод ч тэр үү цэргийн хүнд их хайртай, хүүхэд байхаасаа л аавынхаа малгайг өмсөөд цэргийн дарга болж тоглодог байлаа.
Дээд боловсрол хаана эзэмшсэн бэ?
-Би ерөнхий боловсролын сургуулиа 2012 онд төгсөөд ҮБХИС-ийн хуягт тээвэрлэгч механик инженерийн ангид элсэн ороод хоёр дугаар курстээ гадаадын их дээд сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд арлын Япон орныг зорьсон. 2019 онд Японы ҮБХИС-ийг Хуурай замын цэргийн командын офицер мэргэжлээр төгссөн.
Анх Японд сонсогч болж очсон дурсамжаасаа хуваалцаач?
-Хүн амын хөгжил болон эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд зүй ёсоор багтдаг арлын Япон Улс нь суралцах, судлах юм ихтэй ард түмний нэг гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Япон явахаасаа өмнө эх орондоо ҮБХИС-д сурч байсан болохоор цуг явсан хүүхдүүдээс харьцангуй өөр, цэргийн амьдралд ойр байсан. Япон хүмүүс их зарчимч ёсорхуу хүмүүс ахмад настнаа маш их хүндлэн ах л бол ах, нэгээр байна уу хоёроор байна уу хамаагүй. Ялангуяа Японы цэргийн сургууль их чанга, сурлага болон сахилгын асуудал гаргавал шууд л сургуулиас хөөх дүрэм журамтай. Нэгдүгээр дамжаанд байхад бусад орны сонсогч нартай харилцааны зөрчил гаргасан гээд дамжаагаараа гадаа шийтгүүлж байсан минь одоо хэр нь санаанаас гардаггүй юм.
Хүн болгонд өөрийгөө яг олж таньж эхэлдэг хугацаа гэж байдаг. Таны хувьд?
-Намайг бага байхад аав, ээж хоёр минь миний боловсролд маш их анхаардаг байсан. Жишээ нь тухайн үедээ аав, ээж хоёр хамаг мөнгөө шавхаад намайг зуны амралтаар минь англи хэлний дамжаанд сургахаар БНСУ-руу явуулж байсан. Тэр үед төгсөх ангийн сурагч байсан учраас мэргэжлээ сонгох, цаашдын төлөвлөгөөний тухай илүү нухацтай бодож өөртэйгөө маш их ярилцаж өөрийгөө олж эхэлсэн. Мөн тэнд байхдаа хэрхэн бие дааж хүний нутагт суралцаж амьдрах, тэвчээртэй байх, бусдад өөрийгөө зөвөөр ичиж зоволгүй ойлгуулах гэх мэт маш олон чадварыг эзэмшсэн.
Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв?
-2019 онд сургуулиа төгсөж ирээд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид салаан даргаар томилогдож байсан. Хотын унаган хүүхэд алслагдсан анги салбарт томилогдож, мэдэхгүй чадахгүй зүйл маш их байсан
Таныг цэргийн хүн болоход хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?
-Намайг цэргийн мэргэжил сонгож, цэргийн хүн болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол миний аав. Аавтайгаа хамт нэг салбарт хүчин зүтгэж байгаадаа маш их баярладаг.Аавыгаа амжилттай явааг хараад маш их эрч хүч авч би ч бас хэзээ нэгэн өдөр аав шигээ болно гэж үргэлж өөрийгөө хурцалж, зоригжуулдаг. Ялангуяа гадаад улс оронд суралцаж байхдаа эцгийнхээ нэрийг сайнаар дуудуулахыг хүсэж ихэд хичээж явдаг.
Та яг одоо АНУ-д ямар чиглэлээр суралцаж байна вэ?
-Би Америкийн Нэгдсэн Улсын хуурай замын цэргийн ротын захирагчийн дамжаанд суралцахаар ирсэн. Одоогоор дамжааны өмнөх гурван сарын англи хэлний сургалтдаа хамрагдаад явж байна.
Та анх яаж тус сургуульд элсэн орох болсон тухайгаа ярихгүй юу?
-Өнгөрдөг хавар би ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний дамжааг төгссөн. Суралцаж байх хугацаанд багш нар маань их хэлж захидаг байсан. Англи хэлийг маш сайн сурвал АНУ-д боловсрол эзэмшиж суралцах, мэргэжил дээшлүүлэх бүрэн боломжтой гэж. Энэ тал дээр ч манай Батлан хамгаалах яам болон ЗХЖШ-ын удирдлагууд төгс дэмжиж бүх бололцоог олгодог. Сургагч багш нар маань өөрсдөө бүгд Америкт боловсрол эзэмшсэн англи хэлний өндөр мэдлэгтэй. Тус сургуульд элсэн ороход багш нарын нөлөө маш их байсан. Сонгон шалгаруулалтад нийт гурван удаа оролцож, сүүлийнх дээрээ тэнцэж АНУ-ыг зорьсон.
Та англи, япон хэлтэй хүний хувьд гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг зорьж үеийн залуустаа зөвлөгөө өгвөл?
-Энэ асуултад хариулахаас өмнө Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагаас багшлах бүрэлдэхүүн болон суралцаж байгаа алба хаагчдынхаа гадаад хэлний боловсролд онцгой анхаарч ажлын байран дахь сургалтыг зохион байгуулдагт талархлаа илэрхийлье. Үр дүнгээ өгч олон, олон мөрдэс нэгт залуус харь оронд сурч боловсрол эзэмшиж байгаад маш их баяртай байна. Би ч хүмүүст зөвлөгөө өгөх хэмжээний хүн биш, гэхдээ залуу офицер хүний хувьд бодлоо хэлье. Аливаа зүйлд залуу хүн манлайлагч байх ёстой гэж боддог. Гадаад хэлийг сурахын тулд хамгийн гол нь өөрөө өөртөө сурах чинхүү хүсэл, тэмүүллийг бий болгох хэрэгтэй. Түүнчлэн судлан суралцаж байгаа тухайн хэлэндээ өөрөө дурлаж байж амжилтад хүрдэг тухай олонтой уншиж байсан. Нөгөө талаар сурах хэрэгцээ шаардлага, зорилгоос ч шалтгаална. Миний хувьд шинэ зүйл сурах дуртай, гадаад хэлийг сонирхон судалдаг. Та гадаад хэлийг сурахад хэчнээн цаг зав зарцуулна, тэр хэмжээгээрээ л үр дүнгээ өгнө. Гадаад хэл сурахад хэн уйгагүй, шантаршгүй байна, түүнд л үр дүн нь харагддаг. Хэчнээн сайн сургууль, сургалтад сураад өөрөө давтах, мэдлэгээ бататгахад цаг гаргаагүй, хичээгээгүй бол үр дүн, ахиц дэвшил харагддаггүй, сурдаггүй. Гадаад хэлний багш нар маань ч хүн хэчнээн гадаад хэл сурна, тэр хэмжээгээрээ сэтгэлгээ хөгждөг гэсэн. Энэ үгнээс урам зориг авч уйгагүй зүтгэх хөшүүрэг болсон доо.
.jpg)
Та манлайлагч хүн гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Янз бүрээр л тайлбарлаж, ойлгож болох байх. Миний хувьд манлайлагч хүн бусдыг үгээр бус үйлдлээрээ үлгэрлэж, хариуцлагаа хүлээж чаддаг, бусдыг зөвд үргэлж уриалан манлайлж байдаг хүн юм. Мэдээж залуу офицерын хувьд сурч мэдэх зүйл маш их, бүр үлэмж их байгаа учир аль болох гадагшаа олон орныг зорьж туршлага, мэдлэг, дадлага хураахыг боддог. Ямар ч салбарт мэдлэг чадвар, боловсрол, итгэлцэл дээр суурилсан хамтын манлайллаар ажил урагшилдаг.
Өнөө үед мэдлэг чадвараас илүү хандлагыг ажилд ав гэдэг байдал тренд боллоо. Энэ тал дээр та залуу хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Хандлагыг ажилд аваад бусдыг нь аяндаа болгоно гэдэг хүний нөөцийн удирдлагад байж болох олон хувилбаруудын л нэг байх гэж боддог. Гэхдээ ихэнх тохиолдолд нэн ялангуяа төрийн албанд мэдлэг, чадвар нь урьдчилан үнэлэгдэж байж, түүнд тулгуурлаж сонгон шалгаруулж гэмээнэ ажил хариуцуулдаг нийтлэг жишиг үйлчилсээр ирсэн. Мөн төрийн захиргааны алба өөрөө сонгон шалгаруулалт, шатлан дэвших зарчимтай учраас мэдлэг чадваргүй хүнээр ажил хийлгэнэ гэдэг хэт өрөөсгөл юм. Цаашлаад төрийн албанд орох сонгон шалгаруулалтаар тухайн хүний хандлагыг бүрэн тодорхойлох боломжгүй учраас харьцангуй ойлголт. Гэхдээ ажилд орсны дараа гүйцэтгэлийн үнэлгээгээр, удирдах албан тушаалтан болон хамт олны үнэлгээ хандлагыг үнэлж болох талтай. Хандлагаас шалтгаалж ямар ажил хариуцуулах, цаашид шатлан дэвшүүлэх эсэх зэрэг тохирсон шийдвэрийг гаргаж болно л доо. Ямартай ч төрийн албанд мэдлэг чадвар зайлшгүй чухал, мэдээж хандлага ач холбогдолтой болж байна.
Энэ жилийг залуу офицеруудыг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл залуу офицерын хувьд үеийн залуус юун дээр илүү анхаарах ёстой санагддаг вэ?
-Ямарваа нэгэн зүйлд өөрийн гэсэн цаг хугацааг үе гэж бий. Өнөөдрийн залуу офицерууд ирээдүйн хашир цэргийн дарга нар болно. Ирээдүйд бидний нуруун дээр Зэвсэгт хүчнийг удирдах, цаашид чиглүүлэн авч явах чухал хариуцлагатай үүрэг ирнэ.Тэр үед бид бүхий л талаар бэлэн бэлтгэгдсэн байх ёстой гэж боддог. Үүний тулд бидэнд нарт манлайлал, зөв үлгэрлэл хэрэгтэй. Одоогийн XXI зуунд бид зөвхөн өөр хоорондоо өрсөлдөж нэг нэгнийхээ дээр гарах биш хувь хүний хөгжил боловсролдоо илүү анхаарах ёстой санагддаг. Нэгэнт дэлхий ертөнц маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг дор бид ч мөн дагаж хувьсан өөрчлөгдөж байх нь нэн чухал.
Цэрэг хүний хувьд тусгаар тогтнол, эх оронч үзэл гэдэг хэр өргөн ойлголт вэ?
Анх бол сайн ухаж ойлгодоггүй байсан. Нас ахих тусам ойлгож ухаарч эхэлсэн.Цэргийн сургуульд элсэн ороод өргөн хүрээгээр тал бүрээс нь харах болсон. Эх орон тусгаар тогтнолыг бидэнд ямар их үнээр үлдээсэн болохыг ухаарч ойлгосон. Хүн бүрд эх оронч үзэл суртал байх ёстой гэж боддог. Энэхүү эх оронч үзэл суртлыг энгийн ард иргэдэд төлөвшүүлэхэд бид бүхний оролцоо юу юунаас илүү чухал .
Таны бахархал юу вэ?
Миний бахархал бол аав, ээж минь. Төрсөн нутаг усаараа бахархана. Энэ хүртэл явахад миний хажууд үргэлж хамт байсан ханиараа бахархана. Мөн ажил хөдөлмөр дээр мөр зэрэгцэн алба хааж байгаа хамт олноороо бахархана. Хамт олон найз нөхөдгүй бол би хэн юм бэ. Нэг л бие хүн шүү дээ. Хамт олон найз нөхөд байгаа учраас л би гэж хүн гарч ирж байгаа.
Та өрх гэрийн багана болсон ханиа танилцуулаач?
-Миний ханийг Ганболдын Ганчимэг гэдэг. Дархан хотод төрж өссөн сайхан монгол бүсгүй бий. Анх эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж байсан. Хань минь тухайн үед Хөх хотод, би Японд сурдаг их л холоос үерхэн найзалж дотносож байж дээ. Энэ ташрамд, ханьдаа маш их хайртай, бас охин та хоёрыгоо маш их санаж байна гэж хэлмээр байна.
Мөр зэрэгцэн алба хааж байгаа үеийн залуу офицерууддаа хандаж юу хэлмээр байна?
-Би офицер хүн бүр сурган хүмүүжүүлэгч зөв үлгэрлэгч цэргийн дарга байх ёстой гэж боддог. Тийм ч хүмүүжлээр хүмүүжиж офицер болсон.Залуу офицеруудад ямар ч хүнд цаашдынх нь ажил амьдралд хэрэгтэй зүйлийг хэлээд өгчих хэмжээнд боловсорч өөрийгөө ирээдүйдээ бэлтгэж чаддаг байх нь чухал. Мөн хүнтэй ажиллах арга барилд төгс суралцах, хүний итгэлийг олж, сэтгэлийг удирдах, үнэнч шударга, үлгэрлэн манлайлагч байх эрдмийг эзэмшихийг хичээгээрэй. Мөн өөрсдийн салбар бүрт манлайлагч нь байгаарай гэж хэлье.
Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
-За, маш их баярлалаа. Мөн танай редакцын хамт олонд уран бүтээлийн амжилт хүсье.
Ахмад Г.ИТГЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Генерал аавынхаа нэр нөлөөгөөр л явсан баагий байна шүү дээ. Эрийн сайндаа явсан юм шиг худлаа ярих аа боль. Эгэл жирийн хүний хүүхэд бол ингэж чадахгүй.